Жокович Ролан Гаррост дээд амжилт тогтоов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 03

 

Францын нээлттэй тэмцээн буюу Ролан Гарросын шөвгийн наймд тамирчид шалгарч, сүүлчийн хэдхэн тоглолтууд теннис сонирхогчдын нүд, сэтгэлийг татаж эхлээд байна.

Өчигдөр 38 настай Новак Жокович Их Британийн Кэмерон Норрийг 6:2, 6:3, 3:2-оор хожсоноор Ролан Гарросын 100 дахь хожлоо авлаа. Мөн энэхүү хожил нь түүнийг Ролан Гарросын шөвгийн наймд 19 дэх удаа гаргав. Энэ бол дээд амжилт юм. Үүнээс өмнө “Их дуулга”-ын цувралын нэг тэмцээний шөвгийн наймд хамгийн олон удаа шалгарсан тамирчны дээд амжилтыг Рожер Федерерийн хамт эзэмшиж байсан юм. Уимблдонд Рожер Федерер 18 удаа шөвгийн наймд шалгарсан билээ.

 

 

Харин Ролан Гарросын 100 дахь хожлын тухайд бол түүнээс илүү олон хожилтой Рафаэль Надаль бий. Надаль 112 хожилтой байдаг.

“Би өнөөдөр найдвартай сайн тоглолоо. Өрсөлдөгч сүүлийн үед форм их сайтай байсныг тооцож үзвэл сайн тоглосон гэж бодож байна” хэмээн Жокович өгүүлжээ. Дараагийн өрсөлдөгч нь Александр Зверев байх болно.

Норри өмнө нь Жоковичийг хожиж байгаагүй учир энэ удаад хожихын тулд аль болох тоглолтыг сунжруулж, олон минут талбайд “барих” тактик баримталсан ч бүтсэнгүй. Нас мөн бэлтгэлжилтийг бодож гаргасан энэ тактикийн эсрэг Жокович авъяас, туршлагаа сөрөгцүүлэн тавьснаар харьцангуй амархан хожлоо.

 

 

Сүүлийн хэдэн сард Жоковичийн амжилт алаг цоогтой байгаа тул удаан тоглолтын явцад бөмбөгийг торноос аль болох хол, арын шугамын өмнөхөн өгөөд байвал гүйлт, цохилтынхоо улмаас тамирдаж магадгүй гэж Норри тооцолсон ч санаснаар нь болсонгүй.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu