5-р сарын 25-нд Монгол, Оросын «Халхын гол. Бидний алдар нэр улам их-2025» эрлийн экспедицийн нэгдүгээр шатны ажил өндөрлөв. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков экспедицийн орос оролцогчдыг хүлээн авч, хийсэн ажлын үр дүнгийн талаарх тайланг сонслоо.
ОХУ-ын талаас экспедицийн дарга, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутны эрэл хайгуулын багийн ахлагч, “Цаг хугацаа болон үе хоорондын холбоо” сангийн дэд тэргүүн А.Б.Орлов болон тус сангийн дарга И.И.Симкина нар хэлэхдээ, 7 хоногийн идэвхтэй хайгуулын явцад 48 цэргийн цогцос олдсоны дотор Улаан армийн 36, Монголын 5 болон Японы 7 (тэдний шарилыг Японы талд хүлээлгэн өгсөн) цэргийн цогцос олдсон ба цаашдаа Монгол, Зөвлөлтийн цэргүүд хэн болохыг тэднээс олдсон бичиг баримт, ДНХ-ийн шинжилгээний хариуг үндэслэн тогтоох ажил хийгдэнэ гэлээ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ивээл дор явагдсан энэ жилийн экспедиц нь оролцогчдын тоогоор дээд амжилт тогтоосон бөгөөд ОХУ-ын талаас 15 мужийн 30 мэргэжилтэн, харин Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй экспедицийн бүрэлдэхүүнд 130 гаруй хүн багтсан байна.
Ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсын Батлан хамгаалах яам маш их үүрэг гүйцэтгэсэн ба хайгуулын экспедицийн аюулгүй байдлыг хангах үүднээс дэлбэрээгүй сум илрүүлж, устгах инженер-сапёрын бүлгийг томилсон байна. Яамнаас мөн өдрийн гурван хоолтой, хүний шаардлагад нийцсэн бүх талын тохижилттой хээрийн бааз байгуулжээ. Эрлийн ажилд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 70 сонсогч ихээхэн хувь нэмэр оруулсан.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шүүх эмнэлгийн шинжээчдийг томилсон ба тэд ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран амиа алдсан цэргүүдийн хэн болохыг тогтоох цуврал судалгаа хийсэн байна. Харин Хил хамгаалах ерөнхий газрын эрэлчид хил орчмын бүсэд эрэл хайгуулын ажлыг зохион байгуулжээ.
БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж, Халхын гол дээр амь насаа алдсан Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалыг мөнхжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон Монголын төр засгийн бүх байгууллагуудад ОХУ-ын ЭСЯ-наас гүн талархал илэрхийллээ.
Эрлийн экспедицийн 2-р үе шат энэ оны 8-9-р сард зохион байгуулагдах болно.
Сэтгэгдэл ( 1 )
ХӨӨРХИЙ ДӨӨ БИДНИЙ ТӨЛӨӨ ХАЛУУН АМИА ХАЙРЛААГҮЙ