Яагаад суут эрдэмтдийн ухаан Нобелийн шагнал авсны дараа самуурдаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

Энэ сарын 2-нд Нобелийн долоо хоног эхэлсэн. Хүн төрөлхтөн хүрээлэн буй ертөнцийн талаарх шинжлэх ухааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн нээлт хийсэн агуу эрдэмтэд хэн бэ гэдгийг мэдэж авдаг билээ.

Нобелийн шагнал нь зөвхөн нэг сая орчим ам.долларын мөнгөн шагнал төдийгүй нүсэр их хөдөлмөрийн үр шимийг үнэлэх дээд хэлбэр юм. Шагналын эзэн тухайн үндэстний бахархал, ёс суртахууны нэр хүндийн баталгаа болдог. Зоос бүр хоёр талтай байдгийн нэгэн адил оюун ухааны нэр хүндтэй шагнал бас хоёр талтай.

Олон нийтэд тэр бүр ярьдаггүй ч шинжлэх ухааны хүрээнд Нобелийн шагналыг “эрдэмтдийн алуурчин” гэж нэрлэдэг байна. Мэдээж хэрэг оюун ухааны аваргуудын амь насны асуудал энд яригдаагүй. Эсрэгээр Нобелийн шагналын эзэд мэргэжил нэгт нөхдөөсөө дунджаар хоёр жилээр удаан насалдаг байна.

Суут ухаантнууд Нобелийн өвчин хэмээгддэг аюултай эмгэгт нэрвэгддэг аж. Эл вирусийн хөнгөн хэлбэр нь бүтээмж эрс буурснаар илэрч, улмаар гоц ухаантай эрдэмтэд шинжлэх ухаанд хэрэггүй болж хувирдаг байна. Харин онц хүнд тохиолдолд суут ухаантнууд шинжлэх ухааны эсрэг онолыг сурталчлан, сонин жигтэй утгагүй зүйл дэмийрч, луйварчны дүрд ордог байна.

Эйнштейн ба Наполеоны амбиц

Энэ өвчин агуу их Альберт Энйштейнийг тойрсонгүй. Түүний Нобелийн түүх туйлын сонирхолтой. Эйнштейний нэр 1910 онд Нобелийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад анх оржээ. Түүнээс хойш жил бүр /1911, 1915 оноос бусад/ суут эрдэмтэд нэр дэвшигчдийн эгнээнд байсан ба 1921 онд л Нобелийн шагнал эзнээ олжээ. Ийм удаан хайсны шалтгаан нь энгийн. Германы физикчийн бүтээлийн ач холбогдлыг Нобелийн хорооны гишүүд ойлгох хэмжээнд хүрээгүй байжээ.

Эйнштейнд Нобелийн хэмжээний бүтээл дор хаяж гурав байжээ. Нэг нь  харьцангуйн онолын эхлэлийг тавьсан бол хоёр дахь нь квантын онолыг үндсийг тавьж, гурав дахь нь броуны хөдөлгөөний тухай ойлголтыг тодорхойлжээ. Эцэст нь Эйнштейнийг үл тоомсорлох нь туйлын зохимжгүй болоход түүний фотоэффектийн онолд Нобелийн шагнал хүртээжээ. Энэ нээлт микропроцессор, компьютерын хувьсгал хийхэд хүргэсэн. Хэдийгээр суут эрдэмтдийн энэ бүтээл тийм ч хувьсгалч ач холбогдолтой байгаагүй ч Нобелийн хорооны гишүүд ойлгосон нь тэр.

1921 онд 42 нас хүрсэн Эйнштейн залуу, эрч хүчтэй, санхүүгийн хувь хараат бус болсон байв. Гэвч суут бүтээл хэвлэх машин нь зогссон байна. Алдрын оргилд хүрсний дараа Эйнштейн жижиг сажиг зүйлээр оролдохоо больж, амьдралынхаа сүүлийн 30 гаруй жилийг “бүхний онол”-д зориулжээ. Альберт өөрөө үүнийгээ “талбарын нэгдсэн онол” гэж нэрлэж, гол санаа нь цахилгааныг таталцах хүчтэй “гэрлүүлэх” явдал гэж тайлбарлаж байжээ. Үүнд тэрээр асар их хүч хөдөлмөр зарцуулсан ба амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг эмнэлэгт өнгөрүүлэхдээ нооргуудаа авчрахыг хүсжээ. Агуу их физикч 1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд түүний ноорог цааснууд орны дэргэдэх шүүгээнээс олдсон байна. Тэр амьдралынхаа сүүлчийн жилүүдийг цөхөрсөн байдалтай өнгөрүүлжээ.

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад Альбертад “нэгдсэн онол”-оо зохиох боломж гараагүй нь харагдана. Түүний үед шинэ нэгдсэн хуулийг зохиоход шаардлагатай физикийн ихэнх үзэгдлийг таниагүй байжээ.

Өөрөөр хэлбэл, Нобелийн өвчний гол шинж тэмдгүүдийн нэгийг Наполеоны амбиц гэдэг. Шагналын эзэн зөвхөн агуу сэдвээр оролдох ёстой гэдэгт итгэдэг. Харин энд энгийн дүрэм үйлчилж эхэлнэ. Бурхныг инээлгэхийг хүсвэл төлөвлөгөөнийхөө тухай ярь.

Британийн эрдэмтэд хэнээс үлгэр авдаг вэ

Физикийн салбарын Нобелийн шагналыг 1973 онд Их Британийн эрдэмтэн Брайан Жозефсон 22-хон насандаа хийсэн нээлтийнхээ төлөө авчээ. Түүний өмнө үр бүтээлтэй олон арван жил хүлээж байсан ба залуу суут ухаантнаас гайхалтай шинэ санаанууд төрнө гэсэн хүлээлт байсан нь мэдээж. Харин үүний оронд Жозефсон үлдсэн 40 жилд Британийн шинжлэх ухааныг гутамшигт байдалд байнга оруулдаг болов. Тэрээр бясалгалын санааг сурталчлахаас эхэлж, Кэмбрижийн их сургуульд квант механик, ухамсар хоорондын холбоог судлах хөтөлбөр эхлүүлсэн. Жозефсон Их Британийг телепат буюу алсаас мэдрэх салбарын судалгаагаар тэргүүлэгчдийн эгнээнд байлгахын төлөө хүчин зүтгэлээ харамгүй зориулна гэж мэдэгдэж байжээ. Брайны том шуугиан нь “усны ой санамж”-ийн онол. Энэ үзэл баримтлал нь зугуухан эмчилгээний суурийг тавьсан ба шинжлэх ухаанаар батлагдаагүй анагаах ухааны чиглэл юм. Онолын гол утга санаа нь ус түүнд уусгасан бодисын химийн шинж чанарыг тогтоодог гэдэгт оршдог.

Өөрөөр хэлбэл суут ухаан, хэтрүүлэг хоёр голдуу мөр зэрэгцэн алхдаг. Анхандаа ихэнх суут санаанууд ямар ч утгагүй хэлбэрээр орж ирдэг. Алтыг нь шүүн авахын тулд эрдэмтдэд шүүмжлэх сэтгэлгээгээ улам хөгжүүлэх шаардлагатай байдаг аж. Харин Нобелийн амжилт суут ухаантнуудын өөртөө шүүмжлэлттэй хандах чадварыг мохоодог байна. Өөрийгөө агуу суут гэдэгт итгэж эхлэх үед эрдэмтэн өөрийнхөө хоосон бодлын хавханд ордог байна.

Тэнэглэлийн дэлхийн дээд амжилт

Шагнал гардуулснаас хойш Нобелийн өвчний шинж тэмдэг илрэх хүртэл тодорхой хугацаа өнгөрөх ёстой гэж үздэг. 1973 оны биологийн салбарын Нобелийн шагналын эзэн Нидерландын эрдэмтэн Николаас Тинберген энэ тал дээр дээд амжилтын эзэн болсон. Тэр Нобелийн шагнал гардуулах ажиллагааны үеэр ямар ч утгагүй зүйл ярьж эхэлжээ. Тинберген хүүхдийн аутизмын шалтгаан болгож “хөргөгч эх”-ийн тухай таамаг дэвшүүлэв. Түүний энэ онолын гол санаа нь аутизм нь эхийн хайр, халуун сэтгэл, анхаарал дутагдсанаас үүдэлтэй. Гэвч орчин цагийн судалгаа аутизмын шалтгаан нь генетик болон мэдрэлийн эмгэгтэй холбоотой болохыг харуулжээ. Гэсэн ч энэ нь Тинбергенд эхнэрийнхээ хамтаар ном гарахад саад болсонгүй. Номондоо тэр “тэврэх эмчилгээ”-г сурталчилжээ. Өөрөөр хэлбэл аутизмтай хүүхдийг удаан тэвэрч, нүдээрээ харилцах арга. Гэсэн ч эл харцыг шинжлэх ухаан нотлоогүй.

ХДХВ-г нээсэн хүн ковидыг үгүйсгэв

Люк Монтанье 2008 онд ХДХВ-г нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртэж байв. Гэвч эрдэмтэнд өөрт нь Нобелийн өвчний эсрэг дархлаа байсангүй.

Тэрбээр зарим нөхдийнхөө жимээр явж, тэднээс ч хол алхав. Монтанье өвчин үүсгэгч бактери, вирусийн ДНХ-г агуулсан ус соронзон долгион үүсгэдэг гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийнхөө эрхэлдэг шинжлэх ухааны сэтгүүлдээ энэ онолынхоо талаар нийтлэл гаргасан байна. Үүнийхээ төлөө Нобелийн эсрэг шагналыг /IG Nobel Prize/ 2010 онд буюу Нобелийн шагнал гардсанаас хойш хоёрхон жилийн дараа хүртлээ.

Хожим нь тэрбээр дахин бүтэлгүй санаа гаргав. Хүүхдүүд нэгэн төрлийн бактерийн улмаас аутизмтай болдог гэсэн санааг дэвшүүлж, антибиотикийг эмчилгээнд нэвтрүүлэхийг санал болгожээ. Гэвч энэ санааг шинжлэх ухаанаар батлаагүй байна. Ковидын цар тахлын үеэр ч Монтанье дуугүй суусангүй. Тэрбээр хуйвалдааны онолын талд зогсон, коронавирусийг зохиомлоор гаргаж авсан гэдэгт олныг итгүүлж байв. Вакцин нь мутант вирус бий болгодог ба вакцин хийлгэсэн хүмүүс илүү хүнд өвчилдөг гэсэн санаа дэлхий даяар вакциныг эсэргүүцэгчдийг нэгэн туган дор босгосон юм.

Дээрх эрдэмтэд бол Нобелийн өвчинд нэрвэгдсэн энгийн жишээ. Үнэндээ тэд олуулаа. Тэдний дунд арьс өнгөөр ялгаварлагчид, селекцийн аргаар хүний үүлдрийг сайжруулах санааг дэмжигчид, зурхайг хэт бишрэгчид ч таарна. Тэр бүү хэл хорт хавдрыг асар их тун С аминдэмээр эмчлэхийг санал болгосон эрдэмтэн ч бий. ПГУ буюу PCR-ийг бүтээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн Кэри Маллис харь гарагийнхантай уулзаж байсан. Тэд түүнд гэрэлт илбэнхийн дүрээр үзэгдсэн гэнэ. Шинжлэх ухаан нотолгоо шаарддаг.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одсайхан(59.153.113.138) 2023 оны 10 сарын 08

Гэтэл ургамал амьтай гэдгийг баталсан. Ургамал амьтай бол түүнийг тэтгэгч ус амьтай гэдэг нь мэдээж. ( яг л мал, амьтад, төмс ногоо өөрсдийн амиараа биднийг тэтгэдэг шиг). Үүнээс үзэхэд ус амьтөй л юм чинь, аливаа зүйлд хариу урвал \n үзүүлэх.. ... гэх мэт наад захын үйлдэлтэй байх нь мэдээж. Эцэст нь хэлэхэд өөрийнхөө ойлгож чадахгүй зүйлийг үгүйсгэх нь тэнэгүүдийн зан чанар.\n

0  |  0
Одсайхан(59.153.113.138) 2023 оны 10 сарын 08

Эйнштейн харьцангуйн ерөнхий ба тусгай онолуудаа танилцуулхад түүнийг солиотой хүн гэж үзсэн тэнэгүүд маш олон байсан гэдэг. Дарвин Хувьслын онолоо танилцуулах тохиромжтой цагийг 10 жил хүлээжээ. Гэвч түүнийг шоолж доромжлох тэнэгүүд байж л байсан гэнэ лээ. Эртний Христийн номлогчид олон суут хүмүүсийг шатааж алаагүйсэн бол өнөөгийн хүн төрөлхтний технологийн хөгжил хэдэн зуунаар түрүүлж явах байсан. Өөрсдийнхөө биеийг бүрэн судалж чадаагүй байж бясалгал ... ... гэх мэтийг үгүйсгэх нь тэнэглэл , Эртний суут хүмүүс Ус , ургамал. тэр ч байтугай чулууг хүртэл амьтай гэж үздэг байж. Гэ

0  |  0
Zochin(202.126.88.112) 2023 оны 10 сарын 08

Teneg yum bichsen baina. Mongolchuud bol suut buteel xiideg, oyunii ix xudulmuriin iim suut xymyysiig xezee ch oilgoxgui. Iimees iim teneg yum bichjee. Iimees ch xulgaich, luivarchin, avilgach, aluurchid, erxtnii naimaa, doping gesen yumaa xeviin yum gej uzdeg bololtoi. Zarim ni barag baxarsdag baix. Yamartaa ch buteelch xymyysiig oilgoxgui ni todorxoi.

1  |  0
зочин(139.5.217.100) 2023 оны 10 сарын 08

Сонин л юм. Хүн төрөлхтөн өөрсдийнхөө ойлгоогүй зүйлийг солиорол гэдэг.

1  |  1
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 10 сарын 06

Суут солиот...

0  |  1
Top