Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагааны асуудал хэлэлцжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 23

БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн орлогч дарга Жан Юся пүрэв гарагт ОХУ-д айлчилж, тус улсын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовтой яриа хэлэлцээ хийж, хоёр улсын арми хоорондын хамтын ажиллагааны асуудал хэлэлцсэн тухай Хятадын Батлан хамгаалах яам WeChat хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Жан Юся, Андрей Белоусов нар хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгуудын нөхцөл байдлын талаар хийгээд харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Тэд мөн өндөр түвшний харилцаа холбоогоо бэхжүүлж, практик хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон гэнэ.

“Хятад, Оросын харилцаа нь шинэ маягийн олон улсын харилцаа болон хөрш хоёр их гүрний харилцааны үлгэр жишээ болж байна. Мөнхийн найрсаг хөршийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд үндэслэсэн хоёр талын харилцаа нь байнга бэхжиж байгаа билээ” гэж Хятадын генерал тэмдэглэжээ.

“Энэхүү айлчлалынхаа хүрээнд би Оросын талтай хамтран манай хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top