Өнгөрсөн ням гаригт болсон Формула 1-ийн Испанийн Гран-Пригийн үеэр Дэлхийн дөрвөн удаагийн аварга “Ред Булл”-ын нисэгч Макс Ферстаппен “Мерседес”-ийн Жорж Расселийн машиныг санаатайгаар шүргэснийхээ төлөө 10 секундээр торгуулж, 10 дугаар байр руу ухарсанаас гадна мөн торгуулийн оноо алдлаа.
Үүний дараагаар “Мерседес”-ийн тэргүүн Тото Вольфф Италийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Энэ бол Ром юмуу Неаполийн улайрсан таксины жолоочийн гаргадаг үйлдэл байлаа” хэмээн хэлсэн байна. Итали сэтгүүлч эх орныхоо нэрийг өмгөөлөхийн тулд “Италид ч замын хөдөлгөөний нөхцөл байдал эрс сайжирсан шүү дээ” гэхэд Вольфф “Ром, Неаполийн зам дээр ямар ч дүрэмгүй, бөөн түрэмгийлэл, уур бухимдал байдаг шүү дээ” хэмээн нэмж хэлжээ.
Неаполийн таксины жолоочид Вольффын энэ үгэнд гомдоогүй бололтой. Харин Ром хотын таксины жолоочид ихэд эгдүүцжээ. Ромд цахилгаан дугуй, гольфын машин унасан хүмүүс замын хөдөлгөөнийг маш эрсдэлтэй болгож буйд таксины жолоочид бухимдалтай байдаг юм.
Ром хотын такси үйлчилгээний байгууллагын ерөнхийлөгч Лорено Биттаррелли “Вольфф багийнхаа ажил, амжилтад илүү анхаарвал дээргүй юу” гэсэн бол Filt-Cgil-ийн Таксичдын зөвлөлийн төлөөлөгч Никола Ди Жакоббэ “Бид 30 км/цагийн хурдтай явдаг учир “Мерседес”-ийн төмөр хүлгүүдтэй зүйрлэгдэж байхгүй юу” хэмээн ёжилсон байна. Гэхдээ хотын зам их түгжрэлтэй, зөрчил байнга гардгийг Жакоббэ хүлээн зөвшөөрчээ.
Тэгвэл таксины жолооч 40 настай Роберто мэргэжил нэгтнүүдээ өмөөрчээ. “Энэ хотын нөхцөлд хамгийн сайн машин барьдаг нь бид шүү. Бид ихэнх жолоочдоос илүү тэвчээртэй, туршлагатай хүмүүс. Сүүлийн хэдэн жил хотын хөдөлгөөн улам хэцүү болсон. Одоо хоёр километр газар явахад 30 минут зарцуулж байна” хэмээн өгүүлжээ.
Мөн өөр нэгэн таксины жолооч Алессандро “Бид осол аваар хийвэл бүтэн өдрийн ажлаа алдах тул маш болгоомжтой явдаг. Формула 1-ийнхэн бид нар шиг барилгын талбайгаар скүтэр, гольфын машинуудын учрыг олоод яваад үз л дээ. Ромын зам гэдэг Формула 1-ийн дардан зам биш ширэнгэн ой шүү” хэмээн мэдэгдсэн байна.
Ромын жолооч нарын эгдүүцлээс Формула 1-ийн нисэгчид энэ талаар юу ярьсан руу шилжиж үргэлжлүүлье.
Ферстаппений бухимдлыг өөрийн биеэр мэдэрсэн Жорж Расселл “Би бусад залуусын адил их гайхсан. Өмнө нь видео тоглоом дээр л ийм үйлдэл харж байлаа. Гэхдээ эцсийн дүндээ бид 4-т, харин тэр 10-т орлоо. Тархи толгойд нь юу орж ирснийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан санаатай үйлдэл шиг санагдсан болохоор би их гайхсан. Ферстаппенд шийтгэл ногдуулах эсэхийг би шийдэхгүй. Ер нь энэ талаар бодмоор ч үгүй байна. Надад өөрийн гэсэн асуудлууд байна” гэжээ.
Ральф Шумахер болсон явдлын талаар “Ферстаппен гутамшигтай юм аа. Дэлхийн дөрвөн удаагийн аварга хүн байж ингэх гэж. Яахаараа тэгдэг байна аа. Сэтгэл санаа нь базаахгүй байсан байж болох ч гэлээ арай ингэж болохгүй ээ. Хүссэнээр нь болохгүй болохоор уурласан биз” гэж хэлсэн байна. Харин 1996 оны Дэлхийн аварга Дэймон Хилл “Тэнэг үйлдэл гэмээр байна” хэмээн товчхон дүгнэжээ.
Ферстаппен болсон явдлыг тайлбарлахдаа “Манай багийн дугуйны сонголтоос болж хүссэнээрээ уралдаж чадахгүй байгаадаа бухимдаж, тийм үйлдэл хийэн. Тэр үйлдэл байж болшгүй, буруу зүйл байсан” хэмээн хэлжээ.
Гэхдээ л санаатай нэгнээ мөргөсөн шүргэсэн, бухимдлаа барьж дийлээгүйнх нь төлөө илүү хүнд шийтгэл ногдуулах ёстой гэх яриа гарсаар байна.
Формула 1-ийн энэ улирлын эхний 9 гарааны дараагаар тэргүүлэгчдийг танилцуулья.
Хувийн дүн:
Багийн дүн:
Сэтгэгдэл ( 0 )