Утга зохиолын салбарын Нобелийн шагналтан өчигдөр тодорлоо. Орчин цагийн Канадын сонгодог яруу найргийн гарамгай төлөөлөл Энн Карсон 76 насандаа ийнхүү Нобелийн шагналтан боллоо. Тэрээр утга зохиолын салбарын нэр хүндтэй Набоковын шагнал, Астуриасын шагнал, Гриффинийн яруу найргийн шагналыг хоёр ч удаа, Т.С.Элиотын шагнал хүртэж байсан нэгэн. Энн Карсон нь яруу найргийн сонгодог уламжлалыг орчин цагтай уялдуулан, шинэ хуучин хоёр ярилцаж буй мэт яруу найргийн тийм сонин содон ертөнцийг бүтээж чадсан юм. Ийнхүү 12 жилийн дараа Канадаас төрсөн гурав дахь зохиолч Карсоны амьдралын дүрэм болсон эшлэлүүдтэй танилцая.
“Грекийн найрагчид тэр дундаа Эсхилусын зүйрлэлийн гайхамшигт сэтгэл зүрх минь үнэхээр татагддаг. Түүнтэй адилхан бичиж чадахгүй ч бүтээлийнх нь тэрхүү утга төгөлдөр, янз нягт чанарыг өөрийн англи хэлэндээ шингээхийг би ямагт хичээдэг юм”
“Бид өөрсдийгөө үгүй хийж, хоосолж байж энэ ертөнцийг бүтээлцдэг”
“Би англи хэлний утга тансаг шаглааг төгс эзэмшиж амжаагүй л явна”

“Зан аашийн хувьд би яхир, дүнсгэр талдаа хүн. Тийм ч учраас дүрэм журамд баригддаггүй. Магадгүй энэ миний маяг байж ч мэдэх юм”
“Ном хэвлэгдэж, нийтийн хүртээл болоод эхэлмэгц олон нийт намайг “найруулан бичих ур зүй”-г заах ёстой гэж харах болсон. Гэвч үнэн хэрэгтээ яаж найруулах, яаж бичихийг би мэддэг ч юм биш. Нэг хүн заагаад нөгөө нь сураад байдаг ч эд биш”
“Миний анзаарснаар бид шинэ зүйлийг бодоод байдаггүй. Олон бодлын хооронд л аялаад байдаг юм шиг. Оюун ухаанд чухам энэ үед оч цахиж шинэ санаа төрдөг байх. Миний хувьд анх удаа бодсон бодол аль хэдийнээ миний тархинд ч юм уу, бүр эсвэл бусдын тархинд удчихсан зүйл байдаг”

“Би бичихэд зориулсан шиг цагийг зурахад зориулсан бол сайн зураг зурах байсан байх. Гэвч зураг бол сэтгэлийн толь юм. Уран зурагт өөрийгөө аргалж, нууж хаана гэж байдаггүй юм”
“Бичиж буй шүлэг мааь бусдад нэг тийм зааг дээр ирсэн шиг мэдрэмж төрүүлдэг байх. Нэг бол бичиж буйд маань, нэг бол тухайн хүний дур татам байдалд автана. Бүр эсвэл ил болохоо хүлээж байгаа ч бүрэн танигдаагүй тэрхүү үнэнээс айн түгшинэ”
“Яруу найрагт хувь хүний дотроо чимээлсэн чимээ харилцан адилгүй зайд оршдог. Надад хамгийн ойр мэдрэгдэж байгаа зүйлсээс хүссэн үг маань гарахгүй байх тохиолдол бий”

“Би шүүмж уншдаггүй. Бусдын бодлыг ч анхаараад байдаггүй. Зөнд нь хаячихдаг. Уншаад, анхаараад л эхэлбэл “би”-гээсээ холдож, хиймэл “би”-г үйлдвэрлэж эхлэх учраас хол байхыг хичээдэг юм”
“Ахуйн шавартай булингараас бодлыг татан гаргаж, хэл зүй болон хүний ойлгох утга учирт оруулна гэдэг асар том тэмцэл. Тэмцэл дунд хэлийг шинээр олж авч, найргийн цэцийг эхнээс эрэлхийлдэг”
“Ахлах сургуулийнхаа сүүлийн жилд грек хэлийг санамсаргүй байдлаар сурч эхэлсэн юм. Эхэндээ өдрийн хоолныхоо цагаар сонирхлоороо сурдаг байснаа их сургуульд ороод гүнзгийрүүлж судлах болсон. Миний амьдралын гол багана бол яах аргагүй грек хэл”

“Мэдрэхүй, сэтгэл хөдлөлийн чимхлүүр сэжим бүрийг тэмдэглэж, бодит байдал, сэтгэлийн тольтод амьдралын чухам үнэнийг үнэмшилтэйгээр илэрхийлэх чадвар надад бий”
“Бодож дуусаад араас нь шинэ бодол залгадаг шиг үгийн илэрхийлэмж бүр дахин шинээр эхэлдэг”

Сэтгэгдэл ( 0 )