Залуу даян аваргатай, заяаны арслан цолтонтой дүүрэн сайхан наадам боллоо

Г.Билгүүн | Zindaa.mn
53 минутын өмнө

Мянган бөхийн манлай Даян аварга цол хүртэж, мянга мянган өдрийн хөдөлмөр улсын арслан цолд хүргэв.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монголын тал нутгийн аралтай бяртай, аргатай мэхтэй хүчит 1024 эр цуглаж, Төв цэнгэлдэхийн зүлгэн дээр, түмний харцан дээр гурав хоног уран мэхээ уралдууллаа.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул, Монголдоо төдийгүй Дэлхийд танигдсан Баярсайханы Орхонбаяр онцгойрон ялгарч улсын их баяр наадамдаа ааглуу түрүүллээ.

Өмнө нь улсын наадамд нэг удаа ес, нэг удаа найм давж үзүүрлэсэн болохоор арав даван түрүүлэхэд нь Баяр наадмын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Даян аварга цол олголоо.

Үзүүрлэсэн Баавгай заан Б.Бат-Өлзийд мөн цагаан дээр хараар бичиж баталгаажуулсан хуулийн дагуу Улсын арслан цолыг хэлбийх яриагүйгээр хүндэтгэлтэйгээр олголоо.

Үүнд  төв цэнгэлдэхэд түмэн олон ч баясан цэнгэж, түрүүлж үзүүрлэсэн хүчтэнүүд хүссэн цолоо хүртлээ.

Есийн даваанд дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийг амлан авч, барилдалгүйгээр тахимаа өгсөн нь олон жилийн хөдөлмөр, хөлсийг нь үнэлсэн, эв нэгдэл ханхлуулж, эр хүний сэтгэл, бөх хүний ухаан заасан алхам байлаа.

Есийн даваанд Б.Орхонбаяр энэ жил онцгой бяртай байсан улсын заан М.Лхагвагэрэлийг давхар шуудагнаас татаж дайрч хөөгөөд давсан юм.

Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай М.Лхагвагэрэл найм давсан амжилтаараа Улсын гарьд цол хүртлээ.

Мөн улсын заан цолыг улсын шударга начин Л.Энхсаруул, Хэнтийн том гартай, ухаалаг барилдаантай Д.Алтанцоож, энэ жил сум, аймагтаа гаралгүй байсаар наадмаар гэнэт өөрийгөө задалж, задарсан 22-хон настай Б.Сундуйжав нар хүртэв.

Дундговь нутгийнхаа зон олны хайрыг тээж, олон жил сайн барилдаж буй Э.Даш улсын харцага цолоо баталж, чимэг нэмсэн бол хариу мэх сайтай Булганы хүү Б.Түвшинтөгс, Цагаан сараар шуугиулаад амжсан Э.Мөнхжаргал, улсын цолд олон жил яригдсан Ө.Батсуурь нар улсын харцага цол хүртэв.

Мөн Дундговийн 23 настай Н.Амгаланбаатараас өгсүүлээд Баянхонгорын 37-той Г.Жамбалдорж хүртэл 14 сайхан залуу хүчтэн Улсын начин цолны эзэн боллоо.

Тэд бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,

Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр,

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай,

Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн хурц арслан Г.Төрмөнх,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн арслан Э.Баасанжав,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, аймгийн арслан Х.Наранбаяр,

Завхан аймгийн Идэр сумын уугуул, аймгийн арслан А.Нармандах,

Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн арслан Н.Намнансүрэн,

Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ,

Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн арслан Б.Шаравдорж,

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, цэргийн арслан Г.Жамбалдорж,

Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, аймгийн арслан Ж.Жавхлан,

Архангай аймгийн Хотонт сумын уугуул, цэргийн заан Б.Гончигсүрэн нар юм.

Өөр олон сайхан залуус энэ удаад хүссэндээ хүрээгүй ч бөхийн дэвжээ үнэнчээр зүтгэсэн тамирчны хөдөлмөр, хөлсийг хэзээ нэгэн цагт үнэлдэг бичигдээгүй хуультай билээ.

Ийнхүү шинэ залуу хүчтэний эр зоригоор гангарч, жил жилийн хөдөлмөрийн үр шимээр тэтгэгдэж, цол бүр бүлээ нэмсэн онцгой сайхан наадам болж өнгөрлөө.

Эрүүл явбал улсын наадам үзнэ ээ. Ирэх жилийн наадмаар эргэн золгоё!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top