Шведийн Стокхолм хотноо уламжлалт ёсоор Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг тодруулснаар даваа гарагт /2022.10.03/ эхлэх гэж байна.
Аравдугаар сарын 4-нд физик, 5-нд хими, 6-нд уран зохиолын салбарын Нобелийн шагналтнууд тодрох бол, 7-нд энх тайвны Нобелийн шагналын эзнийг Осло хотноо нэрлэнэ. Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан аравдугаар сарын 10-нд тодорно.
Энэ жил ковид-19-ийн эсрэг вакцин бүтээхэд ашигласан мРНК технологи судлаач Каталин Карико, Дрю Вэйсман /АНУ-ын биохимич/ нар эл нэр хүндтэй шагнал хүртэх магадлал өндөр байна гэж шинжээчид таамаглаж байна. Мөн сүүний булчирхайн хорт хавдрын BRCA1 удамшлын генийг нээсэн АНУ-ын эрдэмтэн Мэри-Клэр Кинг нэр дэвшигчдийн дунд дээгүүрт орж байна. Өнгөрсөн жил физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг АНУ-ын Дэвид Жулиус, Ардем Патапутян нар хүртэж байсан билээ.
1901 оноос хойш анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг 112 удаа хүртээжээ. Шагналыг нийт 224 эрдэмтэн, тэр дундаа 12 эмэгтэй эрдэмтэн авч байжээ. Энэ салбарт Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу эрдэмтэн нь инсулин нээсэн Фредерик Бантинг /32 насандаа хүртсэн/ болсон бол хамгийн өндөр настай нь хорт хавдрын генийн вирус нээсэн Пейтен Роус /87 насандаа хүртсэн/ юм.
Шагнал гардуулах ёслол Нобелийн нас барсан өдөр буюу аравдугаар сарын 10-нд болно. Энэ жил швед кроны ханш унасантай холбоотой 900 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгөн шагнал дагалдана. Өнгөрсөн оны ханшаар шагналын хэмжээ 1.14 сая ам.доллартой тэнцэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )