Суут эрдэмтэд Никола Теслагийн шилдэг бүтээл болох алдарт Ворденклиф цамхаг дээр азгүйдэл авчирдаг од гийсэн гэлтэй. Цамхгийг яагаад ч юм 1917 онд нураасан байдаг. Сүүлд эл нууцлаг барилгыг сэргээн босгож эхэлсэн ч Теслагийн музейн хамт саяхан учир битүүлэг байдлаар галд автжээ. Нууцаар дүүрэн байгууламжаас Тесла дэлхийг хянахыг хүсдэг байв.
Учир битүүлэг гал
Гал хаа сайгүй дүрэлзсэн мэт эсвэл огт гараагүй мэт. Цамхаг Нью Йорк хотоос холгүй сүндэрлэдэг. Галыг унтраахаар 100 гал сөнөөгч ажилласан байна. Гэвч галыг унтраахад маш хүндрэлтэй байсан гэнэ. Учир нь байшингийн доор байнга ямар нэгэн юм дэлбэрч байв. Гал сөнөөгчид бүтэн шөнийн турш галтай тэмцэн байж унтрааж чаджээ.
Харин өглөө нь тус байгууламжийг эзэмшдэг “TSC” групп хохирлын хэмжээг тогтоохоор комисс байгуулсан байна. Азаар Теслагийн бичвэр, багаж, хэрэгслүүд галд өртсөнгүй. Түймэр дэгдэхээс өмнө эдгээрийг ямар нэгэн шалтгаанаар өөр байр руу шилжүүлжээ. Архитектор Стэнфорд Уайтын зураг төслөөр 1901 онд барьсан тоосгон байгууламжаас харин үлдсэн нь цөөн.
“TSC” групп хохирлын хэмжээг гурван сая ам.доллароор үнэлсэн байна. Тиймээс тус компани хандивын аян өрнүүлжээ.
Мужийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Шон МакКеррик санаатайгаар гал тавьсан гэх ул мөр байгаагүй хэмээн мэдэгдэв. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид “TSC” компанид тийм ч таатай ханддаггүй. Ард иргэдээс их хэмжээний хандив цуглуулан байж Теслагийн музей байгуулсан ч хэнийг ч тийш нь оруулдаггүй байна. Томоохон ивээн тэтгэгчдийн тоонд агуу эрдэмтнийг шүтэн бишрэгч Илон Маск бий.
Энэ бүгдийн ард ямар нууцлаг түүх нуугдаж байна вэ?
Хөрөнгө оруулагчийн таашаалд нийцсэнгүй
Никола Тесла дэлхий дахинд үнэгүй цахилгаан өгөхийг мөрөөддөг байлаа. Харин цахилгааныг шугам, сүлжээгээр бус газраар дамжуулах байв. Зогсож байгаа газар руугаа залгуур хатгахад бүх зүйл ажиллаж эхэлнэ.
“Цахилгааны тоолуурыг хаана байрлуулах вэ?” гэж хөрөнгө оруулагчдын хурлын үеэр нэгэн хөрөнгө оруулагч асуув. Энэ асуултаас хойш Теслагийн азын од түүнээс нүүр бууруулжээ. Түүний бүхий л санааг хортой гэж үзэж, харин суут эрдэмтнийг солиотой мэтээр харуулах болов.
Гэхдээ тэр Ворденклиф цамхгаа барьсан. Хөрөнгө оруулагч Жорж Вестинхауз, Жон Астор, Жон Морган нар дуртай дургүй түүнд хөрөнгө оруулсан. Ийм цамхгууд агаар мандлын дээд давхаргаас эрчим хүч авч, газрыг цэнэглэх учиртай байв. Дэлхий даяар нийт ийм 30 цамхаг барихаар төлөвлөж байжээ. Лаборатори, зуух, цахилгаан станц, засварын цех зэргээс бүрдсэн байгууламжийн доор хонгилын бүхэл бүтэн сүлжээ байгуулжээ. Чанх доош 40 м гүнд худаг ухсан ба худгийн ёроолд нууцлаг машинууд байсан гэх. Хэвлэлийнхнийг тийш нь оруулаагүй аж. Зарим хонгил шингэн азотоор дүүрч. 57 м өндөр цамхгийн орой дээр 20 м бөмбөгөр орой байгуулсан. Цамхаг дээр хэт ягаан туяаны прожектор байрлуулж, үүний тусламжтай агаар мандлыг зүсэх ёстой байжээ.
Амласан туршилтуудаа хийж чадсан уу? Харь гарагийнхантай холбоо тогтоосон уу? Бүх дайныг төгсгөх чадвартай асар хүчтэй зэвсэг бүтээсэн үү? Эрчим хүч дамжуулсан уу? Эдгээр асуулт маргаан дагуулдаг. Ихэнх нь энэ л цамхгаасаа Тесла дэлхийн агаар мандлыг нүхэлсэн гэж үздэг. Хожим нь энэ нь Тунгуссын гамшигт хүргэж байсан билээ.
Гэвч мөнгө асар хурдан дуусаж байлаа. Хөрөнгө оруулагчид Теслагаас нүүр бууруулав. Харин өнөөдөр тийм ч сайнаар дурсагддаггүй, радио “бүтээсэн” Гульельмо Маркони хөрөнгө оруулагчдаас овжиноор мөнгө салгадаг байлаа. Уучлаарай тоолуурыг хаана байрлуулах вэ? Теслагийн өр 20 мянган ам.долларт хүрлээ. 1911 онд нэгэн нууцлаг үйл явдал болов. Тесла өөрийн хүмүүсийн хамтаар зугтсан мэт тус объектыг орхисон байна. Хожим нь сэтгүүлчид энэ явдлыг мэдээлэхдээ ийш тийш шидэлсэн сандал, ширээн дээр тарсан цааснуудыг дурддаг.
Теслагаас авах юм үлдээгүй тул цамхаг Жорж Болтын эзэмшилд очжээ. Тэр байгууламжийг зарахыг оролдсон ч хэн ч аваагүй тул нэгэн “гайхалтай” санаа олсон нь нураагаад хаягдал төмрийг нь зарахаар төлөвлөжээ. 1917 оны долоодугаар сарын 4-нд “Smiley Steel” компани цамхгийг тэсэлсэн ч байгууламж бага зэрэг хазайснаас цаашгүй. Оныг дуустал бага багаар нураажээ. Тэр үед хүртэл хөрөнгө оруулагчийн эл шийдвэр хачирхалтай байсан тул хаягдсан байгууламжид герман тагнуулууд орогносон тул өөр арга байгаагүй гэсэн яриа гарчээ. Болт өөрөө энэ цуурхлыг тараасан байх талтай. Харин цамхгийг яах гэж нураасан талаар өдгөө асуух хүн үлдээгүй.
Харин суут эрдэмтэн өөрөө ядаж тоосгон байшингаа эргүүлэн авахын тулд шүүхэд хандсан ч 1922 онд тэрбээр ялж чадсангүй. Болт ч хаягдал төмрөө зөнд нь орхив. Ингэж бүхэл бүтэн цогцолбор эзэнгүй хаягдан үлджээ.
Цэнэглэгдсэн бүс
Хаягдсан байгууламжийг эзэмших эрх нэг реалтороос нөгөө рүү дамжиж, эцэст нь химийн аж үйлдвэрийнхний сонирхлыг татжээ. Хамгийн түрүүнд “Peerless Photo Products, Inc” тус байгууламжийг худалдан авсан бол дараа нь “AGFA” компанийн гарт шилжив. Тэнд гэрэл зургийн хальс үйлдвэрлэж байхад олон нийт тус объектыг түүхэн дурсгалт өвөөр бүртгүүлэхээр шаргуу хөөцөлдөж байлаа. Гэвч албан тушаалтнууд шийдвэрлэхээр яарсангүй.
1992 онд “AGFA” үйлдвэрээ хаасны дараа шалгалт хийхэд объект тэр чигтээ хортой бодисоор нэвчсэн байжээ. Албан шаардлагын дагуу “AGFA” компани цэвэрлэгээ явуулж, хорин жилийн дараа буюу 2009 онд л тэнд мал аж ахуй эрхлэх ч боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Тэр даруйд тус байгууламжийг соёлын өвөөр бүртгэжээ. “AGFA” цогцолборыг 1.6 сая ам.доллароор дуудлага худалдаанд оруулав.
Үүгээр учир битүүлэг явдлууд төгссөнгүй. Цогцолбор ямар нэг байдлаар Теслагийн шинжлэх ухааны төв буюу “TSC” группийн эзэмшилд очжээ. Зорилго нь тэнд музей байгуулж, боломжийн хэрээр цамхгийг сэргээн босгох. Эл ажлыг эхлүүлэхээр яарахгүй байгаа ч ард иргэдээс хандив цуглуулсаар л. Олон түмэн ч идэвхтэй хандив өргөдөг байна. Тэр дундаа компаниа агуу эрдэмтний нэрээр нэрлэсэн Илон Маск.
Энэ бүх үйл явдал 2013-2014 оны хооронд өрнөжээ. Хандиваар боссон олон сая ам.доллар хаачсан нь нууц хэвээр.
Азгүй суутан
Тесла яагаад ийм азгүй юм бэ? Тесла яагаад таалагддаггүй вэ? Хачирхалтай санаанууд. Учир битүүлэг ярилцлагууд. Өөрөө ч нэг тийм нууцлаг. Тесла өөрийн бүтээлээ хүн төрөлхтөнд зүгээр л бэлэглэж, хэзээ ч патентаа мөнгөөр зарж байгаагүй.
Тесла юу хийсэн бэ гэж эрдэмтдээс асуугаарай. Хувьсах гүйдэл бүтээсэн л биз. Теслагийн дамар зүгээр л нэг тоглоом гэж ч магадгүй. Харин Теслагийн бүтээсэн хавхалгыг олон сая үйлдвэр ашиглаж буйг хэн ч мэддэггүй. Түүний дэлхийн болон агаар мандлын эрчим хүчний тухай санаа батлагдсаар байна. Түүнийг шүтэн бишрэгчид хүртэл өвөрмөц. Нэг нь л гэхэд Теслагийн бүтээсэн дуран авайг сэргээн, харь гарагийнхныг хардаг гээд л.
Сэтгэгдэл ( 0 )