Хөгжмийн их гүрний элч, төгөлдөр хуурч

Админ | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

...Хөгжим бол хүний ​​мэдрэмж, оюун санаа, гансрал, сэтгэл догдлолын гайхалтай, нарийн ертөнц. Олон зуун жилийн туршид олон сая сонсогчдыг концертын танхимд соронз мэт татаж, хөгжмийн зохиолч, хөгжимчдөд урам зориг өгсөөр ирсэн ертөнц. Тиймээс хөгжмийн нууц нь хөгжмийн зохиолчийн гараар ноотлон бичигдсэн эгшиг аялгууг хөгжимчний урлах техниктэй гарын хуруугаар хөгжмийн бүтээлийг “уншиж-тайлбарлан” тоглож хүртээснээрээ бидний оюун санаанд гайхалтай тохируулга хийх ид шидийг агуулдагт оршино.   

Монголын сонгодог хөгжмийн соёлд төгөлдөр хуурын бие даасан тоглолтыг ХХ зууны  хагасаас эхтэй, урлагийн залуу хэлбэрүүдийн нэг гэж үздэг.  Мэргэжлийн төгөлдөр хуурчдын ахмад үеийнхэн үндэс суурийг нь тавьснаар бие даасан концертын хөтөлбөрүүдэд дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулан бүтээсэн жинтэй бүтээлүүд багтаж эхэлсэн түүхтэй.  

...Энэ оны тавдугаар сарын нэгэн үдэш Монгол Улсын Филармонийн танхимд СУИС-ийн Сонгодог хөгжмийн тэнхимийн багш, төгөлдөр хуурч Алтансүхийн ЭНХ-АМГАЛАН-гийн бүтэн нэг цаг хагас үргэлжилсэн, нилээд баялаг репертуарын багтаамжтай, академик жанрын даацтай бүтээлүүдээс бүрдсэн бие даасан, хоёр хэсэгтэй «BALLADE» нэртэй концертыг таашаан хүртэх завшаан тохиосныг дуугүй өнгөрөх аргагүй юм.

Италийн хөгжмийн зохиолч, Барокко үеийн нэрт төлөөлөгч, Джузе́ппе Доме́нико Скарла́тти, Австрийн хөгжмийн зохиолч, “Венийн Сонгодогууд”-ын нэрт төлөөлөгч, суу билигт Во́льфганг Амаде́й Мо́царт нарын Сонатууд, Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач “Венийн Сонгодогууд”-ын мастер Лю́двиг ван Бетхо́вены 32 Вариаци, Польшийн хөгжмийн зохиолч, гарамгай төгөлдөр хуурч Романтизмын тод төлөөлөгч Фридери́к Франци́шек Шопе́ны  алдарт Дөрвөн “Баллад” зэрэг том хэмжээний бүтээлүүдийг тоглож сонирхууллаа. 

Дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдээс өөрийн виртуоз ур чадварыг төгөлдөр хуур хөгжмөөр “дуулан”, “тайлбарлан” хүртээсэн “BALLADE” хэмээх концерт нь төгөлдөр хуурч А.Энх-амгалангийн репертуарын төвлөрлийг тодорхойлохын зэрэгцээ нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн академик концертын хэлбэршлээс давсан бүтээлч сэтгэлгээний “ФЕНОМЕН” болж чадсаныг онцлон тэмдэглэж байна.

“BALLADE” концертын репертуар нь шинж чанар, дүрслэлийн илэрхийллээрээ  гойд сонирхол татахуйц дэлхийн сор бүтээлүүдийн уламжлалыг бататгах залгамж чанар мөн гэдгийг ч тэрээр харуулж чадлаа.

Төгөлдөр хуурын мэргэжилтэй хувь заяагаа холбосон А.Энх-амгалан цаг хугацааны явцад хөгжмийг шинэ дуугаралт, шинэ загварчлалаар баяжуулан, төгөлдөр хуурч мэргэжлийн үндсэн зарчмыг тодорхойлох өөрийн гэсэн дэг жаягийг бий болгож чадсанаа илтгэн харуулсан үнэ цэнэтэй үйл явдал  болсныг бас дахин онцолмоор байна. 

Хөгжмийн зохиолчдод асар их хүндэтгэл илэрхийлж буйгаа харуулж чадсан А.Энх-амгалан төгөлдөр хуурчийнхаа ерөнхий чиг шугамыг сайтар тунгаан бодож, бүтээлүүдээ аажим аажмаар хөгжүүлэг хийсээр оргил цэгт нь хүргэх логикийг баримталсан нь магадгүй дэлхийн тэргүүлэгч сургуулиудын хөгжимдөх урлагийн дэг туршлагад тулгуурласан болов уу гэмээр.

Фортепиа́но (итал. forte – чанга, piano - аяар) — чавхдаст-цохиур-даралтат хөгжмийн зэмсэг. XVIII-XIX зууны эхэн үеийн төгөлдөр хуурыг XX зууны хөгжмийн зэмсгээс ялгахын тулд ашигладаг нэр томъёо. Учир нь түүний дотор олон утаснууд, модон алхнууд байдаг. Эдгээр нь пианинод босоо байршилд, харин рояльд хэвтээ байрладаг. Пианино – энэ бол өрөөнд тоглоход зориулсан камерны буюу танхимын хөгжим. Харин Рояль нь концертын тайзны тоглолтод зориулагдсан бөгөөд таг нээгдэж өргөгдсөнөөр эгшиг авиа түүнд ойж акустикийг үүсгэдэг. Орчин үеийн хөгжмийн зэмсэг болох "их-гранд" төгөлдөр хуурын утаснуудтай перпендикуляр байрлуулсан даралтуудыг нэг тал нь муруйсан далавч хэлбэртэй хэвтээ хайрцагт бэхэлж гурван хөл дээр тогтоосон байдаг.

Ер нь бол төгөлдөр хуурын дуугаралт, тоглолт зэргээр тухайн хөгжмийн зэмсэг зөвхөн тухайн төгөлдөр хуурчийнхаа төлөө л зориулагдан бүтээгдсэн гэмээр тоглох ёстой мэт.  Харин хязгаар үгүй хэмжээлшгүй сэтгэл хөдлөл, содон эгшиглээ, уран нарийн үзүүлбэрүүд төгөлдөр хуурын өвөрмөц тоглолт дээр л зөвхөн явагддаг.

Хэрвээ төгөлдөр хуурч өөрийн хөгжимдөх урлагтаа жинхэнэ уянгалаг, аялгуулаг cantilena дууллаар төгөлдөр хуур хөгжмийг эгшиглүүлж, хурууны legato буюу холбоосын урлагаар, педалийн даралтаар байгалийн жинхэнэ яруу аялгууг оргилуун, гоосайхантай илэрхийлж эс чадах аваас ямар ч виртуоз ур чадвар түүнийг аварч үл чадна гэж үздэг.

А.Энх-амгалан энэ үдэш Барокко, Сонгодог бас Романтик төгөлдөр хуурчдын нэг төдийгүй дөрвөн “Ballade” тоглосных нь төлөө “ШОПЕНЫ ЭЛЧ” гэж  нэрлэмээр санагдана. Түүний ур чадвараас чин сэтгэл, ухаалаг байдлын илэрхийллийг хувь хүний гоозүйн төлөвшилтэй хослуулсан мөнхийн тэмүүлэл дүүрэн амьдралын үнэний эрэлд оршин буйг ажиглаж болно.

Концертын хоёр дах хэсэг тун сонирхол татахуйц. Ф.Шопены алдарт дөрвөн балладыг дараалуулан толилуулсан тэрээр үзэгчдийг өөрийнхөө дотоод «БИ»-рүү уусан шингэж, анхааран сонсохыг шаардаж буй мэт.  

BALLADE тус бүрт драматургийн зураглалыг дэлгэн харуулах гэсэн төгөлдөр хуурчийн маань хөгжимдөх онцгой авьяас далдлагдаж чадаагүй юм.

Түүний тоглосон эхний ноотноос л хөгжмийн зохиолчдын сэтгэлгээний мөн чанар,  төгөлдөр хуурчийн ухаалаг илэрхийллийн төвлөрөл, нандин эв дүй, дүрслэлийн бүтэц зэргийг  академик хөгжимдөх урлагаар дамжуулж чадсан учраас энэ үдэш  түүний тоглож буй төгөлдөр хуур хамгийн сайхнаараа эгшиглэж чадсан билээ. 

 


Уг концертод тоглогдсон бүтээлүүдийн талаар дэлгэрэнгүй бичих боломжгүй тул онцлог шинжүүдийг дурьдахыг хүслээ.

1. Д.Скарлатти - Хамгийн өвөрмөц хөгжмийн зохиолчдын нэг тэрээр 1685 онд Неапольд  төрсөн. Агуу их И.С.Бах, Г.Ф.Хэндэль нар мөн тэр онд төрсөн нь “Яаж гурвын гурван суу билигтнүүд нэгэн зэрэг нэг жилд хамт төрдөг билээ?” гэх сониуч мэдрэмжийг төрүүлнэ. Д.Скарлатти төгөлдөр хуурын 500 гаруй сонат бичсэн бөгөөд үүнийгээ “Сургалт дадлагажуулгын дасгал” хэмээн даруухнаар нэрлэсэн хэдий ч энэ бол зүгээр нэг дасгалууд биш юм, харин энэ бол “Ертөнцийн шинэ хэмжээсүүдийн нээлт, тун гайхалтай хөгжмийн хэл” байсныг олон зууны дараа дэлхий ойлгосон байдаг.

Түүний төгөлдөр хуурын бүтээлүүд нь дэлхийд онцгой байр суурь эзлэхийн зэрэгцээ тухайн үеийн хөгжмийн хэллэгийг илэрхийлэгч сонатууд нь зохиомжийн бүтэц, хэмнэл, динамик хувиргалт зэрэг олон шинжүүдээрээ түүхэн дэх хамгийн сонирхолтой бүтээлүүд хэмээн үнэлэгдсээр ирсэн.

1. Соната K380 (До минор)-

2. Соната K159 (Сол мажор)

3. Соната K87 (Ре минор)

4. Соната K9 (До мажор)

2. В.А.Моцарт – Моцартын Соната №10. (C major, K.330)  Моцартын хамгийн алдартай төгөлдөр хуурын бүтээлүүдийн нэгийг сонгосон нь А.Энх-амгалангийн хувьд төгөлдөр хуурчийн хурууны хөдөлгөөний ягштал тоглох гүйцэтгэл, хурд хүчний яв цав харьцааг хадгалах, динамик хувиргалуудын тэнцвэржүүлэлтийг жигд барих зэргээр сэтгэлгээний өндөр түвшинг шаардсан асар  том сорилт болсон байх.   

Нэгэн цагт П.И.Чайковский “Моцарт бол хөгжмийн гоо сайхны ертөнцийн хамгийн дээд, оргил цэг” хэмээн чин сүсэглэн хэлсэн байдаг.  Тийм ээ. Нарны гэрэл мэт тунгалаг бөгөөд үл тайлагдах нууцлаг, энгийн атлаа хэмжээлшгүй нарийн төвөгтэй тэр л ертөнц бол Моцартын хөгжмийн ертөнц яахын аргагүй мөн билээ. В.А.Моцарт өөрийн сонатуудыг ихэвчлэн “хэцүү” гэж нэрлэхдээ гол бэрхшээлийг тоглож буй техник талаас нь биш, харин илэрхийлэмж талаас нь дүгнэж хэлсэн байдаг. Тэгэхээр түүний сонатууд  концертын тайзан дээр тоглож буй хөгжимчний хувьд нилээд “хатуухан чулуу” юм шүү гэдгийг л хэлээд байгаа хэрэг юм. Төгөлдөр хуурч А. Энх-амгалангийн хувьд ч мөн “хатуу чулуу” байсан л байж таарах нь.

1-р хэсэг: Allegro moderatо

2-р хэсэг: Andante cantabile

3-р хэсэг: Allegretto  гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

3Л.В.Бетховен “32 Вариаци” (c-moll, WoO 80. 1806)

Л.Бетховеныг сонсголоо алдсан тухай хэн бүхэн мэддэг. Түүний “Хувь заяа хаалга тогшиж байна” гэх сэдэв аялгуу нь энэ хүнд үеийн бүтээлүүдэд ч мөн 32 вариацид ч тусгагдсаныг бид сонсож болно.

Төгөлдөр хуурч А.Энх-амгалан уг бүтээлийн эхний вариацийн темпээр л үзэгч сонсогчдыг “соронзлох”  үйлдлээ гайхалтай гүйцэтгэсэн. Учир нь эдгээр 32 вариаци темпийн  нэгдмэл зарчмыг баримтлан тоглохыг шаарддаг. Хэрвээ нэгдмэл темпээс хазайж, хэтэрхий чөлөөтэй, rubato темпээр тоглохыг оролдох аваас зохиомжийн хэлбэр “нурж” ойлгомжгүй болох сөрөг талтайг нэр мастерууд сануулсаар ирсэн байдаг. Үндсэндээ 32 вариаци гэдэг 32 жижиг хэмжээний хөгжмийн аязын бүрдэл учраас нэгдмэл темпээр яг л  “цементлэгдсэн” мэт байх ёстой гэж үздэг. Сонирхуулахад, 31 дэх вариацийн зүүн гарын квартоль, квинтолиудын байнгын пианиссимо (sempre pianissimo) гэх динамизм нь ямар нэгэн чухал зүйлийн хүлээлтийг илэрхийлснийг төгөлдөр хуурч А.Энх-амгалан асар нарийн тооцооллоор тоглож чадсанаараа онцлог байлаа. Учир нь энэ хэсэг бол яахын аргагүй хамгийн их тэвчээр шаардсан, цөхрөл шаналал, залбирлын гол төв цэг, тоглоход хамгийн хүнд хэцүү хэсэг нь гэж үздэг.

Энд би төгөлдөр хуурчийн урт богино педаль авах техникийн тал дээр бага зэрэг бүрхэгдүү илэрхийлэгдсэнийг сануулахыг хүсч байна. Энэ маш чухал нягт нямбай хийгддэг техник ажиллагаа байдаг. Педаль-ийг төгөлдөр хуур хөгжмийн амин сүнс гэж нэрлэдэг учраас л хэлэх гээд байгаа хэрэг.

4Ф.Шопен Ballade 1.2.3.4.

"BALLADE" гэсэн нэр томъёог Италийн балладе жанртай дүйцэхүйц балетын завсар хоорондын (интерлюди) бүжгийн хөгжим гэсэн утгаар ашигласан бөгөөд уг төрөл жанрын талаарх тайлбарт драматик болон бүжгийн шинжит элементүүд агуулагдсан, абстракт хөгжмийн хэлбэр бүхий балладыг Ф.Шопен нээсэн гэж үздэг.   

Тэрээр 4 Ballade бичсэн бөгөөд бүгдийг нэг үзэл санаан дор зангидаж бүтээхдээ баллад бүрт өмнөх өмнөхөөсөө улам бүр төгс хөгжүүлэг хийхийг зорьсон. Яагаад гэхээр Шопен энд шинэ ертөнцийг балладаас эрэлхийлж түүнийгээ олж харж чадсанд оршино. Эдгээр 4 Ballade-д нэг талаас романтизмын гоо зүй, нөгөө талаас өрнөдийн романтикуудын хүсэл тэмүүллээс ондоошиж буй “Ф.Шопены дүр төрх”-ийн эхлэл тодоос тод илрэх учиртай.

  1. Баллада No.1, (g-moll Op.23)
  2. Баллада No.2, (F-dur Op.38)
  3. Баллада No.3, (As-dur Op.47)
  4. Баллада No.4, (f-moll Op.52)

"BALLADE" концертод тоглогдсон бүх бүтээлүүд мэргэшсэн төгөлдөр хуурчдад зориулагдсан хэмээн тооцогдсоор ирсэн тул төгөлдөр хуурч А.Энх-амгалангийн техник ур чадвар, зориг эрчим, хүчирхэг сэтгэлгээний сорилыг илтгэсэн хэмээн үнэлэх шалтгаан зайлшгүй мөн. Гэсэн хэдий ч хөгжмийн хэлбэр, хэллэг нь нарийн төвөгтэй болох тусам хөгжмийн бүтээлийн агуулга, бүтцийн илэрхийллийг боловсруулах ажиллагаанд шаардагдах логик сэтгэлгээний үүрэг нэмэгддэг учиртайг орхигдуулж үл болно.

А.Энх-амгалангийн “тайзны харизм”-ыг төгөлдөр хуурчийн итгэл үнэмшил, дотоод сэтгэлийн хүчээр илэрхийлэгдэх биеийн хэлний өгүүлэмж, үзэгч сонсогчидтойгоо “хөгжмийн хэл”-ээр ярилцах чадамж, төгөлдөр хуурын эгшиг аялгаараа тайлбарлаж харилцах харьцаа, орчин цагийн залуу уран бүтээлчийн энгийн, даруу дүр төрх зэргээр нь тодорхойлж болно.

Эцсийн мөчид хөгжмийн бүтээлийн өвөрмөц онцлогууд нь төгөлдөр хуурын хөгжимдөх урлагт зориулагдсан уран бүтээлчийн тусгай, өөр дүр төрхийг бий болгох боломж бүрдсэн. 

Төгөлдөр хуурч  А.Энх-амгалангийн “огторгуй ертөнцийн” гэмээр хурд хүчийг илэрхийлэх гар хурууны хөдөлгөөн, магадгүй энэ нь түүний оюун санааны хачин жигтэй шалмаг үйлдлийн хөрвөх чадвар, мөн чанар, дадамгай өвөрмөц арга барилаар сонсогчдод хүртэгдэх гайхалтай нөлөөллийг бий болгож чадсан нь "BALLADE" концертын үр дүн мөн. 

Хамгийн цэвэр дам бус илэрхийллээр төгөлдөр хуурч А.Энх-амгалан зүгээр нэг тоглох бус харин тухайн хөгжмөөр сэтгэл ханамжийг хүртэж, үүнийгээ бараг бүхий л интонаци, фразуудад шингээн тоглохдоо бүхий л хэмжээсүүдээр онцгой шийдлүүдээ үзүүлэхийг эрмэлзсэн нь сэтгэл хөдлөлийн түмэн өнгө будгаар уран сайхны эргэцүүллийг жинхэнэ давуу талаа болгож чадлаа хэмээн дүгнэж байна.   

...“Чичирхийлэгч долгион огторгуйд агаарт буй. Энэ бол “Бурханы” амьсгаа юм. Тэр хүний ​​сүнслэг сэтгэл оюунтай л ярилцдаг. Тэгэхээр хөгжим гэдэг “Бурханы хэл” мөн. Хөгжимчин хүн хэдий их боломж чадалтай байна төдий чинээ “Бурхан”-тай хамгийн ойр байх хүмүүс юм. Бид түүний дуу хоолойг нь сонсож, бид түүний уруулын хөдөлгөөнийг хүртэл уншиж чаддаг. Хөгжимчид ийм л байдаг. Хэрэв бид ийм байж чадахгүй л бол бид юу ч биш, хэн ч биш байх байсан” хэмээн  хэлж байсан Агуу их Л.Бетховены  үгээр төгсгөе.

Төгөлдөр хуурын сайн тоглолт бүрт хамгийн онцгой “шедевр” хөгжмийн бүтээлийг амилуулах хувиргалыг хийдэг маш чухал жижигхээн атлаа гялалзсан  гэрэлт оч оршдог хэмээн бодож явдаг даа. .

Хөгжим судлаач Мөнхтөмөрийн МӨНГӨНСҮХ                                                                                                                     

2025.06.01

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uzegch(202.126.89.63) 2025 оны 06 сарын 05

Amgaadaa amjilt husie

1  |  0
Юу(59.153.112.105) 2025 оны 06 сарын 05

Европ, Америкт тоглож байгаа Хятадын залуу төгөлдөр хуурчдын дэргэд хөөрхий минь юу ч биш л дээ.

1  |  0
Уншигч(202.55.188.115) 2025 оны 06 сарын 05

Wow! Маш гоё болжээ.

1  |  0
Close menu