Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрвөн бөх шалгаран үлдээд байна. 1024 хүчтэн зодоглосон энэхүү барилдааны наймын давааны төгсгөлд ноднин жилийн наадмын түрүү бөх, залуу арслан Э.Батмагнайг улсын заан Б.Бат-Өлзий цаг гаруй барилдсаны эцэст давж, одоогоор улсын гарьд цолны болзол хангаад байна.
Есийн даваанд дархан аварга Н.Батсуурь гурван бөхөөс ам авах болно. Эдгээр нь улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Бат-Өлзий болон улсын заан М.Лхагвагэрэл нар юм.
Н.Батсуурь аварга наймын даваанд Увс нутгийнхаа бөх, улсын заан цолны болзол хангасан Л.Энхсаруулыг амлаад, гармагцаа бариа зөрөөн дээр давсан. Улсын арслан Б.Орхонбаяр энэ жилийн наадмын гол нээлт болж, улсын заан цолны босго давсан Б.Сундуйжавыг хөнтөрч суйлж дайраад мөн удаалгүй давсан.
Наймын даваанд тунасан улсын заан М.Лхагвагэрэл аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоожийг давж, шөвгийн дөрөвт үлдсэн юм.
.jpg)
Харин Э.Батмагнай - Б.Бат-Өлзий нарын барилдаан удаж, хоёр бөх олон удаа тэгш барьцаар ээлжлэн барилдсаар эцэстээ залуу арслан тэвчээр алдав уу, аль эсвэл түрүүлж цуцав уу давуулж барихад нь Ховдын Баавгай сэжиж өргөөд тэнцвэр алдуулаад хөл дээрээ буухад нь хавсарч цохиод дуулиантайхан давлаа.
Хурдан түргэн барилдаантай залуу арслан Э.Батмагнайг энэ жилийн наадмаар ээрч удаах төдийгүй давж чадах бөх нь заан Б.Бат-Өлзий байжээ. Өнгөрсөн жилийн наадмаар унасан даагаа нэхэхийн зэрэгцээ мөн Өндөр Гэгээний ойд давж яваад унасан сургамжаа бодож, давлаа.

Наадамчин түмэн ч гэсэн олон жилийн турш үргэлж дээшээ барилдаж, үнэн хүчийг үздэг Баавгай зааныг давсанд баярлан, дэмжин хүлээн авч байна.

Сэтгэгдэл ( 0 )