Нобелийн шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 1896 оны арванхоёрдугаар сарын 10-нд нас барсан Алфред Нобелийн дурсгалыг хүндэтгэх өдөр буюу мягмар гарагт Швед болон Норвегийн нийслэл хотуудад ёслол төгөлдөр болно.
Нобелийн шагнал хүртсэн 14 эрхэм хүндэт диплом, алтан медалийг Шведийн хаан ХVI Густавын гараас авах бол Нобелийн Энх тайвны шагналыг Алфред Нобелийн гэрээслэл ёсоор Норвегийн нийслэл Осло хотноо Нобелийн хорооны дарга гардуулна. Ёслолын ажиллагаанд Норвегийн хааны гэр бүл, Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм. Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед хүртсэн билээ.
Хар тивээс нийт есөн хүн Нобелийн шагнал хүртэж байжээ. Бүгд Нобелийн энх тайвны шагналын эзэд.
Ирвэсний арьсан малгайтай анхдагч
Африк тивээс хамгийн анх Өмнөд Африкийн Үндэсний конгресс намын ерөнхийлөгч Алберт Лутули 1960 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж байжээ. Тэрээр Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан тусгаарлахын эсрэг зөөлөн бодлого явуулсны төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ. Тухайн үед Ослоо хотноо өөрийн биеэр очиж шагналаа гардаж авах эрхгүй байсан бөгөөд нэг жилийн дараа хилээр гарах 10 хоногийн зөвшөөрөл олгосны дараа шагналаа гардаж авч байв.
Шашин хоорондын найрамдал
Өмнөд Африкийн ёс суртахууны луужин хэмээгддэг хамба лам Десмонд Туту хүний эрхийн төлөө тэмцсэний төлөө 1984 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ. Тэрбээр “Бид солонго шиг үндэстэн” хэмээн нэгэнтээ хэлж байв. Тэрбээр Нельсон Мандела, Далай ламын дотнын нөхөр.
Эрх чөлөөтэй Амандла
Арьс өнгөөр ялгаварлан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэгч Нельсон Мандела 27 жил шоронд хоригдсоны эцэст 1990 онд суллагджээ. 1993 онд түүнд Нобелийн энх тайвны шагнал гардуулсан. Манделагийн дарлалын эсрэг тэмцлийн үр дүнд арьс өнгөнөөс үл хамааран бүх иргэд сонгууль өгөх эрхтэй болсон юм.
Энх тайвны төлөө нэгдсэн сөргөлдөгчид
Эр зориг, тэвчээр, шаргуу зан шагналтай. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Фредрик де Клерк Нельсон Манделагийн хамтаар 1993 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ. Тайван хувьсгал амжилттай болсон ч ардчилсан Өмнөд Африкт энх тайван тогтоох үйл явц үргэлжилсэн хэвээр.
Дэлхий дахин энх тайвны төлөө
Кофи Аннаныг энх тайвны элч хэмээн өргөмжилдөг. 2001 онд Ганын дипломат НҮБ-ын хамтаар Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Аннан НҮБ Руанда дахь хоморголон устгах гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч түүний дэлхийд энх тайван тогтоох, илүү зохион байгуулалттай дэлхийн төлөө байгуулсан үйл хэргийг нь үнэлсэн юм.
Мити эх буюу Ээж мод
2004 онд анх удаа хар арьстай эмэгтэй хүн Нобелийн энх тайвны шагнал хүртсэн нь Вангари Маатхай. Кенийн профессор тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, ядуурлыг эсрэг тэмцэлд амьдралаа зориулсан. Байгаль орчны дэд сайдын алба хашиж байхдаа Ногоон бүс хөдөлгөөн өрнүүлснийхээ төлөө “Ээж мод” гэдэг хоч авч байжээ. Тэрбээр шагналаа өөрийнхөөрөө тэмдэглэсэн. Намтартаа тэрээр “Би мод тарьсан” хэмээн бичиж байжээ.
Нэгэн зэрэг алдаршсан гурван эмэгтэй
2011 онд Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон, Либерийн хүний эрхийн төлөө тэмцэгч Лейма Гбови, Йемений сэтгүүлч Таваккул Карман нар Нобелийн энх тайвны шагналыг зэрэг хүртэж байв. Иргэний дайны үед хүчирхийллийг таслан зогсоохын төлөө тэмцсэнийх нь төлөө эдгээр эмэгтэйчүүдийн үйл хэргийн үнэлсэн байна.
Түүнийг доктор Зэрэглээ гэдэг
Конго улсын нэрт мэс засалч, хүний эрхийн төлөө тэмцэгч Дэнис Муквеге хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслахад бүхий л амьдралаа зориулж байна. Олон жилийн турш эмэгтэйчүүдийн эмч хийж буй тэрээр 1999 онд Панци эмнэлэг байгуулж, эмэгтэйчүүдэд бие, сэтгэлийн дэм үзүүлдэг. Тэрээр 2018 онд хүний эрхийн төлөө тэмцэгч Надиа Мурад /Ирак/-ын хамтаар Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан юм.
Залуу хувьсгалч
Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед 2019 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн эрхэм. Тэрбээр хөрш Эритрей улстай олон жил үргэлжилсэн хилийн маргааныг шийдвэрлэсэн. Нобелийн хороо түүний улс орноо хөгжүүлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн юм. Олон үндэстэн ясны гэр болсон Этиопт шинэчлэлийн үйл явц дуусаагүй. Тэрбээр өнөөдөр /2019.12.10/ энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах юм.
Сэтгэгдэл ( 0 )