АЛДАРТНУУД | “Хамгийн муу эмэгтэй дүр”-ийн эзэн Тара Рид

Ж.Сондор | Zindaa.mn
10 цагийн өмнө

 

Америкийн алдарт жүжигчин, загвар өмсөгч Тара Донна Рид 1975 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр АНУ-ын Нью Жерси мужид Томас Рид болон Донна Рид нарын охин болон мэндэлжээ. Түүний эцэг, эх өдөр өнжүүлэх төв ажиллуулан тэндээ багшаар ажилладаг байсан бөгөөд аав нь Уолл Стритэд мөн давхар ажилладаг байсан аж.

Хүүхэд байхдаа Манхеттан дахь мэргэжлийн урлагийн сургуульд өдгөө дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн жүжигчин Кристина Риччи, Жерри О'Коннелл, Сара Мишель Геллар, Дональд Фэйсон, Маколей Калкин нарын хамт суралцдаг байжээ.

Зургаан настайгаасаа эхлэн нэвтрүүлэгт оролцон сурталчилгаанд тоглож эхэлсэн тэрээр нийтдээ Jell-O, McDonald's, Crayola, Milton Bradley зэрэг корпорациудын 100 гаруй сурталчилгаанд тогложээ. 1997 онд Холливудад хөл тавьж кинонд тоглох болсон тэрээр 1998 онд цацагдсан "The Big Lebowski" кинонд гол дүр бүтээжээ. Уг кино төдийлөн ашиг орлого олж чадаагүй ч сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог байна. 2018 онд өгсөн ярилцлагадаа тэрээр “Тухайн үед Банни Лебовскигийн дүрд тоглохоор жүжигчин Шарлиз Терон, Лив Тейлор нар шалгаруулалтад оролцож байгааг харсан учраас өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Гэтэл энэхүү дүрийг авсан тухай надад хэлэхэд би үнэхээр их гайхсан. Энэхүү дүр надад маш том үүд хаалгыг нээж өгсөн. Энэ дүрд тоглоогүй бол би өнөөгийн түвшинд хүрч чадахгүй байсан гэж бодож байна” гэжээ. 

 

 

Тухайн жилд түүний тоглосон “Urban Legend” хэмээх кино мөн үзэгчдийн хүртээл болсон. Уг кинонд дур булаам хөтлөгчийн дүр бүтээсэн тэрээр уг киноны хоёр болон гуравдугаар ангид дүр бүтээхээс татгалзаж байжээ.

1999 онд жүжигчин бүсгүй “Cruel Intentions” кинонд богино хэмжээний дүр бүтээсэн. Мөн тухайн жилдээ үзэгчдийн хүртээл болсон “American Pie” кинонд дүр бүтээсэн нь түүнд амжилтын амтыг мэдрүүлсэн гэдэг. Уг кино АНУ-д 100 сая гаруй ам.долларын ашиг орлого олсон бөгөөд түүний тоглосон анхны Box Office-ийн 1-т бичигдсэн кино юм. 2001 онд тэрээр “American Pie” киноны хоёрдугаар ангид дахин тоглосон бөгөөд 45 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг кино АНУ даяар нийт 145 сая ам.долларын ашиг олжээ. Уг киноны гуравдугаар ангид тоглохоос татгалзсан тэрээр 2012 онд дэлгэцнээ гарсан дөрөвдүгээр анги болох “American Reunion”-д эргэн ирсэн юм.

 

 

“American Pie 2” амжилттай болсны дараа тэрээр “Josie and the Pussycats”, “Van Wilder”, “Dr. T & the Women”, “Scrubs”, “My Boss's Daughter” зэрэг кинонуудад дүр бүтээсэн.

2000 онд гарсан “Dr. T & the Women” кинонд тэрээр жүжигчин Ричард Гирийн охиныг дүрийг бүтээдэг бол “Scrubs” цувралын гуравдугаар улирлын 11 ангид туслах дүр бүтээжээ. Жүжигчин Эштон Качертай хамтран тоглосон “My Boss's Daughter” кино  Golden Raspberry Awards-ийн “Хамгийн муу эмэгтэй туслах дүр”, “Хамгийн муу дэлгэцийн хос” номинацуудад тус тус нэр дэвшиж байжээ.

2005 онд Тара Рид Германы алдарт найруулагч Уве Боллын “Alone in the Dark” хэмээх кинонд жүжигчин Кристиан Слейтерийн хамтаар тогложээ. Тус кинон дээр Канадын нэгэн мужийн нэрийг буруу хэлсэн нь интернэт орчинд тархахын сацуу шүүмжлэгчдээс “муу” үнэлгээ авч Golden Raspberry Awards-аас “Хамгийн муу эмэгтэй дүр” төрөлд шагнал хүртсэн байна.

 

 

Тус оны зургаадугаар сард жүжигчин бүсгүй Wild On Tara Reid хэмээх нэвтрүүлгийг хөтлөн явуулахаар болж, тус нэвтрүүлэг 2005 оны наймдугаар сард нээлтээ хийжээ. Гэсэн ч харамсалтай нь уг нэвтрүүлгийг 9 дүгээр сард нь цуцалсан байна.

2007 онд сурталчилгааны ажилд ихээр орж, “Clean Break” зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээв. 2011 онд түүний тоглосон "The Fields" хэмээх триллер төрлийн кино нээлтээ хийсэн бөгөөд Тара Рид уг кинонд Бонни хэмээх эмэгтэйн дүрийг бүтээхийн сацуу "The Big Lebowski 2", “Funny or Die” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.

2011 онд жүжигчин алдартнуудыг оролцсон “Celebrity Big Brother 8” реалити шоунд оролцжээ. Гэсэн ч удалгүй хамгийн бага санал авсан оролцогч болж шоуг орхижээ.

2013 онд тэрээр нийт зургаан цуврал бүхий “Sharknado” кинонд тоглосон. Далайн хар шуурга аварга загаснуудыг далайгаас гаргаж Лос Анжелес хотод авчирснаар хотод эмх замбараагүй байдал үүсч, цуст аллага болж буй тухай өгүүлэх уг кинонд тоглохоор болсон тухайгаа жүжигчин бүсгүй 2018 онд “The Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ киноны зохиол надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Миний амьдралдаа уншиж байсан хамгийн инээдтэй, тэнэг гэмээр зохиол байсан” хэмээн ярьсан нь багагүй шуугиан дэгдээж байжээ. Энэхүү киноны хэтийдсэн зохиол нь үзэгчдийн дунд хит болоход гол нөлөө үзүүлсэн хэмээн кино сонирхогчид дүгнэсэн байдаг.

 

 

2014 онд түүний тоглосон “The Hungover Games” хэмээх пароди төрлийн кинонд дүр бүтээсэн бол 2015 онд “Charlie’s Farm” хэмээх аймшгийн кинонд дүр бүтээжээ.

Тэрээр мөн Болливудын бүтээл “Tie the Knot” хэмээх уран бүтээлд тоглож, “The Big Big Show” телевизийн цувралд дүр бүтээсэн байна.

2019 онд жүжигчин бүсгүй “The Boys” хэмээх супер баатруудыг элэглэсэн цувралын нэг ангид жижиг дүр бүтээжээ.

Жүжигчин Тара Рид CosmoGirl, Rolling Stone, Seventeen, Maxim, Playboy, Stuff, FHM зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж байсан нэгэн. 2009 онд тансаг зэрэглэлийн их дэлгүүрүүдэд худалдаалагдсан Mantra коллекцийн дизайныг гаргаж байсан тэрээр 2014 онд “Sharknado” киноноос санаа аван усны хувцас болон Shark by Tara нэрийн сүрчгээ худалдаанд гаргаж байжээ.

Тэрээр мөн Jello, McDonald's, Dodo Australia, Crayola зэрэг байгууллагын сурталчилгаанд тоглож байсан бөгөөд Bella, Geisha House болон The Shore зэрэг ресторануудын хувьцаа эзэмшигч, Лос Анжелес хотод байрлах Ketchup хэмээх түргэн хоолны рестораны үүсгэн байгуулагч юм.

 

 

Дебютээ хийсэн цагаасаа эхлэн гадаад төрх байдлаараа шүүмжлүүлсэн тэрээр үүнээс үүдэн сэтгэцийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн тухай дурдсан байдаг. “American Pie 2” кино нээлтээ хийсний дараа түүний зураг цахим орчин тархаж “хэт туранхай” хэмээн шүүмжлүүлж байжээ. Тэрээр кинонд тоглох боломжоо нэмэгдүүлэхийн тулд гоо сайхны мэс засалд орсон болохоо олон нийтэд нээлттэй хуваалцдаг нэгэн бөгөөд цахим орчинд бусдыг хэл үгээр доромжлогчдын эсрэн тэмцэгчдийн нэг аж.

2006 онд жүжигчин бүсгүй Us Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр өөх соруулах мэс ажилбар хийлгэсэн тухайгаа ярьсан байдаг. Гэсэн ч уг хагалгаа амжилтгүй болж түүний хөхний хэмжээ хоёр өөр болсон тул нэмэлтээр хөх сойх хагалгаанд орох шаардлагатай болж байжээ.

Түүний хувийн амьдрал мөн л арвин түүхтэй. Тэрээр 2000 онд телевизийн хөтлөгч, продюсер Карсон Дейлтэй танилцаж, улмаар хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тухайн оныхоо аравдугаар сард Карсон Дейл түүнд гэрлэх санал тавьж байжээ. Хосууд 2001 оны зургаадугаар сард сүй тавьсан ч удалгүй сүйгээ цуцалжээ.

 

 

2010 оны нэгдүгээр сард жүжигчин бүсгүй нэртэй бизнесмэн Майкл Актманнтай сүй тавьж, тухайн жилийнхээ зун хуримын ёслолоо товложээ. Гэсэн ч дөрөвдүгээр сард нь сүйгээ цуцлан хоёр тийш болж буйгаа зарласан байдаг.

Үүнээс долоон сарын дараа буюу 2010 оны арваннэгдүгээр сард Тара Рид Данийн бизнесмэн болзож эхэлсэн ч дараа оны хоёрдугаар сард хоёр тийш болжээ.

2011 оны наймдугаар сард түүнийг Болгарын санхүүч эртэй гэрлэсэн тухай мэдээлэл цацагдсан ч аравдугаар сард нь албан ёсоор гэрлээгүй хэмээн залруулга мэдээлэл гаргаж байв.

2013-2014 оны хооронд Infected Mushroom хамтлагийн хөгжимчинтэй болзож байсан жүжигчин бүсгүй 2017 онд бизнесмэн Тэд Даниктай болзож байгаа тухайгаа олон нийтэд мэдээлсэн байна.

Жүжигчин бүсгүй дебют хийснээсээ хойш нийт 50 гаруй бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүр, 30 гаруй цувралд гол болон туслах дүр бүтээжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top