Б.Орхонбаяр – Б.Бат-Өлзий Улсын наадмын түрүү булаалдахаар шалгарлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэ жилийн Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хэн нь түрүүлэх вэ? гэсэн сүүлчийн асуултын хариултыг өгөхөөр улсын арслан Баярсайханы Орхонбаяр, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нар үзүүр түрүүнд гарах гэж байна.

Есийн даваанд дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийг амлаад, тахимаа тайлаад өгсөн.

Харин тунасан улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл хоёр бие биенээ цэнэн,  маш хий зайгүй барилдсан ч төгсгөл дээр Сэлэнгэ нутгийн хүчтэн илүү хүчтэй, илүү шийдэмгий байж, давхар шуудагны барьцнаас түр хөөгөөд давсан юм.

Б.Орхонбаярын хувьд өмнө нь улсын наадамд хоёр удаа үзүүрлэсэн. Нэг удаад нь ес давж, нөгөөд нь найм давж үзүүрлэсэн байгаа. Тэгвэл энэ удаад мөн дахиад ес давчихаад байна.

Харин улсын заан Б.Бат-Өлзийгийн хувьд 2021 оны барилдааныг эс тооцвол Улсын их баяр наадмын түрүү үзүүрт анх гарах гэж байна. Ийнхүү бяртай, хүчтэй хоёр хүчтэн хоёр талаас засуулуудаа ханаруулан, наадамчин олны сэтгэлийг баясган гарах гэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top