Нобелийн Энх тайвны шагналтнууд Сөүлд уулзана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Нобелийн энх тайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалт ирэх онд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болно гэж Сөүл хотын захирагчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

18 дахь удаа чуулах Нобелийн шагналтнууд Солонгосын хойг болон дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх арга замыг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтад Нобелийн энх тайвны шагнал хүртсэн  30 эрхэм, байгууллага, дэлхийн энх тайвны төлөөх байгууллагын төлөөлөгчид, 600 орчим оюутан, 200 профессор зэрэг нийт нэг мянга орчим зочид оролцох гэнэ.

Тус уулзалтын хүрээнд Нобелийн энх тайвны шагналтнуудын үйл хэргийг сурталчилсан үзэсгэлэн, энх тайвны төлөөх концерт, соёлын арга хэмжээг цэрэггүй бүсэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн, дэлхийн өнцөг булан бүрээс ирэх 600 оюутан, Өмнөд Солонгосын 400 оюутан залуус Нобелийн шагналтнуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалт Солонгосын хойгт энх тайвныг бэхжүүлэх үйл явцыг дэмжих, 2032 оны зуны Олимпын наадмыг хамтран зохион байгуулах Сөүл, Пёньяны санаачилгад олон улсын дэмжлэг авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зохион байгуулагчид итгэж байна.

Нобелийн энх тайвны шагналыг анх 1901 онд гардуулж байжээ. Өнгөрсөн хугацаанд энэхүү нэр хүндтэй шагналыг 100 гаруй хүн болон байгууллага авсан байна.

Нобелийн энх тайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтыг Горбачёв сангийн санаачилгаар 1999-2007 оны хооронд Ром хотноо бараг жил бүр зохион байгуулсан бол үүнээс хойш дэлхийн янз бүрийн хотуудад явуулж ирсэн. Өнгөрсөн онд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулаагүй бөгөөд энэ жилийн арга хэмжээ Мексикийн Мерида хотноо болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top