Нобелийн шагнал гардуулах ёслол эсэргүүцэлтэй тулгарчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Швед улсад Албани, Турк, Косово, Хорват улсаас суугаа элчин сайд нар уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Австрийн зохиолч Петер Хандкед хүртээснийг эсэргүүцэн Нобелийн шагнал гардуулах ёслолыг бойкотолсон тухай Dagens Nyheter сонинд мэдээлжээ.

Уламжлал ёсоор шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Стокхольм хот дахь бүх элчин сайдын яамдын тэргүүн нарыг урьдаг юм. Хандке хуучин Югославын газар нутагт болсон дайны үеэр Сербийг дэмжсэн байр суурийг илт илэрхийлж, Сербийн Ерөнхийлөгч асан Слободан Милошевичийг дэмжиж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт болсон хамгийн олон хүнийг буюу 7-8 мянган ислам шашинтнуудыг хоморголон устгасан “цуст аллага” Сребеница дахь эмгэнэлт үйл явдлыг хүлээн зөвшөөрдөггүй хэмээн түүнийг буруутгадаг бөгөөд зохиолч үүнийг үгүйсгэдэг билээ.

Милошевичийн бодлого хуучин Югославын газар нутагт дайн дэгдэхэд хүргэж, үүний улмаас олон мянган хүн амь үрэгдэж, тус бүс нутагт олон жил үргэлжилсэн тогтворгүй байдлыг бий болгосон хэмээн Швед улсад суугаа Хорватын элчин сайд тайлбарлажээ.

Үүнтэй зэрэгцэн Хандкед Нобелийн шагнал гардуулахыг эсэргүүцэн Стокхольм хотноо мягмар гарагийн орой эсэргүүцлийн жагсаал болжээ. Нобелийн хорооны дарга Нобелийн шагнал улс төрөөс ангид бөгөөд шагнал хүртэгсдийн улс төрийн үзэл бодлыг үл харгалзан уран зохиолын салбарт гаргасан амжилтынх нь төлөө хүртээдэг гэж мэдэгдэж байсан юм.

Түүнчлэн, Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол дуулиангүй өнгөрсөнгүй. Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Этиопын Ерөнхий сайд Абий Ахмедад олгосныг эсэргүүцэн Осло хот дахь Норвегийн Парламентын ордны өмнө Эритрей гаралтай голдуу жагсагчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Абий Ахмедын Этиоп, Эритрейн хооронд хорин жил үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоосон гавьяа Эритрейд энх тайван байдлыг авчраагүй, тэрбээр Эритрейн хүний эрхийг ноцтой зөрчдөг Ерөнхийлөгч Исаяс Афверкиг дэмждэг хэмээн шүүмжилжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top