Никола Тесла нь серб гаралтай Америкийн зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан эрдэмтэн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзон орны салбарт хувьсгал хийсэн олон бүтээл, нээлт хийж, алдрын оргилд хүрч байв. 2003 онд Илон Маск хэсэг авьяаслаг инженерүүдийн хамт үүсгэн байгуулсан цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх стартап компаниа энэхүү агуу эрдэмтний нэрээр “Tesla” хэмээн нэрлэсэн. Орчин үеийн цахилгаан автомашинд ашиглагдаж буй Теслагийн зохиосон хөдөлгүүрийн схем өнөө хэр оньсого хэвээр. Гэхдээ энэ нь түүний бүтээл, амьдралтай холбоотой цорын ганц нууц биш юм. 1899 онд “Immortality” сэтгүүлд зориулан сурвалжлагч Жон Смиттэй хийсэн сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Сэтгүүлч: Ноён Тесла, та сансрын үйл явцад оролцож байсан хүн гэсэн нэр алдрыг хүртсэн. Та хэн бэ, ноён Тесла?
Тесла: Энэ бол зөв асуулт байна. Би танд зөв хариулт өгөхийг хичээе.
ХХ болон ХХI зуун Никола Теслагийн толгойд төрсөн хэмээн ирээдүй судлаачид ярьдаг. Тэд соронзон орныг эсрэг чиглэлд тогтоож, цахилгаан хөдөлгүүрийг магтан дуулж байна. Түүний зохион бүтээгчийг “дэлхийн гүнээс тороор гэрэл барьсан анчин”, “тэнгэрээс гал шүүрсэн дайчин” гэдэг. Аж үйлдвэрлэлийн салбар түүнийг гэгээнтэн хэмээн өргөмжлөх болно. Никола Теслагийн лабораторид анх удаа атомыг хуваасан. Газрын чичирхийлэл үүсдэг зэвсэг бүтээсэн. Сансрын хар туяаг нээсэн. Ирээдүйн сүмд түүний төлөө залбирах болно. Учир нь тэр хүмүүст агуу их нууцыг нээсэн. Эмпедоклын элементүүдийг эфирийн амьдралын хүчээр услан, тэтгэж болохыг тэр заасан.
Тесла: Тиймээ. Энэ бол миний хамгийн чухал нээлтүүдийн зарим нь. Би ялагдсан хүн. Би томоохон зорилгодоо хүрч чадаагүй л байна.
Ямар зорилго?
Тесла: Би бүх дэлхийг гэрэлтүүлэхийг хүссэн. Хоёр дахь нарыг бүтээхэд хангалттай цахилгаан бий.
Хүн төрөлхтөн агуу болон сайн зүйлст бэлэн бус байна. Миний лаборатори байрладаг Колорадо Спрингсийн газар цахилгаанаар нэвчсэн. Түүнээс гадна бид эерэг сэтгэцийн энерги зэрэг бусад энергийг ашиглаж болно. Эдгээр нь Бах эсвэл Моцартын хөгжим болон агуу их яруу найрагчдын шүлэгт бий. Дэлхийн гүнд баяр баясгалан, энх тайван, хайрын энерги бий. Эдгээр нь газраас ургадаг цэцэг, түүнээс бидний авдаг хоол, хүний эх орныг бүтээдэг бүхнээр илэрдэг. Энэ энерги хүмүүст хэрхэн нөлөөлдгийг би олон жил судалж байна. Сарнайн үзэсгэлэн гоо, анхилуун үнэрийг эм болгож, нарны туяаг хоол болгон ашиглах боломжтой. Амьдрал хязгааргүй олон хэлбэртэй. Үүнийг материйн бүхий л хэлбэрт олох нь эрдэмтдийн үүрэг. Үүнд гурван зүйл маш чухал. Миний хийж буй бүх зүйл бол эрэл хайгуул. Би үүнийг олохгүй гэдгийг мэдэж байгаа ч эрлээс хэзээ ч буцахгүй.
Ямар гурван зүйл?
Тесла: Нэгдүгээрт хоол. Дэлхий дээрх өлсгөлөн хүмүүсийг хооллохын тулд оддын болон оддын бус энерги бий юу? Хүн бол бурхан гэдгийг ойлгуулахын тулд хүмүүсийн цангааг ямар дарсаар тайлах вэ?
Хоёрдугаарт, хүний амьдрал өрнөдөг хорон муу санаа, шаналлын хүчийг устгах явдал. Заримдаа эдгээр нь сансрын гүнд тахал мэт үүсдэг. Энэ зуунд өвчин дэлхийгээс сансар огторгуйд тархсан. Гуравдугаарт, орчлон ертөнцөд илүүдэл гэрэл бий юу? Би одон орны болон математикийн хуулиар алга болж магадгүй одыг илрүүлсэн. Энэ од манай галактикт бий. Түүний гэрэл алимаас жижиг бөмбөрцөгт багтах ч манай нарны аймгаас хүнд тийм нягтралтай. Хүн Христ, Будда, Зороастер болох боломжтой гэж шашин болон гүн ухаантнууд номлодог. Миний нотлох гэж хичээж байгаа зүйл бол хувьсгал авчрах ч бараг боломжгүй зүйл. Энэ бол хүн бүр Христ, Будда, Зороастер болж төрөх боломжийг нээсэн тэр зүйлийг орчлон ертөнцөд хийх учиртай. Таталцал нисэхэд саад болдгийг би мэднэ. Би нисдэг онгоц эсвэл пуужин зэрэг бүтээхийг зорьдоггүй. Харин бус хүн бүр далавчтай гэдгийг ойлгуулахыг хичээж байна. Би агаар дахь энергийг сэрээхийг мөн зорьж байна. Энергийн гол эх үүсвэрүүд гэж бий. Хоосон орон зай гэж үздэг зүйл бол сэрээгүй материйн илрэл юм. Энэ гараг дээр ч тэр орчлон ертөнцөд ч тэр хоосон орон зай гэж байдаггүй. Одон орон судлаачдын ярьдаг хар нүх нь энерги, амьдралын хамгийн хүчтэй эх үүсвэр юм.
Та гэрлэж байсан уу? Таныг эмэгтэй хүнд хайртай болж байсан тухай хэн ч мэддэггүй. Таны залуу байхдаа царайлаг байсан нь гэрэл зураг гэрчилдэг.
Тесла: Үгүй. Гэрлэж байгаагүй. Хоёр тал бий. Эсвэл хүчтэй хайр эсвэл огт үгүй. Би ганцаардлыг сонгосон.
Шүтэн бишрэгчид тань таныг харьцангуйн онолыг үгүйсгэдэг хэмээн гомдоллох нь бий. Матери энергигүй гэсэн таны үзэл бас хачирхалтай. Бүх зүйл энергиэр нэвчсэн байдаг. Хаана байдаг вэ?
Тесла: Эхлээд энерги, дараа нь матери үүссэн. Матери нь бидний гэрэл хэмээн мэддэг анхдагч бөгөөд мөнхийн энергиэс үүссэн. Гэрэл гэрэлтэж, од, гараг, хүн, манай гараг болон орчлон ертөнц дэх бүх зүйл бий болсон. Матери нь гэрлийн хязгааргүй олон хэлбэрийн илрэл. Учир нь энерги материас анхдагч.
Та төсөөллийн хүчний талаар байнга ярьдаг?
Тесла: Би бүтээсэн бүхнийхээ төлөө төсөөлөлд талархал илэрхийлэх учиртай. Миний амьдралд гарсан үйл явдал, миний зохион бүтээсэн болгон бодит, миний нүдэнд үзэгддэг. Залуу байхдаа төсөөллийг юу гэдгийг нь мэддэггүй байсан тул айдаг байсан Би төсөөллөө хөгжүүлж, харамлан хамгаалдаг байсан. Би төсөөллөөр математикийн хүнд тэгшитгэлийг боддог. Төсөөллөөр би ихэнх бүтээлээ улам хөгжүүлсэн. Энэ авьяасынхаа ачаар Төвөдөд ламын өндөр хэргэм зэрэг авах байх. Миний хараа, сонсгол төгс. Бусдынхаас ч илүү гэж хэлэхэд хилсдэхгүй. Би 150 км зайд тэнгэр дуугарахыг сонсдог. Бусдын харж чаддаггүй өнгөнүүдийг би тэнгэрт олж хардаг. Хүүхэд байхдаа л тийм байсан. Хожим нь ухамсартайгаар хөгжүүлсэн.
Ярилцлагын эхэнд тавьсан асуулт. Таны хувьд цахилгаан гэж юу вэ?
Тесла: Бүх юм цахилгаан. Эхлээд цайвар, хязгааргүй эх үүсвэр байсан. Түүнээс материал тодорч, бүхий л хэлбэрт тархдаг. Энэ бол орчлон ертөнц, дэлхий. Хар бол гэрлийн жинхэнэ нүүр царай. Гагцхүү бид түүнийг хардаггүй.
Ноён Тесла, та цахилгаан дээр хэтэрхий их тулгуурлах юм?
Тесла: Би бол хүний хэлбэртэй цахилгаан. Та бас цахилгаан. Гэхдээ үүнийгээ ойлгохгүй л байна.
Зочид буудлын үйлчлэгчид аянга цахихад та өрөөндөө өөрийгөө тусгаарлаж, өөрөө өөртэйгөө ярьдаг гэх юм?
Тесла: Би аянга, цахилгаантай ярилцдаг.
Ямар хэлээр?
Тесла: Голдуу эх хэлээрээ. Миний эх хэлэнд тохирох үг, авиа бий.
Төсөөлөл таны хувьд амьдралаас илүү бодит уу?
Тесла: Төсөөлөл амьдралыг төрүүлдэг. Би сэтгэл хөдлөл, мөрөөдөл, мэдрэмжээ хянаж сурсан. Би бүх амьдралаа оргилуун сэтгэлээр өнгөрүүлж байна. Энэ бол миний аз жаргалын эх үүсвэр. Энэ нь таван удаа амьдрах шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэхэд минь тусалсан. Шөнө ажиллахад хамгийн сайхан. Оддын гэрэлд холбоо үүсдэг.
Сансрын өвчин гэж юу вэ?
Тесла: Ихэнх хүмүүсийн мэддэггүй өвчин. Улмаар хүмүүс бусад өвчин, шаналал, хорон санаа, ядуурал, дайн болон хүний амьдралыг утгагүй, аймшигтай болгож буй тэр бүх зүйлийн тухай мэддэггүй. Энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй. Гэхдээ ухамсар үүнийг илүү аюулгүй болгох учиртай. Миний дотнын хүмүүсээс гэмтэхэд миний бие өвддөг. Учир нь бидний бие махбод ижил материалаар хийгдэж, бидний сэтгэл, оюун бодол тасаршгүй утсаар холбогдсон байдаг. Заримдаа биднийг уйтгар, гуниг нөмрөн авдаг. Энэ нь манай гарагийн хаа нэгтээ хүүхэд эсвэл сайн хүн хорвоог орхисон гэсэн үг. Од алга болох эсвэл солир гарч ирэхэд бидний төсөөлснөөс ч их нөлөөлдөг. Дэлхий дээрх амьд бүхэн маш хүчтэй холбоотой. Бидний сэтгэл, бодлоос үүдэн цэцэг улам гоё болох ч боломжтой. Эдгэрэхийн тулд бид энэ үнэнд суралцах ёстой. Эдгэрэлт бидний зүрхэнд, амьдын зүрхэнд мөн бий. Үүнийг бид орчлон ертөнц гэдэг.
Сэтгэгдэл ( 1 )
ХХ ,ХХl ЗУНЫГ БИШ ЗУУНЫГ ГЭЭД ЗОВ БИЧ Л ДЭЭ. ЗУН, ЗУУН ХОЕР ООР УТГАТАЙ .