Британийн музейн сангаас алтан эдлэл, үнэт эд өлгийн зүйлс зэрэг 2000 орчим үзмэр хулгайд алдагджээ. Их Британийн Музейн захирлуудын зөвлөлийн дарга Жорж Осборны мэдээлснээр, алдагдсан зарим эд зүйлсийг илрүүлсэн байна.
Энэхүү дуулиант хэргийн дараа Британийн музейн захирал Хартвиг Фишер огцрохоо мэдэгджээ. Тэрбээр 2021 онд музейд хулгай гардаг талаар мэдээлэхэд энэ асуудалд нухацтай хандаагүйдээ харамсаж буйгаа онцолжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр тэрбээр 2021 онд нарийн шалгалт явуулсны дүнд музейн сангаас хулгайд алдагдсан гэх үзмэрүүд хадгалагдаж байгаа хэмээн мэдэгдэж байв.
Энэ хэрэгтэй холбогдуулан Хятадын “The Global Times” хэвлэл ойрын үед Хятадаас гаргасан соёлын үнэт эд өлгийн зүйлсийг ойрын үед үнэ төлбөргүй эргүүлэн өгөхийг шаарджээ. Мөн Энэтхэг, Нигери, Өмнөд Африк зэрэг улсаас хууль бусаар гаргасан соёлын үнэт зүйлсийг эргүүлэн өгөх тухай шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тус хэвлэлийн мэдээллээр, Британийн музейд Хятадын 23 мянга орчим эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Тус музейн сан нийт найман сая гаруй үзмэртэйгээс 80 мянга орчмыг нь олон нийтэд дэлгэн үзүүлдэг аж. Цар тахал дэгдэхээс өмнө тус музейг жилд зурган сая хүн үзэж сонирхдог байжээ.
Сэтгэгдэл ( 0 )