Над руу гурван удаа муухай харсан буюу аваргуудын яриа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

Төв цэнгэлдэхийн дэргэд өчигдөр домогт дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалын хөшөөг босголоо. Энэ ёслолд Монгол бөхийн дархан аварга, улсын аваргуудаас өгсүүлээд олон бөх очиж, хүндэтгэл үзүүллээ.

Та бүхэндээ өчигдрийн ёслолын үеэр дархан аварга болон улсын аварга цолтой зарим бөхчүүд юу ярьсныг тоймлон хүргэж байна.

Хөшөөний нээлтэд бөхчүүдээ төлөөлж дархан аварга Б.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ “Монгол түмний бахархалт хүү, их бөх, Монгол улсын дархан аварга, Монгол улсын олимпын амжилтуудын анхдагч Ж.Мөнхбат аваргын маань дурсгалт хөшөөний нээлт болж буйд баяртай байна. Ж.Мөнхбат аваргын амжилтыг бид мэднэ. Таван сайхан хүүхдийг төрүүлж өсгөсөн аав. Халамжит хань. Таван хүүхдийн бага нь манай Хакүхо М.Даваажаргал бол арлын Япон орны бөхийн түүхэн дэх хамгийн оргил дээд амжилтын эзэн болсон. Өнөөдөр бахархалтай сайхан байна. Төв стадион нээгдснээс хойш 60 гаруй жил болсон байлгүй. Би энд 20 гаруй жил гарсан хүн. Сэтгэл их хөдөлж байна. Төв стадионыг тойроод олон байшин сүндэрлээд би сүүлийн үед үүгээр явж чадахаа больсон. Харин өнөөдөр дурсгалын хөшөөний нээлтэд ирээд олон сайхан дурсамж санагдаж байна.

Бид анх гадаадад тэмцээнд явахдаа ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар Ж.Мөнхбат аваргыг харж байлаа. Тухайн үедээ аварга Биеийн тамирын хорооны хангамжийн хэлтсийн ажил хариуцаж байсан юм билээ. Улсын ажлаар явж байсан хэрэг.
 


Монгол бөх гэдэг бол үзүүлсэн амжилт, авсан алдар цолноос илүү бөхийн ариун ёс жудгийг хадгалж явах нь хамгийн эрхэм гэж би бодож явдаг. Үүнийг л насаараа баримтлах санаатай хичээж яваа олон бөхийн нэг л бий байгаа юм.Ж.Мөнхбат аварга намайг хүүхэд байхад Эрдэнээ гэж дууддаг байсан. Дараа нь намайг Эрдэнэ аварга гэж хэлдэг ганц л хүн бол Ж.Мөнхбат аварга байлаа. Намайг дэмжиж, түүхэн дээд амжилт тогтоогоорой гэж итгэж байсан хүмүүсийн нэг нь Ж.Мөнхбат гуай байсан. Тэр амжилт руу их ойртсон үе юм шиг байгаа юм. Наадам дөхөөд ирэхээр би өөрөө мэдэхгүй хэрнээ их ааштай болчихдог гэж байгаа юм. Муухай ааштай болдог хэрэг. Энэ стадионы урд саравчинд ганцаараа суучихсан байж байтал Ж.Мөнхбат гуай ороод ирлээ. Би ч Ж.Мөнхбат гуай руу харахгүй, Ж.Мөнхбат гуай ч над руу харахгүй, урагшаа хараад хэсэг сууж байснаа “Миний дүүгийн хоёр багаж сайн юм чинь дээ. Цаад муусайнуудаа саваад л дуусга” гэж хэлчихээд гараад явсан нь санаанаас гардаггүй юм” хэмээн өгүүллээ.

Тэгвэл Төв аймгаас төрөн гарсан хоёр дархан аваргын нэг А.Сүхбат “Алдарт аваргын хөшөөг Тэв цэнгэлдэхийн дэргэд сүндэрлүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг гэж бодож байна. Ж.Мөнхбат аварга бид хоёрын хувьд бол намайг барилдаж эхэлж байхад баруун зүүний манлай Мөнхбат, Баянмөнх гээд хоёр том аварга байсан. Нэг нь бол миний төрөлх нутаг, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат аугаа аварга. Дэлхий, олимпын хос медальтан. Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, мундаг хүн байсан.
 


Би булган сүүлтэй дархан аварга гэж хайрлаж хүндэлж явдаг юм. Төв аймгаас хоёр дархан аварга төрсөн байдаг. Дараагийн дархан аварга нь би. Ж.Мөнхбат аварга надад яаж нөлөөлж байсан бэ гэхээр улсын наадамд үзүүр түрүүнд үлдэхэд хүрээд ирдэг. “Сайн барилдаарай, хичээгээрэй” гэж нэг үг хэлж байгаагүй хэрнээ “Чамд дахиад ийм боломж олдохгүй шүү” гэж хэлчихээд муухай харчихаад яваад өгдөг. Гурван удаа тэгж муухай харсан. Гурвууланд нь би түрүүлсэн. Тухайн үед би “Яагаад надад ийм ааш гаргаад байдаг юм бол доо?” гэж боддог байлаа. Гэтэл намайг хариуцлагатай байх, сэтгэл санаагаа төвлөрүүлэх гээд бүх зүйлийг надад өгч байсан байдаг юм. Одоо бол би бодохдоо яг хариуцлагатай үед үнэтэй зөвлөгөө өгч байж дээ гэж боддог” хэмээн өгүүлсэн юм.

Түүнээс ирэх жилийн наадмын өнгө ямар байх талаар нэгэн сэтгүүлч асуухад “Хэн бэлтгэл сайн хийсэн бэ, хэн дархан мэх олныг сурсан бэ гэдэг л шийднэ. Тэрнээс тэр өдрийн аз од таарна гэдэгт найдаж болохгүй. Өрсөлдөгчийн судалгаа, биеийн эрүүл мэндийн байдал гээд олон юм нөлөөлнө” хэмээн хариулсан. Яриа наадмын зүлгийн талаарх сэдэв рүү шилжихэд А.Сүхбат “Наадмын зүлгийн асуудлын талаар бодлоо хэлэхдээ “Аливаа нэг бараа бүтээгдэхүүн сайн, дунд, муу гэсэн гурван хэмжээсэнд яваад байгаа юм. Манайхан мууг нь авчирч тавиад байвал хальтарч унаад л байна. Сайныг нь тавьсан бол гайгүй байлгүй дээ. Манайхан өөрсдө дээр нь гарч, барилдаж шалгах хэрэгтэй. Халуун нартай өдөр хийсэл зүлэгнээс үнэр үнэртээд байна, хоолой боох гээд байна, хальтарч унаад байна, бороо орвол тэсэхийн арга алга гэсэн зүйл хүмүүс яриад байгаа юм. Гэхдээ манай бөхчүүд хиймэл зүлэг дээр нэлээн барилдаад сурчихлаа шүү дээ. П.Бүрэнтөгс аварга гэхэд гутлынхаа ногтыг сураар биш резинээр хийвэл хальтрахгүй байлаа гэсэн юм ярьсан. Үүнийг бөхчүүд туршаад үзээрэй гэж хэлье. Байгалийн зүлэг дээр барилдахад монгол гутал мэдэрдэг. Дээгүүрээ харж барилдаж байгаа боловч хөлийг мэдэрнэ шүү дээ. Гэхдээ байгалийн зүлгээр байх нь бас асуудалтай. Усалгааг нь тааруулахгүй бол бас л хальтарна. “Өвс нь халираагүй газар наад хүүхдээ аваад ир” гээд ахмад бөхчүүд хэлдэг байлаа шүү дээ. Тэгж л газраа сонгож л барилдана шүү дээ. Намайг болчихсон газар очиж барилдахгүй гээд сонголт хийнэ. Услахгүй бол шороо тоос босоод хэцүү байна. Аль алийг нь амьдрал шалгаад өгнө л дөө. Хиймэл зүлэг бол сайныг нь авчихвал гайгүй юм билээ. Би урагшаа явахдаа үзсэн юм. Сайн хиймэл зүлэг дээр бол монгол гутал харин ч бүр зууралдаж өгөөд зүгээр юм билээ” хэмээн ярьсан.  

Ж.Мөнхбат аваргаар улсын цолны босгыг анхлан алхаж, цаашдын замналын зам мөрөө нээлгэсэн хүн бол дархан аварга Г.Өсөхбаяр. Тэрбээр дурсан ярихдаа “Би 1995 онд Ж.Мөнхбат багшийнхаа шавь болж, наадмын дэвжээнд гарч, улсын цолтой болж, бөхийн сайхан гараагаа эхэлж байсан. Надад бөхийн эрдэм ухааныг заахаас гадна бөх хүний баримталж явах ёс жудагч, нандин зүйлсийг зааж сургаж, амьдралын их ухааныг хэлж ойлгуулж байсан домогт аварга. Анхны наадмын бэлтгэл сургуулилтад бид Сонгинын амралтад гарч байлаа. Наадмын өмнөхөн өөрөө жижигхэн бэртэлтэй байхад “Энэ жил чи начин болно. Тэгээд 6, 7-гийн даваанд Д.Сумъяабазар, Б.Гантогтох хоёртой тунаж барилдана шүү. Тэр хоёртой яаж барилдахаа бодоод хэвтээд бай”  гэсэн. Тэр үед ч би “Тэр том даваанд очно гээд байдаг нь ямар учиртай юм бол? Багш нэг юм хэлээд байна” гээд хэрхэн барилдах арга эвээ бодоод, бэлтгэл сургуулилтаа хангаж байлаа. Яг багшийн хэлснээр би үеийнхээ хоёр хүчтэнтэй тааран барилдаж, том цол хүртэж байлаа.Миний бөхийн зам мөрийг, анхны улсын цолыг нээж өгсөн ачтай хүн. Энэ домог аваргынхаа алтан сайхан сургаалийг сонсож явсандаа талархаж явдаг” гэжээ.

Тэгвэл дархан аварга Н.Батсуурь “Шинийн наймны билэгт сайн өдөр энэ сайхан хөшөө сүндэрлэж байгаад баяртай байна. Би багаасаа Ж.Мөнхбат аваргыг дэргэдээс нь харж өссөн. Сайхан хүн байсан. Яг өөрийнхөөрөө, шударга хүн” хэмээн өгүүлсэн юм.

Улсын аварга С.Мөнхбат “Өнөөдөр их сайхан байна. Нэр нэгтийн чих нэг гэж, энэ хүн шиг бөх болоосой гэж аав минь надад нэрийг нь хайрлаж байсан. Энэ аугаа том бөхийн нэрийг авч, улсын аварга цол хүртсэндээ баяртай явдаг. Монгол бөхийн торгон ногоон дэвжээний дэргэд анх удаа аугаа аваргын сайхан хөшөө босож байна. Ж.Мөнхбат аварга бол бөхийн хувьд мундаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ бас эр хүний хувьд мундаг хүн байсан юм болов уу гэж бодож явдаг. Хоёр Мөнхгүйгээр Монгол бөхийг төсөөлөхийн аргагүй. Цагаан цайлган, шударга сайхан зан нь өнөө ч бөхчүүдийн дунд яригддаг аварга” хэмээн хүндэтгэн өгүүлжээ.


Улсын их баяр наадамд 10 даван түрүүлж, аварга цол хүртсэн Ч.Санжаадамба  “Ж.Мөнхбат аваргын хөшөөний нээлт сайхан боллоо. Энэ сайхан хөшөөг сэтгэл зүрх гаргаж хийсэн гэр бүл, үр хүүхдэд нь талархлаа илэрхийлье. Үнэхээр сайхан болсон байна. Хөшөөг урласан Ж.Түмэнчулуун дүүдээ баярлалаа гэж хэлье” гэхэд залгуулаад энэ жилийн наадамд барилдах эсэхийг нь асуухад “Би ч барилдахаа болиод 5-6 жил болж байна даа. Одоо ч бараг л худлаа байхдаа гэж бодож байна. Харин Монгол бөхийн ёс жудгаа дээдэлдсэн бөхчүүдээс түрүүлэх байх л гэж бодож байгаа” гэжээ. Наадмын зүлгийн талаар асуухад “Би анхнаасаа л хиймэл зүлгийг эсэргүүцэж байсан. Өнгөрсөн жил зүлэг солиод олон сайхан залуу бэртэж гэмтсэн. Бөхийн зүлэг ногоон дэвжээг бөх мэддэг хүн янзлах хэрэгтэй. Дээд даваанд барилдахын тулд 10 жил тууштай хөдөлмөрлөдөг. Тэр олон жилийн хөдөлмөрийг нь нэг бөх мэдэхгүй хүн гялгар уут дэвсээд үгүй хийж байгаа бол хайран л санагдаж байна. Бөхийн Холбоо маань бөхчүүдийн төлөө ярьж хэлээсэй л гэж бодож байна” хэмээн ярьсан юм.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.54) 2025 оны 06 сарын 07

Бүрэнтөгс аварга яасан юм бол?\n\n

1  |  0
Kkk(141.156.49.71) 2025 оны 06 сарын 06

Stadionii derged darkhan avrga uudad zoriulsan hushuu bosdog baih heregtei, Bayanmunkhiin hushuug Uvsaas avchirj hajuud ni bairluulah heregtei. Baterdene, Sukhbat, Usuhbayar nariin hushuunii suuriig beldeed tavih heregtei odoonoos

0  |  0
Зочин(202.9.40.44) 2025 оны 06 сарын 05

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

2  |  2
Ард(174.209.197.239) 2025 оны 06 сарын 06

Хамгийн хүн муутай Ба, Өсөхөө 2 их л хүн чанар яриад байх нь дургүй хүргэчихлээ. Хөшаа бол саааак

1  |  4
Ард(174.209.197.239) 2025 оны 06 сарын 10

Хамгийн хүн муутай Ба, Өсөхөө 2 их л хүн чанар яриад байх нь дургүй хүргэчихлээ. Хөшаа бол саааак

4  |  3
Зочин(66.181.191.59) 2025 оны 06 сарын 05

Байгалийн зүлэгний арчилгаа хэцүү, манай цэнгэлдэхийн арын албаны хэд байтугай дэлхийн том клубуудын арын албаныхан ч сандарч л байх, хиймэл зүлэг зардал чирэгдэл багатай, гол нь манай нөхцөлд тохирох зөв, чанартайг нь сонгож хэрэглэх ш дээ, тэгээд бас эдгээр зүлэг нь үндсэн зориулалтаараа бөхөд биш хөлбөмбөгт зориулагдсан байдгийг бодолцмоор

3  |  1
Батбаяр(66.181.186.241) 2025 оны 06 сарын 05

Яасан Мөнхбат очоод амьдарчихаж уу Үзэх юмтай дурсах юмтай байя л даа. Тэгж ярих юм бол талбайнх нь бетоныг би миксертэй зөөсийн, цэнгэлдэхийг миксертэй тойрсын тэгээд намайг шалгуулаарай замын цагдаагаас@Батболд

4  |  2
г(202.179.25.231) 2025 оны 06 сарын 05

хиймэл зүлэг гэдэг чинь наранд халахаараа муухай үнэртдэг гэдэг үнэн шүү. Хаягдал хогоор хийдэг, хор ялгаруулдаг синтетик материал.

4  |  0
г(202.179.25.231) 2025 оны 06 сарын 05

хиймэл зүлэг гэдэг чинь наранд халахаараа муухай үнэртдэг гэдэг үнэн шүү. Хаягдал хогоор хийдэг, хор ялгаруулдаг синтетик материал.

3  |  0
Батболд(203.23.199.2) 2025 оны 06 сарын 11

Хөшөө ч яахав байдаг л зүйл Газрын зөвшөөрлийг хэрхэн авсан бэ

2  |  10
Close menu