Жүжигчин Ума Каруна Турман 1970 оны 4-р сарын 29-нд Массачусетс мужийн Бостон хотноо Энэтхэг-Төвдийн Буддист судлалын профессор Роберт Турман болон загвар өмсөгч Нена фон Шлебрюгге нарын гэр бүлд мэндэлжээ.
Эгдүүтэй хийгээд, даруухан байсан тэрээр өндөр гоолиг биетэй хэдий ч ясны онцгой бүтэцтэй, том хөлтэй хэмээн шоолуулдаг байсан аж. Дисморфик буюу бие галбар, зүс царайгаа голох эмгэгтэй байсан түүнд ээжийнх нь найз хамрын мэс засал хийлгэхийг санал болгож байсан гэдэг.
Түүний бүтэн нэрийг Ума Каруна Турман гэдэг. Хиндү шашинд Ума хэмээх үг нь гоо үзэсгэлэн, гэрлийн дарь эхийг нэрлэдэг бол Каруна хэмээх үг нь энэрэн нигүүлсэхүй, нинжин сэтгэл хэмээх утгатай аж. Харин түүний нэр Португали хэлээр нэгийн тоог нэрлэдэг бол Полинез хэлэнд үнсэлт гэх үгийг илэрхийлдэг байна. Тэрээр Энэтхэгийн Уттаракханд мужийн Альмора хотод хоёр жил орчим амьдарч буддын шашны боловсрол эзэмшиж байжээ.
Наймдугаар ангид байхдаа жүжиглэх дуртайгаа олж мэдсэн тэрээр 14 настайдаа Массачусетсийн Нортфилд Моунт Хермон сургуульд элсэн оржээ. Тухайн үед The Crucible жүжгийн Абигейлийн дүрд проб өгч тэнцсэнээр жүжигчний мэргэжлийг сонгон сургуулиа орхижээ.
15 настайдаа Click Models агентлагтай гэрээ байгуулан загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн тэрээр Glamour болон Британийн Vogue сэтгүүлийн 1985 оны 12-р сар, 1986 оны 5-р сарын дугааруудын нүүр хуудсыг чимж байжээ.
1987 онд Ума Турман өсвөр насныханд зориулсан “Кiss Daddy Goodnight” хэмээх кинонд тоглосон бол 1988 онд “Johnny Be Good”, “The Adventures of Baron Munchausen”, “Dangerous Liaisons” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.
Эдгээр дундаас “Dangerous Liaisons” кино чамгүй амжилт үзүүлж Оскарын шагнал хүртсэн. Ума Турман тус кинонд хүчирхийлэлд өртсөн гэнэн, өсвөр насны охины дүрийг бүтээсэн бөгөөд үзэгчдэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дүр нь юм.
1990 онд түүний тоглосон "Henry & June" кино үзэгчдийн хүртээл болсон бол 1992 онд “Final Analysis” болон “Jennifer 8” хэмээх кинонууд нээлтээ хийв.
1993 онд “Even Cowgirls Get the Blues” хэмээх кинонд ер бусын том эрхий хуруутай эмэгтэйн дүрийг бүтээсэн нь багагүй шүүмжлэл дагуулав. Уг кино төдийлөн амжилт олоогүй ч түүнийг “Golden Raspberry Award”-д нэр дэвшүүлж дөнгөсөн юм.
Мөн 1993 онд тэрээр "Mad Dog and Glory" хэмээх кинонд тоглосон бол 1994 онд домогт найруулагч Квентин Тарантиногийн "Pulp Fiction” кинонд тогложээ. Найруулагч Квентин Тарантино уг дүрдээ хэд хэдэн жүжигчин товлоод байсан ч Ума Турмантай анх уулзмагцаа түүнийг тоглуулахаар шийдсэн гэдэг. Тэрээр Ума Турманд Найруулагч Квентин Тарантино"Pulp Fiction” кинонд дүр бүтээсэнд нь талархал илэрхийлжээ.
Уг кино дэлхий даяар нийт 213.9 сая ам.долларын ашиг олсон бөгөөд түүхэн дэх хамгийн шилдэг кинонуудын нэгээр нэрлэгдэг билээ. Ума Турманы бүтээсэн Миагийн дүр 1990-ээд оны үеийн хамгийн алдартай эмэгтэй дүрүүдийн нэгээр нэрлэгдсэн байдаг. Уг дүрээрээ тэрээр Алтан бөмбөрцөг болон Оскарын наадамд шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшиж, алдартнуудын жагсаалтад багтах болжээ. Гэсэн ч уг киноноос хойш гурван жилийн турш кинонд тоглохгүй хэмээн мэдэгдсэн байдаг.
1996 онд тэрээр “Beautiful Girls” болон “The Truth About Cats & Dogs” киногоороо кино урлагтаа эргэн иржээ. “The Truth About Cats & Dogs” хэмээх инээдмийн кино нь үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, багагүй ашиг олсон.
1997 онд дэлгэцнээ гарсан “Batman & Robin” кино нь Бэтмэний цувралын дөрөв дэх буюу сүүлчийн анги бөгөөд дэлхий даяар нийт 238 сая ам.долларын ашиг олжээ. Энэ нь Бэтмэн цувралын хувьд муу үзүүлэлт байсан бөгөөд үзэгчдээс ерөнхийдөө муу үнэлгээ авсан гэхэд хилсдэхгүй.
Тухайн онд дэлгэцнээ цацагдсан “Gattaca” хэмээх уран зөгнөлт кинонд тоглосон. Эцэг, эхийнхээ хамгийн сайн генийг агуулсан үр хөврөл бий болгон, генетикийн хувьд төгс хүн бий болгох ажлын сөрөг талыг харуулсан энэхүү бүтээл нь кино шүүмжлэгчдээс ерөнхийдөө өндөр үнэлгээ авсан хэдий ч төдийлөн ашиг орлого олоогүй гэдэг.
Тус кино Оскарт шилдэг уран сайхны найруулга, Алтан бөмбөрцөг наадмын шилдэг зохиол төрөлд тус тус нэр дэвшиж байсан юм.
Үүнээс хойш тоглосон кино бүр нь ерөнхийдөө амжилтай болж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. 1998 онд “Les Misérables” кинонд Фантины дүрийг бүтээсэн тэрээр Рожер Эбертээс "Турманы гүйцэтгэл бол түүхийн хамгийн шилдэг элемент” гэх магтаал авч байв.
Тухайн жилдээ хэд хэдэн кинонд дүр бүтээсэн тэрээр 1998 онд анхны охиноо өлгийдөн авсан. Үүнээс хойш хэд хэдэн кинонд богино хэмжээний дүр бүтээсэн тэрээр эцэст нь кино урлагаас дахин завсарлага авч “The Lord of the Rings” киноны Эовины (Éowyn) дүрд тоглохоос татгалзжээ. Энэ нь түүний гаргасан хамгийн муу шийдвэрүүдийн нэг байсан гэдэг.
2000 оны үеэр тэрээр дахин дэлгэцнээ эргэн ирж хэд хэдэн кинонд дүр бүтээв. 2001 онд тоглосон “Tape” хэмээх киноны дүрээрээ тэрээр "Independent Spirit Award"-д нэр дэвшсэн байна.
2002 онд HBO-ийн бүтээл “Hysterical Blindness” кинонд тоглохын сацуу гүйцэтгэх продюсерээр ажилласан тэрээр Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшиж, ялалт байгуулжээ.
2003, 2004 онуудад тэрээр найруулагч Квентин Тарантиногийн бүтээл “Kill Bill” кинонд алуурчин Беатрикс Киддогийн дүрийг бүтээсэн. Тарантино уг киноны Беатрикс Киддогийн дүрийг Ума Турманд зориулан бичжээ.
Алдарт “Kill Bill” киноны зураг авалтын үеэр тэрээр автомашины осолд байна. Тухайн үед найруулагч Тарантино түүнийг өөрөө машин жолоодохыг шаардсан бөгөөд түүний унаж явсан автомашин осолдож, жүжигчин бүсгүй хүзүү болон өвдгөндөө гэмтэл авчээ.
Гэмтлээс үүдэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тэрээр ослын үеийн бичлэгийг үзэх санал тавьсан ч Мирамакс компани тодорхой гэрээний хүрээнд бичлэг үзүүлэх санал тавьсан байна. Уг гэрээнд Ума Турман гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Ума Турман энэхүү дүрийг бүтээхийн тулд гурван сарын турш тулааны урлаг болон туялзуур сэлмээр хичээллэж, япон хэл сурчээ. Зураг авалт есөн сарын турш үргэлжил, 5 өөр оронд зураг авалтаа хийсэн байна. Киног анх нэг ангит байхаар төлөвлөсөн ч хэт урт байсан тул хоёр анги болгон өргөтгөсөн гэдэг.
Энэхүү дүрээрээ Ума Турман "Алтан бөмбөрцөг"-т хоёр удаа нэр дэвшсэн бол "MTV Movie Awards"-аас "Шилдэг эмэгтэй дүр"-ийн номинацад гурван удаа, "Шилдэг тулаан"-д хоёр удаа тус тус нэр дэвшжээ.
2005 онд гэхэд тэрээр нэг кинонд дунджаар 12.5 сая ам.доллараар тоглодог болсон байсан бөгөөд тухайн жилд дүр бүтээсэн "The Producers" кинонд өөрийн зохиосон дуугаа дуулсан байдаг.
2006 онд Ума Турман “My Super Ex-Girlfriend” кинонд дүр бүтээсэн. Найз залуудаа хаягдсан супер баатар өшөөгөө авч буй тухай өгүүлэх энэхүү кинонд тэрээр 14 сая ам.долларын цалин авчээ. Гэсэн ч уг кино тийм ч их амжилт олоогүй бөгөөд дэлхий даяар ердөө 61 сая ам.долларын ашиг олжээ. 2008 он хүртэлх түүний тоглосон кинонууд төдийлөн амжилт олсонгүй.
2009 оны "Motherhood" кинонд тэрээр анх удаагаа ээжийн дүрд тогложээ. Жирийн нэгэн гэр бүлийн уламжлалт амьдралаар амьдарч буй бүсгүй гэр бүлийнхээ бүхий л асуудалд санаа тавина. Харин нөхөр нь бүхий л үүрэг хариуцлагаа эхнэртээ даатган, зөвхөн ажилдаа л төвлөрөх бөгөөд амьдралын олон асуудлыг зохицуулахын тулд хичээж буй эмэгтэйн тухай энэхүү кино өгүүлдэг байна.
Энэхүү кино АНУ-ын зарим хэсэгт нээлтээ хийн гурван долоо хоногийн хугацаанд 93,388 ам.долларын ашиг орлого олжээ.
2010 онд Ума Турман “Percy Jackson & the Olympians: The Lightning Thief” хэмээх кинонд Медузагийн дүрийг бүтээсэн. Энэхүү киноны зураг авалт 2009 оны дөрөвдүгээр сард Ванкуверт эхэлсэн бөгөөд зарим хэсгийн зураг авалтыг Теннесси болон Лас Вегаст хийсэн бол гадна талын зарим зураг авалтыг Нью-Йоркт хийжээ.
2010 оны 2-р сарын 12-нд дэлгэцнээ цацагдсан энэхүү кино кино шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан. Уг кино 95 сая ам.долларын төсөвтэй бүтсэн бөгөөд дэлхий даяар 226.4 сая ам.долларын орлого олжээ.
Уг киноноос сэдэвлэн бүтээсэн видео тоглоом 2010 оны хоёрдугаар сарын 11-нд болон Nintendo DS-д зориулан гаргасан бол үргэлжлэл болох “Percy Jackson: Sea of Monsters” кино 2013 оны 8-р сарын 7-нд нээлтээ хийжээ. 90 сая ам.долларын төсвөөр бүтсэн хоёрдугаар анги дэлхий даяар 200.9 сая долларын орлого олжээ.
2011 онд Ума Турман Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан. Гэсэн ч түүний тоглосон кинонууд төдийлөн амжилт үзүүлээгүй бөгөөд шүүмжлэгчид түүнийг хэрэгцээгүй жижиг дүрүүдэд цагаа үрж байна хэмээн шүүмжлэх болсон аж.
2012 онд тэрээр "Smash" хэмээх телевизийн олон ангит кинонд тоглож, Грэммийн шагналд нэр дэвшсэн бол 2013 онд “Nymphomaniac” хэмээх хоёр ангит кинонд дүр бүтээж “Bodil Award”-ын шилдэг туслах дүрийн номинацид нэр дэвшиж, 2014 онд “BAMBI Award-аас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ.
2017 оноос Бродвейд дебют хийсэн Ума Турман үзэгчдийн санал асуулгаар Шилдэг гол дүрийн жүжигчин шагнал хүртсэн байна.
2018 онд түүний тоглосон “The House That Jack Built” хэмээх сэтгэл зүйн аймшгийн кино Каннын кино наадмын үеэр нээлтээ хийсэн. Үүний дараа “Down a Dark Hall” хэмээх триллер төрлийн кинонд охидын сургуулийн захирал бүсгүйн дүрийг бүтээсэн байна.
2023 он хүртэл тэрээр жил бүр тасралтгүй кино уран бүтээлүүдэд оролцсон. Ихэвчлэн триллер, инээдмийн кинонд дүр бүтээсэн түүний тоглосон “Red White & Royal Blue” киноны зураг зураг авалт энэ онд эхлэх төлөвтэй байгаа бөгөөд тэрээр уг кинонд АНУ-ын зохиомол ерөнхийлөгч Эллен Кларемонтын дүрийг бүтээх аж. Мөн жүжигчин Чарльз Теронтой хамтран тоглосон “The Old Guard” киноны хоёрдугаар ангийн бүрэлдэхүүнд нэгдсэн тухай мэдээлэл цацагдаад байна.
2023 онд дэлгэцнээ гарсан “The Kill Room” кинонд тэрээр жүжигчин Сэмюэл Л.Жексоны хамт дүр бүтээсэн. Мөнгө угаагчид санамсаргүйгээр алуурчинг нэгхэн шөнийн дотор од болгон хувиргаснаар урлагийн ертөнц далд орших нууцлаг ертөнцтэй холбогдох болно.
Тэрээр тансаг зэрэглэлийн олон брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан нэгэн. Тухайлбал Lancome, TAG Heuer, Louis Vuitton, болон Parfums Givenchy зэрэг брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн загварлаг бүсгүйчүүдийн жагсаалтад мөн багтаж байжээ.
Ума Турман английн нэрт жүжигчин Гэри Олдмантай “State of Grace” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Хосууд 1990 онд гэрлэсэн ч 1992 онд хоёр тийш болсон байна.
1998 оны тавдугаар сарын 1-нд тэрээр 1997 онд "Gattaca" киноны зураг авалтын үеэр танилцсан Америкийн жүжигчин Этан Хоуктай гэрлэжээ. 1998 онд тэдний охин Маяа мэндэлсэн бол 2002 онд хүү Левон нь мэндэлжээ. Гэсэн ч хосууд 2003 онд хоёр тийш болж 2005 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байна.
2007 онд Ума Турман Арпад Буссон хэмээх санхүүч залуутай болзож эхэлсэн бөгөөд тэд 2008 оны 6-р сард сүй тавьсан тухайгаа зарлав. Харамсалтай нь тэд 2009 онд сүйгээ цуцалсан ч удалгүй эвлэрсэн гэдэг. Тэд 2012 онд охинтой болж, 2014 онд дахин сүй тавьсан ч 2017 онд хүүхдээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэх болсон байна.
30 гаруй жилийн турш тэрээр нийтдээ 60 гаруй тайз, дэлгэцийн бүтээлд оролцон тоглож, дотоод болон гадаадын кино наадмуудаас нийт 11 шагнал хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )