НҮБ-ын Ерөнхий ассамблей “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг баталжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” (“World Horse Day”) тогтоолыг манай төлөөлөгчид хэлэлцүүлэн батлуулав.

Адуу нь эрт дээр үеэс хүн төрөлхтний аж амьдрал, соёл иргэншилд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн амьтан билээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга эдэлгээний морь байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм.

Адууг уналга, ачлага, морин спорт, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу бүр ч чухал үүрэгтэй.

Харин сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой, хэрэглээ буурч, үүлдэр угсаа, адууны аж ахуйд анхаарал хандуулах нь багасаж байгаа юм.

Иймд эрд дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон ард түмнээ төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, адууны ач холбогдлыг нь олон нийтэд сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан юм.

Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл Австри, Бахрайн, Бразил, БНСУ, БНХАУ, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, ХБНГУ, Тайланд, Турк, Япон, Төв Азийн таван улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ.

Энэ тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэх болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.59) 2025 оны 06 сарын 04

Хаха, тэгээд бид чинь одоо адууны өдрөөр морь уралдуулаад л, хүүхэд, адуу тамлаад байх хэрэг үү, өдрөө буруу сонгочихсон юм биш үү, кк

0  |  0
зочин(66.181.186.250) 2025 оны 06 сарын 04

За ашгүй дээ. Монгол морьд маань жил бүрийн 7-р сарын 11 - нд нуруу нь бүтэн өдөр амарч гялайх байх аа. 7-р сарын 11, 12 - ны өдрүүдэд Тусгаар төртэй болсон гээд төрийн дарга нар ажил хийхгүй амарч зугаацдаг, 3-р сарын 18-нд цэргийн дарга нар архидаж зугаацдаг зэргийг жишиглэн улс даяараа адуутай төдийгүй чөдрийн ганцтай айл бүр 7-р сарын 11-нд морьдоо сул тавьж, унагатай гүүгээ билчээж хүүхэд хөгшид, эр, эмгүй гар газар, хөл хөсөр хүн, мал бүгд баясах нь. Адуугаа эдэлж хэрэглэвэл Ерөнхийлөгчдөө бангадуулах нь гарцаагүй байх шүү.

0  |  0
Close menu