Энх тайвны Нобелийн шагналтан босогчдын эсрэг цэрэг удирдана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Энх тайвны Нобелийн шагналтан, Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Тиграйг чөлөөлөх ардын фронтын босогчидтой тэмцэж буй цэргийг өөрийн биеэр удирдахын тулд фронт руу явах болсон тухай мэдэгджээ.

“Бид улс орны удирдагчдаас золиос шаардсан үед амьдарч байна. Би өөрийн биеэр Үндэсний батлан хамгаалах хүчнийг удирдах болно” гэж Абий Ахмед мэдэгджээ.

Энэ сарын эхээр Этиопын парламент хүн амаа Тиграйг чөлөөлөх ардын фронтын босогчдоос хамгаалах зорилгоор улс орон даяар онц байдлын дэглэм тогтоожээ. Тус улсын олон зуун мянган энгийн иргэн улс орноо босогчдоос хамгаалах зорилгоор цэргийн албанд элсэж байгаа аж.

Энэ сарын эхээр барууны хэвлэлүүд Этиопын есөн хөдөлгөөн шинэ эвсэл байгуулж, өнөөгийн удирдагчдыг халж, шилжилтийн үеийн засаг захиргааг байгуулахаар зорьж байгаа тухай мэдээлж байсан билээ. Тус эвсэлд Тиграйг чөлөөлөх үндэсний фронт, Оромог чөлөөлөх арми зэрэг хөдөлгөөнүүд нэгджээ. Эвсэл байгуулах тухай хэлэлцээрийг Вашингтон хотноо байгуулсан байна.

Этиопын хойд бүс нутаг 2020 оны арваннэгдугээр сараас эхлэн зэвсэгт мөргөлдөөний цөм болоод байна. Тухайн үед Этиопын эрх баригчид Тиграйг чөлөөлөх үндэсний фронтыг хөрш Эритрей улсын дэмжлэгтэй Тиграйд цэргийн ажиллагаа эхлүүлж, цэргийн баазууд руу дайрсанд буруутгаж байсан юм. 2021 оны хавар Этиопын эрх баригчид Эритрей Тиграй бүсээс цэргээ гаргасан тухай зарлаж байв. Зургаадугаар сард босогчид Тиграй бүсийн засаг захиргааны төв болох Мэкэле хотыг эзэлж, Этиопын Засгийн газар үг дуугүй гал зогсоох тухай зарласан. Хожим нь босогчид дайралтаа эхлүүлж, Тиграй бүсийн ихэнх нутагт хяналт тогтоон, Амхара бүс рүү дайран орсон билээ.

Top