Өнгөрсөн долоодугаар сард БНХАУ-ын Оросоос импортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өсөж, сүүлийн таван жилд бүртгэгдээгүй дээд үзүүлэлтэд хүрчээ.
Өнгөрсөн сард Хятад улс Оросоос нийт 7.42 сая тонн нүүрс худалдан авсан байна. Үүнээс өмнө 2017 оны зургаадугаар сард энэ үзүүлэлт 6.12 сая тонн, 2021 оны долоодугаар сард 6.49 сая тоннд хүрч, хамгийн өндөр үзүүлэлтээр бүртгэгдэж байжээ.
ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан Европын Холбооноос Оросын нүүрсэд тавьсан хориг наймдугаар сарын 11-нд хүчин төгөлдөр болсон. Энэ хориг нь Оросын шинэ зах зээл хайхад хүргэсэн ба Хятад, Энэтхэгт хямд үнээр нүүрс нийлүүлж байгаа билээ. Хятадын хойд хэсэгт халаалтын улирал эхлэхтэй холбогдуулан дөрөвдүгээр улиралд нүүрсний импорт өснө гэсэн хүлээлттэй байна.
Долоодугаар сарын сүүлээр Оросын нэг тонн нүүрс 150 ам.доллароор худалдаалагдаж байсан бол Австралийн ижил чанарын нэг тонн нүүрс 210 ам.доллароор үнэлэгдэж байжээ.
Өнгөрсөн долоодугаар сард БНХАУ Австралиас нүүрс худалдан аваагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )