Ролан Гарросын ялагчид тодрох өдөр ойртсоор, шөвгийн наймаас шөвгийн дөрөв рүү шилдгүүд шалгарсаар байна.
Францын Нээлттэй тэмцээнд гурван жил дараалан түрүүлчихээд буй Польшийн Ига Швёнтек шөвгийн дөрөвт Дэлхийн чансааг тэргүүлэгч Арина Сабаленкатай учраа таарлаа. Харин эрэгтэйчүүдийн чансааны манлай Карлос Алькарас тун амархан шөвгийн дөрөв рүү гарлаа.
Алькарас 12-т эрэмбэлэгдсэн Томми Полд ердөө 5 гэйм өгөөд л Филипп Шатриегийн талбайгаас гарч одов. Гарахдаа “Уучлаарай, та бүхэн теннис аль болох удаан үзье гэж бодсон байх. Гэвч би ажлаа хийх ёстой байлаа. Өнөөдөр нүдээ боосон ч хожихохоор тоглолтуудын нэг боллоо. Үнэхээр өөрийгөө мэдэрч тоглолоо” гэж хэлсэн юм.
Томми Полыг 6:0, 6:1, 6:4-өөр Алькарас хожихдоо 1 цаг 34 минут л зарцуулсан болохоор үзэгчдээс ийнхүү уучлалт гуйхын зэрэгцээ бага зэрэг хөөрүү үгс хэлээд авлаа.
Ига Швёнтек Украины Элина Свитолинаг 6:1, 7:5-аар хожив. Ноднин жил Ролан Гаррост түрүүлснээсээ хойш Швёнтек формдоо нэг л орж чадахгүй, финалд гараагүй. Гэхдээ 13-т эрэмбэлэгдсэн Свитолинад боломж бараг өгсөнгүй.
“Өнгөц харахад хөнгөхөн хожил мэт санагдаж болох ч оноо бүрийн төлөө чармайж тоглолоо. Арина энэ улиралд их сайн байгаа болохоор хэцүү тоглолт болно гэдгийг би мэдэж байна. Гэхдээ хүнд сорилттой тулж байгаадаа баяртай байгаа” гэжээ.
Швёнтек хэрвээ энэ удаа түрүүлбэл 1920-1923 онд Францын нээлттэй тэмцээнд дөрвөн жил дараалан түрүүлсэн Сюзанн Ленглений амжилтыг давтах болно. Одоогоор Ролан Гаррост 26 дараалсан ялалттай явна.
Швёнтек, Сабаленка хоёр 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Дэлхийн чансааны тэргүүн байрыг ээлжлэн эзэлж байна. Өнгөрсөн жилийн 10 дугаар сард Швёнтекийн 11 сарын турш үргэлжилсэн чансааны “дээрэлхэлт”-ийг Сабаленка тасалж, өмнүүр нь орсон. Тэрбээр шөвгийн наймд Олимпын аварга Жэнийг 7:6, 6:3-аар хожиж, Ромын хариугаа авч чадлаа. Жэн хожигдсоныхоо дараа “Би түүнд хожих боломж өгчихлөө” гэсэн байна. Жэн Ромд л нэг хожсоноос биш сүүлд 8 удаа таарахдаа Сабаленкад 7 хожигдоод байгаа юм.
Сабаленка Дэлхийн чансааг тэргүүлсэн шигээ Ролан Гаррост тэргүүлэх хүслээ хэлжээ. “Маш өндөр зэрэглэлийн тулаанууд болж байна. Талбайд гарч, хожихын төлөө тэмцэлдэж байгаа тэр агшнаасаа би таашаал авдаг” хэмээн хэлжээ.
Алькарасын өрсөлдөгч нь шөвгийн дөрөвт Италийн Лоренцо Мусетти. Мусетти шөвгийн наймд 6:2, 4:6, 7:5, 6:2-оор Фрэнсис Тиафог буулган авахдаа 2 цаг 45 минут зарцуулсан. Давуулалтууд гол хөзөр нь байв. Эхний давуулалт 81 хувьтай байснаас 8 эйс хийсэн юм.
Алькарас, Мусетти хоёрын энэ улирлын гурав дахь халз тулаан болж таарч байна. Хоёуланд нь Алькарас хожсон. Монте Карлогийн финалд, тэгээд дараа нь Ромд шөвгийн дөрөвт хожсон.
Сэтгэгдэл ( 0 )