ОХУ Талибантай цэрэг техникийн хэлэлцээр байгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

ОХУ Афганистаны эрх баригч “Талибан” хөдөлгөөнтэй цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээрт ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу, Афганистаны батлан хамгаалах яамны тэргүүн, Талибан хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч мулла Мохаммад Омарын хүү Мохаммад Якуб нар гарын үсэг зурсан байна.

Хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд ийм төрлийн хэлэлцээрээр талууд зэвсэг нийлүүлэх, цэргийн технологи шилжүүлэх, хамтарсан боловсруулалт хийх зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг тусгадаг болохыг шинжээчид онцолжээ.

Сергей Шойгутай хийсэн уулзалтын дараа Мохаммад Якуб Москва, Кабулын хоёр талын харилцаа өргөжиж байна гэж мэдэгдсэн бол Сергей Шойгу өрнөдийн орнуудад хандан Афганистаны царцаагдсан активыг чөлөөлөх, тус улсын сэргээн босголтыг санхүүжүүлэхийг уриалсан байна.

АНУ цэргээ Афганистанаас 2021 онд гаргасны дараа Талибан хөдөлгөөн тус улсын төрийн эрхийг авсан билээ. 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин талибуудыг “терроризмтой тэмцэх” холбоотнууд хэмээн зарлаж байсан бол 2025 онд Кремль Талибан хөдөлгөөнийг террорист байгууллагуудын жагсаалтаас хассан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top