Альберт Эйнштейний гар бичмэлүүдийг дэлгэлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Дэлхийн аугаа суут эрдэмтэн Альберт Эйнштейний мэндэлсний 140 насны ойн босгон дээр түүний  110 гар бичмэл болон баримтыг Иерусалимын Еврейн их сургууль дээр олон нийтэд зориулан дэлгэжээ.

 

Энэхүү цуглуулгыг Нобелийн шагналт эрдэмтний гар бичмэлүүдийн хамгийн баян сантай Еврейн их сургуульд саяхан хандивласан байна. Эйнштейн Иерусалимын Еврейн их сургуулийг үндэслэгчдийн нэг бөгөөд өөрийн хувийн болон шинжлэх ухааны бичмэлүүдийг тус сургуульд өвлүүлэхийг гэрээсэлсэн аж. Одоогоор Еврейн их сургуулийн санд аугаа эрдэмтний 82 мянга гаруй баримт бичгүүд эх хувиараа хадгалагдаж байна.

 

Гар бичмэлүүд Эйнштейний хувийн амьдрал төдийгүй эрдэмтний өөртөө эргэлзэж буй үе, мөчүүдийг гэрчилнэ. Нобелийн шагнал хүртсэнээс хойш 30 жилийн дараа тэрбээр гэрлийн хэсгүүд юу болохыг өнөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа тухай нэгэн найздаа хэлж байжээ. 1951 онд бичсэн захидалдаа Эйнштейн “Бүтэн 50 жил бодож, тунгаасан ч энэ асуултын хариуг олж чадаагүй. Одоо ямар ч тэнэг хүн үүний хариултыг мэднэ гэх ч, өөрийгөө л хуурч буй юм” хэмээн бичжээ.

 

Энэхүү цуглуулгыг АНУ-ын нэгэн хувийн цуглуулагчаас Краун-Гудман сан худалдан авч, тус их сургуульд хожим нь хандивласан аж. Гар бичмэлийг худалдан авахад хэдий хэмжээний мөнгө зарцуулсан нь тодорхойгүй гэнэ.

 

Эдгээрээс онцгой сонирхол татаж буй гар бичмэл нь 1930 онд эрдэмтний хэвлүүлсэн нийтлэлийн алдагдсан хуудас нь юм.

 

Гар бичмэлүүд нь шинжлэх ухааны түүх судлаачдын хувьд Эйнштейний бүтээлч тархи хэрхэн ажиллаж, эрдэмтэн өөрийн бодол, дүгнэлтээ ямар дараалалтай бичиж, тэмдэглэж байсан талаар мэдэж авахад чухал ач холбогдолтой. Гар бичмэлүүдийн ихэнх нь юун тухай өгүүлж буй нь тодорхойгүй байгаа бөгөөд эрдэмтэд цаашид нягтлан судлах гэнэ.

 

Энэ цуглуулгад математикийн тооцоолол бүхий гар бичмэлүүд давамгайлж байгаа бөгөөд цөмийн бөмбөг, цөмийн реакторын үндсэн зарчмыг тайлбарласан бичмэл мөн олдсон байна. Үүнээс гадна, Эйнштейний өөрийн найз Мишель Бессо, хүү Ханс Альбертад бичсэн хэд хэдэн захидлууд байгаа гэнэ. 1935 онд тэрбээр хүүдээ “Германы зэвсэг туйлын аюултай байна” гэж бичиж байжээ. Эрдэмтэн өөрөө Адольф Гитлер төрийн эрхэд гарсны дараа 1933 онд Германаас АНУ-д шилжин нүүсэн юм.

 

Гар бичмэлүүдийг танилцуулах арга хэмжээнд Эйнштейний үеэлийн охин Карен Кортел Рэйзман оролцжээ. Тэрбээр хуримын бэлэг болгож эцэг, эхээсээ дэлхийд алдартай эрдэмтний захидлыг бэлэглэхийг хүсч байсан тухай дурсчээ. “Эйнштейнээс өвлөж авсан цорын ганц зүйл бол түүний буржгар үс” гээд, “Гэхдээ би та нарт харьцангуй онолыг тайлбарлаж чадахгүй  шүү” гэж арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ хошигнон ярьжээ.

 

Одоо эдгээр гар бичмэлүүдийг тоон хэлбэрт шилжүүлж, олон нийтийн хүртээл болгох юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.168) 2019 оны 03 сарын 07

Эйнштейны харьцангуйн онолын тухай герман хэл дээр 1927 онд хэвлэгдсэн ном над байна .Сонирхсон хүн үзэж болно.99270460

0  |  0
Top