Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. 2022 онд томоохон хэрэглэгчид Оросын нүүрснээс татгалзсанаас хойш тус улс экспортын урсгалаа дорно зүгт чиглүүлсэн. Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ унаад байгаа бол ихэнх шинжээчид энэ онд нүүрсний эрэлт буурна гэж таамаглаж байна.
ОХУ-ын Засгийн газар тэглээд байсан нүүрсний экспортын татвараа гуравдугаар сарын 1-ээс эхлэн 2025 оны хоёрдугаар сарын 28-ыг хүртэл сэргээсэн тухай Forbes онцолжээ.
Олборлолт буурч, экспорт нэмэгдэв
Оросын статистикийн албаны мэдээллээр, 2023 онд ОХУ 430 сая тонн нүүрс олборлосон нь 2020 онтой харьцуулахад нэг хувиар буурчээ. Олборлолт ийн буурсан нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоотой. 2022 оны гуравдугаар сард АНУ Оросын нүүрсний импортод хориг тавьсан бол мөн оны наймдугаар сард ЕХ, Их Британи ийм алхам хийсэн. Хожим нь “Их 7” бүлгийн орнууд Оросын нүүрснээс аажмаар татгалзах тухай мэдэгдсэн билээ. Улмаар ОХУ нүүрсний экспортын урсгалаа Ази, юуны өмнө Хятад, Энэтхэг улс руу чиглүүлээд байна. Финландад төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв (CREA)-ийн тооцоолсноор, 2023 оны наймдугаар сараас 2024 оны нэгдүгээр сарын хооронд Оросын нүүрсний экспортын орлого хоногт 9-22 сая еврогоор буурчээ. Гэсэн хэдий ч Оросын нүүрсний экспортын хэмжээ өссөн гэж шинжээчид таамаглаж байна.
ОХУ-ын шадар сайд Александр Новакийн мэдээллээр, 2023 онд ОХУ-ын Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 52 хувиар, Энэтхэгт экспортолсон нүүрсний хэмжээ 43 хувиар тус тус өсжээ.
Хятад, Энэтхэг хоёр хоёул нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. 2021-2022 оны хооронд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ дээд хэмжээнд хүрсэн тул тус хоёр улс олборлолтоо нэмэгдүүлсэн. Эдгээр улс нүүрсний үнэ буурах үед нөөцөө идэвхтэй нэмэгдүүлдэг бол үнэ өсөхтэй зэрэгцэн дотоодын олборлолтдоо илүү анхаардаг хэмээн шинжээчид тодруулжээ.
Турк улс мөн Оросын нүүрсний томоохон худалдан авагчдын нэг. Тус улсын нүүрсний импортод Оросын хар алтны эзлэх хувь 2022 онд 46 хувь, 2023 онд 58 хувьд хүрээд байна. Төрөл бүрийн хөнгөлөлтийн ачаар Оросын нүүрс Колумбын нийлүүлэлтийг зайчилсан бол Колумб нүүрсний нийлүүлэлтээ ЕХ-ны зах зээл рүү шилжүүлжээ. Харин БНСУ-д нийлүүлж буй хар алтны хэмжээ харьцангуй тогтвортой байна. Тус улс 1023 онд Оросоос 20 сая гаруй тонн нүүрс худалдан авчээ.
Ашиггүй экспорт
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бага байгаагийн дээр экспортын татварыг сэргээснээр Оросын нүүрсний салбар алдагдал хүлээх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Баруун чиглэлийн нүүрсний экспортоос Оросын нүүрсний компаниуд нэг тонноос дөнгөж 3-4 ам.долларын ашиг олно. Гэтэл тус улсад нүүрсний олборлолтын дундаж өөрийн өртөг нэг тонн нь 25 ам.доллар байдаг гэж шинжээчид онцолжээ.
“Газпромбанк инвестиций” банкны мэргэжилтнүүдийн үнэлгээгээр, Хятад, Энэтхэг, Туркт нийлүүлэгдэх эрчим хүчний болон коксжих нүүрсний татварыг тэглэснээр Оросын экспортлогчид энэ онд 1.1-1.5 тэрбум ам.долларыг хэмнэх боломжтой. Өдгөө Оросын баруун хойд болон өмнөд боомтуудаараа дамжуулан нийлүүлж буй эрчим хүчний нүүрсний экспортын ашиг доод хэмжээнд, тэр бүү хэл тэг үзүүлэлтэд хүрээд байна.
Экспортын татвар үйлчилж эхэлсэн нөхцөлд баруун чиглэлийн нийлүүлэлтийн эрчим хүчний нүүрсний үнэ тонн тутам дор хаяж 88-90 ам.доллар, зүүн чиглэлийнх дор хаяж 100 ам.долларт хүрсэн тохиолдолд Оросын компаниудад ашигтай ажиллана гэж шинжээчид тодруулжээ.
Буурав уу эсвэл тогтворжив уу?
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч, Орос экспортын татвараа сэргээсэн энэ нөхцөлд Оросын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ бага зэрэг буурах эсвэл 2023 оны түвшинд хадгалагдах төлөвтэй байна гэж шинжээчид таамаглаж байна.
Тэдний үзэж буйгаар, эрэлт буурахгүй. ОХУ-ын шадар сайд Александр Новакийн хатуу түлшний эрэлт дэлхийн зах зээл дээр өсөн нэмэгдэж байгаа тул 2024 онд Оросын нүүрсний экспорт 220 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна. Харин олон улсын шинжээчид эсрэгээр энэ онд нүүрсний хэрэглээ буурна гэсэн хүлээлттэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн үнэлгээгээр, 2023 онд дээд хэмжээнд хүрсэн нүүрсний хэрэглээ дэлхий дахинд 2024 оноос эхлэн буурна. Үүнд сэргээгдэх эрчим хүчний салбарын хурдацтай хөгжил, эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хурдац бага байгаа нь нөлөөлнө гэж тус агентлаг тайлбарлажээ.
Харин зарим шинжээчид тус агентлагийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Тэд нүүрсний хэрэглээний өсөлтийн бүтэц 2024 онд тийм огцом өөрчлөгдөх шалтган байхгүй гэж үзэж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Хятад дахь нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2030 он хүртэл өсөх төлөвтэй байна.
Коксжих нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд нэг, эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтээр хоёрт ордог Австралийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрдэс баялгийн яам эсрэгээр эрэлт буурна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Австралийн яам 2024 он эрчим хүчний импорт дэлхий дахинд 2.1 хувиар буурна гэж үзэж байна. Нүүрсний хамгийн том импортлогч улс болох Хятад энэ онд нүүрсний импортоо 26.7 хувиар буюу 221 сая тонн хүртэл бууруулах бол Энэтхэг эсрэгээс нүүрсний импортоо 23.9 хувиар буюу 186 сая тонн хүртэл нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Япон, БНСУ, Тайвань зэрэг бусад томоохон импортлогчид худалдан авалтаа 0.5-1.1 хувиар тус тус бууруулах төлөвтэй байна. Энэтхэг аж үйлдвэрийн салбарын өсөлт, үүнээс үүдэлтэй эрчим хүчний хэрэглээний өсөлттэйгөө уялдуулан эрчим хүчний импортоо нэмэгдүүлнэ гэж Австралийн эрдэс баялгийн яамны тайланд дурджээ.
Харин энэхүү үнэлгээ нь Энэтхэгийн нүүрсний трейдер компаниудын үнэлгээтэй зөрж буйг Reuters агентлагийн өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан судалгааны дүн харуулж байна. Судалгаанд оролцсон 11 компанийн найм нь энэ онд эрчим хүчний нүүрсний импорт буурна гэж хариулсан бол бусад компаниуд импортын хэмжээ өнгөрсөн оны түвшинд эсвэл бага зэрэг өснө гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Үүний шалтгааныг Энэтхэгт нүүрсний олборлолт нэмэгдсэнээс үүдэлтэй цахилгаан станцуудад 43 сая тонн нөөц хуримтлагдсантай холбон тайлбарлажээ.
Оросын шинжээчид нүүрсний олборлолт өмнөх түвшинд үлдэх эсвэл буурч болзошгүй гэж үзэж байна.
2024 онд нүүрсний экспортын үнэ өсөх магадлал бараг үгүй тул олборлолт буурах талтай гэж мэргэжилтнүүд онцолсон байна.
Нүүрсний үнэ одоогийн түвшинд хадгалагдсан тохиолдолд коксжих нүүсний олборлолт болон экспортын хэмжээнд өөрчлөлт гарахгүй. Учир нь коксжих нүүрс дотоодын болон дэлхийн зах зээл дээр эрэлттэй байна гэж Оросын Альфа банкны мэргэжилтэн онцолжээ. Харин эрчим хүчний нүүрсний хувьд өнгөрсөн онд нь зургаан хувиар буурсан экспорт 2023 оны түвшинтэй ойролцоо байна. Хэрэв Хятад улс хямд үнийг ашиглан худалдан авалтаа нэмэгдүүлбэл Оросын эрчим хүчний нүүрсний экспорт өсөх магадлалтай гэж тус банкны мэргэжилтэн үзэж байна.
Эх сурвалж: Forbes
Сэтгэгдэл ( 1 )
Оросын ард түмэн ядуу ч амьдарна. Баян ч бас амьдарч чадна. Европчууд цалин нэмэхгүй бол амьдрах аргагүй болно. Тэд мөнгөний араас явсаар байгаад бүтээмжээ унагаасан. Бүтээмжээриөрсөлдөх чадваргүй учраас Украиныг Оросод хүссэн хүсээгүй өгнө. Тэгж байж л европчуудын үнийн өсөлт зогсоно. Одоохондоо Оросыг хавьчиж байгаа ч яваандаа өөрсдөө хоолгүй өлсөж Украиныг золиосонд гаргана. Ногоон эрчим хүч ч будаа болно. Тун удахгшй.