АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө Украины талд танилцуулсан тухай Франс Пресс /AFP/ агентлаг Украины өндөр албан тушаалын түшмэлийг иш татан мэдээлсэн байна.
Америкийн засаг захиргааны Европын орнуудаас нууцалж байсан уг төлөвлөгөөнд Украины зэвсэгт хүчний албан хаагчдын тоог 400 мянга хүртэл цомхотгож, Крым, Донбасс болон бусад бүс нутагт Оросын бүрэн эрх тогтсоныг хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлага орсон ажээ. Цагаан ордны төлөөлөгчид энэ төлөвлөгөөнд дэвшүүлсэн шаардлагуудыг хүлээн авахыг авлигын хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан дэгдсэний улмаас байр суурь нь суларсан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд тулгаж байгаа тухай Их Британийн The Daily Telegraph сонин мэдээлэв. Украины түшмэлийн хэлснээр, тус улс бас алсын тусгалтай бүх зэвсгээсээ татгалзах ёстой ажээ. “Харин энэ төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэвшүүлж байгаа юу эсвэл түүний хүрээлэл санаачилсан уу гэдгийг бид ойлгохгүй байна. Орост ямар шаардлага тавьж байгаа нь бас ойлгомжгүй байгаа юм” гэж тэр тэмдэглэжээ.
Түүнээс гадна Америкийн засаг захиргааны Оросын талтай зөвшилцсөн гэж байгаа энэ төлөвлөгөөнд Украинд гадаадын цэрэг байрлуулахгүй байх, Орос хэлийг төрийн хэл хэмээн хүлээн зөвшөөрөх, Оросын үнэн алдартны сүм хийдийн харьяа Украины үнэн алдартны сүм хийдийн эрхийг хангах зэрэг шаардлага орсон байна гэж британийн Financial Times сонин мэдээлсэн байна.
АНУ одоо төлөвлөгөөний талаар Украины эрх баригчдын өгөх хариуг хүлээж байгаа аж. Орос улс Украины асуудлаарх ямарваа хэлэлцээрийн тухай мэдээллийг албан ёсны сувгаар хүлээн аваагүй гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )