Ролан-Гаррос | Оросуудын давхар цохилт

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шилдэг тамирчдын гэмтэл, том одуудын форм муу байдлаас шалтгаалан талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн спорт сонирхогчдын таавраас зөрлөө. Тэмцээн эхлэхэд 100-аас доош байрт бичигдэж байсан Польш теннисч эмэгтэйчүүдийн финалд шалгарч Оросын өсөх ирээдүй Мирра Андреева 19 насандаа түрүүллээ. Эрэгтэйчүүдийн финалд дөрвөн том тэмцээнд финалдсан ч азгүйтсэн Александер Зверевийн од нь гүйж түрүүлэв. Александер Зверев бол орос гаралтай герман теннисч юм. Тэрээр Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны герман теннисч болсон билээ.

Мирра Андреевагийн гайхалтай түрүү

Оросын өсөх ирээдүй гэгдэж буй Мирра Андреева тэмцээн эхлэхэд дэлхийн чансааны наймд эрэмбэтэй байв. Олон мэргэжилтнүүд түүнийг амжилттай оролцоно гэж таамаглаж байсан ч түрүүлэх тааварт оруулаагүй юм. Шигшээд шалгарсан түүний замнал үнэндээ саадгүй байсан. Хамгийн том өрсөлдөгч нь хагас шигшээд Украины Костюк л байлаа. Улмаар шигшээ тоглолтод энэ тэмцээний гол сенсаци Майа Чвалинскаг 6-3, 6-2 харьцаагаар ялж, Францын нээлттэй тэмцээнд түрүүлэв. Ингэснээр тэрээр 21 дүгээр зуунд Францын нээлттэй тэмцээнд 19 насандаа түрүүлсэн анхны эмэгтэй теннисч боллоо. Францын нээлттэй тэмцээнд 1992 онд Моника Селес 19 насандаа түрүүлснээс хойш 2026 оныг хүртэл ийм залуудаа түрүүлж байгаагүй.

“Намайг энд хүргэсэн багийнхандаа, дасгалжуулагчдаа, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Юун түрүүнд бас өөртөө баярлалаа гэж хэлмээр байна. Бэлтгэлээ хүнд гэж гололгүй энд хүрсэнд, олон өдөр шаргаа хөдөлмөрлөсөн өөртөө баярлалаа гэж хэлье” гэж Мирра Андреева ярьсан юм.

Аман хүзүүдсэн Майа Чвалинска дэлхийн чансааны 113 дугаар байраас энэ амжилтаараа шууд 21 дүгээрт эрэмбэлэгдэх болсон юм. Энэ бол 21 дүгээр зуунд байгаагүй түүхэн үсрэлт байсныг дурдах нь зүйтэй.


А.Зверев эцэст нь түрүүллээ

Америкийн нээлттэй тэмцээн, Австралийн нээлттэй тэмцээнд финалдсан ч спортын үнэнд гүйцэгдэн аваргын цомоос атгаад алдаж байсан Александер Зверевийн од нь энэ жил гүйлээ. Тэмцээн эхлэхэд түүний түрүүлэх магадлал 10-аас доош хувьтай байсан. Учир нь Янник Синнер гэж “мундаг амьтан” байлаа шүү дээ. Алдарт Карлос Алкараз бугуйндаа гэмтэл авч энэ улирлын бүх тэмцээнд оролцохгүй болсон нь Янник Синнерт том боломж авчирсан. Гэхдээ тэрээр энэ боломжоо ашиглаж чадаагүй. Янник Синнер тэмцээний хоёрдугаар шатанд Аргентиний Черрундолод таван сетед хожигдсоноор Александер Зверевийн замыг зассан.

Саша Зверев ихэвчлэн гурван сетед өрсөлдөгчөө ялсан ч дөрвөн сет тоглосон хоёр тохиолдол байсан юм. Ялангуяа хагас шигшээд Чехийн Якуб Меншиктэй дөрвөн сетед хүнд өрсөлдсөний эцэст финалд шалгарсан. Финалын тоглолт бол Францын нээлттэй тэмцээний 21 дүгээр зууны түүхэнд бичигдэхүйц өрсөлдөөнтэй байсныг дурдах нь зүйтэй. Нийт таван сет тоглосон. Хэдийгээ эхний сетийг торох юмгүй авсан ч хоёр дахь сетийг алдаж, улмаар ширүүн өрсөлдсөний эцэст ялалт байгуулсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top