Зах зээлийн үнээр 200 сая иен буюу 1.8 сая ам.доллароор үнэлэгдэх очир эрдэнэ Японы Ёкохама хотод нээгдсэн үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс алдагдлаа гэж өнөөдөр /2019.10.25/ хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Одоогоор яг хэдийд, хэн хулгайлсныг тогтоогоогүй байна.
Японы Киодо агентлагийн мэдээлснээр, 50 каратын очир эрдэнэ бусад үнэт эдлэлийн хамтаар “Пасифико Ёокохама” төвд болсон үзэсгэлэнд тавигдсан байжээ. Пүрэв гарагт үзэсгэлэн хаагдахаас өмнөхөн очир эрдэнэ алга болсныг мэдсэн байна. Очир эрдэнийн байрлаж байсан шилэн хоргоны хаалга цоожгүй байсан аж. Цагдаагийнхан очир эрдэнийг хоромхон хугацаанд бүлэг этгээдүүд хулгайлсан гэх таамаг дэвшүүлж байна. Үзэсгэлэнгийн танхимын ажилтнуудын дунд хамсаатан байж болзошгүй гэж үзжээ.
Үүнээс өмнө 2015 оны арваннэгдүгээр сард Токио хотноо мөн томоохон дээрмийн хэрэг гарч байжээ. Тухайн үед гурван этгээд “Harry Winston” брэндийн үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэн хэрэг гарсан. Тэд нэг сая орчим ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлсан юм. Дүрс бичлэг болон бусад мэдээллийн үндсэн дээр Токио хотын цагдаа дээрэмчид Их Британийн иргэд байх болзошгүй гэж үзээд, олон улсад эрэн сурвалжилж байгаа ч өнөө хэр олж чадаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )