ХАР нүүрсний АЛТАН боломжийг атгаж чадах уу!?

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ” гэдэг шиг энэ жил Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд амжилтаа үзүүлэх боломжтой цаг үедээ ирлээ. Трампын өдөөсөн Ираны дайн, Хятадын дотоодод гарсан томоохон осол нь бидэнд алтан боломж олгоод байгаа юм. Даанч дарга ангийн тэмцэл дотооддоо хүчтэй өрнөж энэ алтан боломжийг мэдэж, мэдрэх сөхөө алга. Баялгийн сантайгаа зууралдаж, НӨАТ-ын босгыг тогтооно, тогтоохгүй гэж шилээ маажиж, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин томилно, томилохгүй гэж маргаж, Нийслэлийн Засаг даргыг миний, чиний хүн гэж маргасаар арай гэж томиллоо. Бид 2011 оны алтан боломжийг ашиглаж чадалгүй алдсан. Одоо харин яах бол...

Трампын дайны өгөөж

Муу амтай юм бэ гэж уншигч та бодож байж болох. Гэхдээ аливаа нэг улсын алдаа, оноо нь дэлхийн бусад улсад сайн эсвэл саараар нөлөөлдөг жамтай. Жамын энэ үнэн яг одоо Монгол Улсад өгөөж өгч эхлээд байна. Трампын өдөөсөн дайн, Газын зурвасын хямрал нь БНХАУ-д эрчим хүчний нийлүүлэлтийн саатал үүсгэсэн. Одоохондоо Хятадууд эрчим хүчнийхээ дийлэнх хэсгийг нүүрсээр хангадаг учраас тус улсын нүүрсний импорт нэмэгдсэн байна. Үүнийг дараах баримт илтгэнэ. Дөрөвдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрний бие хэмжээ өмнөх оны мөн үеэс даруй 61% өссөн байна.

Дөрөвдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрний бие хэмжээ өмнөх оны мөн үеэс даруй 61% өссөн байна.

Өсдөг л юм байж. Гэхдээ яаж гээч. БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр Монгол Улс гүйцэж түрүүллээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улс Хятадад 11.33 сая тонн нүүрс нийлүүлсэн бол Индонез улс 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 1.03 их наяд төгрөгөөр хэмжигдэх нүүрсийг биржээр арилжаалжээ. Энэ хооронд БНХАУ-д нийлүүлдэг нүүрсний хэмжээгээр тэргүүлдэг улсуудын экспорт бүгд буурчихсан. Тухайлбал, ОХУ-ын экспорт 17%, Австралийнх 10%, Индонезийнх найман хувиар  тус, тус буурчээ.

Ослоос үүдсэн боломж

БНХАУ-ын Шаньси мужийн Лиушенью нүүрсний уурхайд энэ сарын 24-ний өдөр хийн дэлбэрэлт болж наад зах нь 82 хүн амь насаа алдсан. Тус улсын түүхэнд 2009 оноос хойш тохиосон хамгийн том уурхайн осол гэж үзэж буй энэ ослыг мөрдөн шалгах ажиллагаа яг одоо үргэлжилж буй. БНХАУ-ын Шаньси мужид 122 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 109 уурхайн үйл ажиллагааг 3-7 хоногоор зогсоожээ. Одоо БНХАУ улс даяар нүүрсний болон бусад уурхайн аюулгүй ажиллагааг шалгасан өргөн хэмжээний шалгалт явуулах төлөвтэй байна.

Хятадын Шаньси мужид гарсан ослын улмаас коксжих нүүрсний үнэ гурав хоног дараалан өсөж 1260-1330 юаниар тонн тутамдаа арилжаалагдаж байна. Ханшийн өсөлт цаашид ч үргэлжилнэ. 

Осол гардаг юм байж. Энэ нь манайд ямар хамаатай гэж уншигч та бодож байж болох. Тэгтэл энэ ослоос шалтгаалан коксжих нүүрсний фьючерс ханш сүүлийн гурав хоног дараалж өслөө. Одоогийн байдлаар Далянь түүхий эдийн бирж дээр коксжих нүүрс тонн тутамдаа 1260-1330 юаниар арилжаалагдаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ-ын хяналт шалгалтын ажиллагаа дуустал коксжих нүүрсний үнэ өснө. Шалгалтын ажиллагаа дууслаа ч коксжих нүүрсний үнэ он дуустал энэ түвшиндээ хадгалагдана гэж таамаглаж байна.

Хайран боломжийг яйран болгох уу

Уул уурхайн салбараас хэт хамааралтай манайх гэдэг улсад боломж гэдэг яг сонгуулийн цикльтэй давхцах юм. 15 жилийн өмнөх уул уурхайн “супер цикл”-ийн ачаар манай эдийн засаг 17-20% өссөн. Гэвч дарга анги үүнийг боломж гэж харалгүй үрэн таран хийсэн. Мөнгө орохын хэрээр бэлэн мөнгө тарааж, цалин, тэтгэвэр зэрэг том зардлуудаа огцом нэмсэн. Уул уурхайгаас олсон мөнгө ажиллах хүч дээр төвлөрсөн. Төгрөгийн бодит ханш чангарсан. Барилга салбар өсөж, импорт дагаад нэмэгдсэн. Аж үйлдвэрийн бусад салбар өрсөлдөх чадвараа алдсан. 2012 оны сонгуулийн жил ч таарч популист амлалт хүчээ авч, бэлэн мөнгө тарааж, улс төрийн богинын зайн тоглолт давамгайлсан.

Яг 15 жилийн өмнө уул уурхайн супер циклийг бид тарааж, цацаж дуусгасан. Яг одоо тохиож буй нүүрсний алтан боломжийг цацаа цалгиатай дуусгах вий гэх айдас байна. Учир нь сонгууль ойртчихсон шүү дээ. 

Одоо уншигч та бодоод үз. Дараа жил Ерөнхийлөгчийн сонгууль. Намууд одоо юу ярьж байгааг сонсоод нэг үзээрэй. Баялгийн сангийн хуримтлалыг оны сүүлээр 1 сая болгоно, мөнгө л байвал цалин тэтгэвэр нэмнэ. Орон сууцны банк байгуулна. Газар чөлөөлж барилга барина гэж байгаа биз. Дээрээс инфляц хоёр оронтой тоонд хүрчихсэн, төсөв нь 1.4 их наядаар тасалдчихсан байгаа. Яг 15 жилийн өмнөхтэй адил биш гэж үү. Нүүрсний салбарын алтан боломжийг уг нь атгаад авах юм сан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
р(66.181.176.42) 14 минутын өмнө

мөнгө нь мориний зүчээ болчтхгүй бол сайн л байнх

0  |  0
Top