Кембрижийн их сургуулиас Ч.Дарвины гар бичмэлүүд алдагдав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Кембрижийн их сургуулийн номын сангаас Хувьслын биологийн шинжлэх ухааныг үндэслэгч Чарлз Дарвины хоёр гар бичмэл алдагджээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, эрдэмтний 1837 оны “Амьдралын мод” гар зураг болон бусад гар бичмэл архиваас аль 20 жилийн өмнө алга болсон байна. Түүнээс хойш номын сангийн ажилтнууд эдгээр үнэт баримтыг санамсаргүй өөр тавиур дээр хадгалсан гэж үзэн хайж байсан гэнэ. Эрэл мухардаж, гар бичмэлүүд байхгүй болох нь тодорхой болсны дараа Кембрижийн номын сан цагдаад мэдэгджээ. Цагдаа хэргийн мөрөөр мөрдөн шалгалтыг эхлүүлж, Интерполд мэдэгдсэн байна.

Кембрижийн их сургуулийн номын сангийн албаны захирал Жессика Гарднер эрдэмтний гар бичмэлүүд номын санд засварын ажил хийх үеэр алдагдсан байж болзошгүй гэж үзэж байна.

Кембрижийн их сургуулийн номын сангийн тавиурын нийт урт 210 км байдаг бөгөөд нийт 10 сая орчим ном, газрын зураг, гар бичмэл болон бусад үнэт зүйлс хадгалагддаг байна. Энэ оны эхээр тус номын сангийн ажилтнууд Дарвины бүтээлүүдийн архивыг дахин нягталсан ч Дарвины төрөл зүйлсийн гарал үүслийн талаарх гар бичмэл олдоогүй байна. Эдгээр бүтээлд Дарвин төрөл зүйлсийн гарал үүслийн тухай асуултыг тавих анхны оролдлогыг хийсэн гэж Кембрижийн их сургуулийн судлаач Жим  Секорд онцолжээ. Түүний хэлснээр, гар бичмэлүүд түүнийг хэрхэн сэтгэж буйг харах боломж олгодог гэж тэрбээр ярьжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top