Английн “Тоттенхэм” 32 настай ахлагч Сон Хён Минийг энэ зундаа багтаан Саудын Арабын клубт зарах магадлал бий гэнэ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм байна.
Нэгд, Соны гэрээ дуусахад жилийн хугацаа үлдсэн. Хоёрт, нас харьцангуй ахисан. Гуравт, сүүлийн улиралд тавхайны гэмтлийн улмаас цөөн тоглолтод оролцсон. Дөрөвт, “Тоттенхэм” Аваргуудын лигийн эрх авсан учир багийн бүрэлдэхүүнээ илүү чангаруулахын тулд шинэ тоглогч авах хэрэгтэй байгаа. Үүнд их мөнгө хэрэгтэй болно.
Сон бол Азид маш олон сая фанаттай. Европ тивд ч фанатууд олонтой. Сүүлийн 20 жилийн “Тоттенхэм”-ийн түүхэн дэх хамгийн алдартай, амжилттай тоглогч ч гэж хэлж болно.
2023 оны наймдугаар сард Харри Кейн Германыг зорьсноос хойш багийнхаа ахлагч болсон. Европа лигийн финалын өмнө формдоо бүрэн ороогүй байсан тул “Манчестер Юнайтед”-ыг хожсон тоглолтын хоёрдугаар үед сэлгээгээр гарсан. Харин улирлын сүүлчийн “Брайтон”-д хожигдсон тоглолтод оролцоогүй. Мөн л тавхайны гэмтлийн зовиур нь бүрэн арилаагүй байгаа юм билээ.
Яг одоогоор бол ДАШТ-ий Азийн урьдчилсан хэсэгт Ирак болон Кувэйттэй хийх хоёр тоглолтод оролцохоор шигшээдээ очоод байна.
Харин дасгалжуулагч Анже Постекоглугийн хувь заяаг одоогоор Даниел Леви бүрэн шийдээгүй байна. Леви саяхан өөрийн туслах Донн Калленийг халсан. 2006 оноос хойш клубын Удирдах зөвлөлд багтаж байсан хамтрагчаа халснаас гадна мөн санхүүгийн албаны дарга Мэтью Коллекоттыг ч халж магадгүй гэх мэдээ түгжээ.
“Тоттенхэм” 1984 оноос хойш хүртээгүй Европын цомыг гардаж, фанатуудаа баярлуулахын зэрэгцээ Аваргуудын лигийн эрх авчихсан. Европа лигийн аваргын жагсаал хийснийхээ дараагаар Постекоглу өөрөө бол урьтаж шийдвэр гаргахгүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, Европт гэр бүлийнхээ хамт амрахын зэрэгцээ клубын удирдлагын шийдвэрийг хүлээж байгаа.
“Энэ улирлыг дүгнэхдээ би гайхамшигтай амжилттай л гэнэ. 17 жил цомоо өргөөгүй байсан өргөлөө. Мөн Аваргуудын лигийн эрх авлаа. Манай клубын хэнбугайгаас ч та улирлын өмнө цомтой бас Аваргуудын лигийн эрхтэй дуусгана гэвэл хүлээн зөвшөөрөх үү? гэж асуусан бол татгалзах хүн гарахгүй л байсан байх” хэмээн Постекоглу өгүүлээ.
Ийнхүү “Тоттенхэм” ахлагчаа мөн ахлах дасгалжуулагчаа солих эсэхийг ойрын өдрүүд харуулах болно.
Сэтгэгдэл ( 2 )
Дасгалжуулагчаа бол үлдээх байх оо, угаас өөр олигтой хүн олдох ч үгүй, Сон-ыг бол явуулах нь зөв, одоо энэний хэрэг ч байхгүй, харин авах газар олоход л хэцүү дээ, арабууд баян ч тэнэг биш, карьер нь дуусч байгаа тоглогчид их мөнгө үрэх нь юу л бол
17-р байр ккк