Алдарт найруулагч Жэймс Фрэнсис Кэмерон 1954 оны 8-р сарын 16-нд Канадын Онтарио мужийн Капускасинг хотод цахилгааны инженер Филип Камерон, зураач, сувилагч Ширли нарын гэр бүлд ууган хүү нь болон мэндэлжээ.
Түүний элэнц өвөө 1825 онд Шотландаас цагаачлан Канадад суурьшсан нэгэн байсан бөгөөд Жеймс зуны амралтаараа өвөөгийнхөө ферм дээр очиж цагийг өнгөрөөдөг байв. Түүнийг 17 хүрдэг жил түүний гэр бүлийнхэн АНУ-ын Калифорния мужийн Бреа хэмээх газар руу нүүж, тэндээ суурьшжээ.
Жеймс Кэмеронтой хамт сурдаг байсан хүүхдүүд түүнийг спорт сонирхохын оронд гүн ухаан эсвэл хийсвэр ертөнцөд сонирхолтой нэгэн байсан хэмээн дурсан ярьсан байдаг.
1973 онд физикийн чиглэлээр коллежид суралцаж эхэлсэн тэрээр жилийн дараа коллежоо орхижээ. Сургуулиасаа гарсан тэрээр ачааны машины жолооч, ахлах сургуулийн жижүүр зэрэг хачирхалтай ажил хийхийн зэрэгцээ шар айраг ууж, каннабис татаж, LSD хэрэглэдэг байсан ч уншиж, бичих дуртай нэгэн байв. Хэдийгээр сургуулиасаа гарсан ч USC номын санд бусад оюутнуудын хамтаар суун оптик хэвлэлт, нүүрэн талын дэлгэцийн проекц зэрэг киноны технологитой холбоотой ном зэргийг уншдаг байсан тэрээр киноны тусгай эффектийн талаар тодорхой ойлголттой болсон байв.
1977 онд “Оддын дайн” киног үзсэнийхээ дараа тэрээр ачааны машины жолоочийн ажлаа орхин кино урлагт хөл тавьсан байна. Түүний карьер 1978 онд эхэлсэн. Шүдний эмч нарын консорциумаас мөнгө зээлж, найзынхаа хамтаар анхны дэлгэцийн бүтээл болох “Xenogenesis”-ээ толилуулсан тэрээр энэхүү богино хэмжээний киноныхоо зохиолыг бичиж, найруулж, продюсерээр нь ажиллажээ.
1979 онд “Rock 'n' Roll High School” кинонд туслахаар ажиллаж байх үедээ Рожер Корманы студид туслах зураачаар ажилд оржээ. 1980 онд “Battle Beyond the Stars” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт киноны уран сайхны найруулагчаар ажилласан тэрээр 1981 онд “Escape from New York” киноны тусгай эффектийг хийжээ. Мөн тухайн жилдээ “Galaxy of Terror” кинонд продюсер, 1982 онд “Android” киноны уран сайхны найруулагчаар ажиллажээ.
1982 онд тэрээр 1978 онд дэлгэцнээ гарсан “Piranha” киноны үргэлжлэл болох “Piranha 2: The Spawning” кинонд тусгай эффектийн найруулагчаар ажиллахаар болжээ. Тус киног найруулж байсан Миллер Дрэйк болон продюсер Овидио Ассонитис нарын дунд маргаан үүссэнээс болж Миллер Дрэйк уг киног найруулахаас татгалзсан бөгөөд Жеймс Кэмерон түүний ажлыг хүлээн авсан байна. Уг кино түүний анхны найруулсан томоохон хэмжээний кино болжээ. Гэсэн ч продюсер Овидио Ассонитистэй санал зөрөлдсний улмаас энэхүү киног өөрийн анхны бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөхөд тун ч эргэлзээтэй байдаг хэмээн хожмоо дурсан ярьсан байдаг.
1984 онд Жеймс дэлхий нийтийг байлдан дагуулсан “The Terminator” киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү киноныхоо зохиолыг тэрээр 1978 онд гарсан “Halloween” хэмээх аймшгийн кино болон өөрийг нь авахаар ирсэн дийлдэшгүй хүчит роботын тухай хар дарсан зүүднээсээ сэдэвлэн бичжээ. Гэсэн ч энэхүү зохиолоо кино болгохын тулд түүнд кино компани хэрэгтэй байв. Кино студиудэд зохиолоо санал болгоход түүний зохиол сонирхолтой санагдсан ч танил бус найруулагчид итгэн кино төсөл хариуцуулна гэдэг тэдний хувьд том эрсдэл гэдгийг хэлж байв. Харин "Pacific Western Productions"-ийг үүсгэн байгуулагч Гейл Энн Хурд түүний зохиолыг 1 доллараар худалдан авч, найруулагчаар нь ажиллахыг зөвшөөрсөн байна.
Тус киноны киборгийн дүрд жүжигчин Лэнс Хенриксенийг тоглуулахаар төлөвлөж байсан ч Жеймс Кэмерун Арнольд Шварцнеггерийг илүү тохиромжтой хэмээн үзсэнээр уг дүрд Арнольд Шварцнеггер тоглохоор болсон байна.
“The Terminator” кино тухайн үед хүлээлтээс давж дэлхий даяар нийт 78 сая гаруй ам.долларын ашиг орлого олжээ. 2008 онд уг киног АНУ-ын соёл, түүх, гоо зүйн ач холбогдолтой бүтээл хэмээн үнэлэн АНУ-ын үндэсний кино бүртгэлд хадгалахаар болсон байна.
Тухайн ондоо буюу 1984 онд Кэмерон “First Blood” хэмээх киноныхоо зохиолыг бичиж найруулсан бол 1985 онд гарсан “Rambo: First Blood Part II” киноны зохиолыг жүжигчин Сильвестер Сталлоне бичиж, Кэмерон найруулжээ.
1986 онд тэрээр “Aliens” киногоо үзэгчдийн хүртээл болгожээ. Шинжлэх ухааны, уран зөгнөлт энэхүү киноны нэгдүгээр анги 1979 онд үзэгчдийн хүртээл болж байжээ. Уг кино дэлхий даяар нийт 130 сая гаруй долларын ашиг орлого олж, Оскарын 7 төрөлд нэр дэвшиж 2-т нь ялалт байгуулсан байна.
Энэхүү киноны дараа Жеймс Кэмерон “The Terminator” киног хамтран бүтээсэн Гейл Энн Хурдийн хамтаар “The Abyss” хэмээх уран зөгнөлт киног бүтээх ажилдаа оров. Ахлах сургуульд байхдаа бодож олсон санаан дээрээ үндэслэн бүтээсэн уг киногоо 41 сая ам.долларын өртөгтэй хийхээр төлөвлөсөн байсан ч үүнээс өндөр төсвөөр бүтжээ. Газрын тосны өрмийн ажилчид далайд амьдардаг хачирхалтай амьтадтай таарч байгаа тухай өгүүлэх энэхүү киноны зураг авалтыг Кайманы арлууд болон Өмнөд Каролинад хийсэн бөгөөд баригдаж дуусаагүй байгаа атомын цахилгаан станц дотор асар том усны цооног барьж хийсэн байна.
Жүжигчид болон кино багийнхан Кэмероны хэт захирангуй байдал сэтгэцийн болон бие махбодийн байдалд нь хүндээр нөлөөлж байсан тухай ярьсан байдаг. Уг кино нээлтээ хийсэн даруйдаа тусгай эффектээрээ олныг гайхшруулж, дэлхий даяар нийт 90 сая ам.долларын ашиг олжээ. Тус кино Оскарын 4 номинацад нэр дэвшиж, Шилдэг визуаль эффект төрөлд шилдгээр шалгарчээ.
1991 онд удаан хугацаанд бодсон зүйлээ ажил хэрэг болгон “Terminator 2: Judgment Day” киногоо үзэгчдийн хүртээл болгов. Энэхүү кинонд жүжигчин Роберт Патрикийг Т-1000 киборгийг дүрд сонгон тоглуулсан нь Шварцнеггер болон Роберт Патрикийн дүрийн ялгааг сайн гаргаж өгсөн. Кэмерон энэ тухайгаа “Би маш хурдан хийгээд авхаалжтай нэгнийг хайж байсан. Т-800 бол хүн танк л гэсэн үг. Харин Т-1000 Порше” хэмээсэн байдаг. Энэхүү кино 94 сая ам.долларын өртгөөр бүтэж дэлхий даяар нийт 300 сая ам.долларын ашиг орлого олсон бол 2022 онд тус киноны орлого 645 сая ам.доллароор тоологджээ. Энэхүү кино нь Оскарын зургаан төрөлд нэр дэвшиж, дөрөвт нь ялалт байгуулжээ.
1993 онд тэрээр визуал эффектийн чиглэлээр дагнасан Digital Domain компанийг үүсгэн байгуулжээ. Хэдийгээр “Терминатор” киноны гуравдугаар ангийг бүтээх ажлаа орхисон ч Шварфнеггер болон Кэмерон нар “True Lies” хэмээх инээдмийн киногоор эргэн нэгдэв. Компьютерийн худалдаачны дүрээр амьдардаг нууц ажилтны тухай өгүүлэх энэхүү киногоо тэрээр “20th Century Fox” кино компанитай хамтран 100 сая ам.долларын өртгөөр бүтэж, тухайн үедээ хамгийн өндөр төсвөөр бүтсэн кино болж байлаа. Тус кино дэлхий даяар нийт 378 сая ам.долларын ашиг орлого олж, тухайн жилдээ хамгийн өндөр ашиг орлого олсон кино жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Ийнхүү карьераа тасралтгүй өсгөж байсан Жеймс Кэмерон 1995 онд “Strange Days” хэмээх уран зөгнөлт, триллер жанрын киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Уг кино үзэгч шүүмжлэгчдээс таагүй үнэлгээ авч, ашиг орлого авчирч чадаагүй байна.
Үүний дараахан буюу 1997 онд Жеймс Кэмерон 1912 онд мөсөн уул мөргөснөөс үүдэн живсэн Титаник хөлөг онгоцны түүхээс сэдэвлэн бүтээсэн “Titanic” киногоо 200 сая ам.долларын төсөвтэйгээр бүтээжээ. Тухайн үедээ мөн л хамгийн өндөр төсвөөр бүтсэн кино гэгдэж байсан тус киног хийхийн тулд тэрээр 1995 оноос эхлэн Атлантын далайн ёроол руу хэд хэдэн удаагийн шумбалт хийж, Титаник хөлөг онгоцтой ижил загварын хөлгийг Росарито далайн эрэгт барьж эхэлжээ. Тус киноны зураг авалт 1996 оны 9 дүгээр сард эхэлсэн. Тухайн үед энэхүү киног хэт өндөр зардалтай кино хэмээн шүүмжилж байсан гэдэг. Киноны нээлт хэдэн сараар хойшилсны эцэст 1997 оны 12-р сарын 19-нд нээлтээ хийв. Энэхүү кино гарсан даруйдаа шуугиан тарьж, үзэгч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тус кино 2010 он хүртэл буюу Жеймс Кэмероны ээлжит бүтээл “Avatar” кино рекордыг нь эвдэх хүртэл 12 жилийн турш бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино хэмээх байр сууриа хадгалсан.
“Титаник” кино Оскарын шагнал гардуулах ёслолын 14 номинацад нэр дэвшиж дээд амжилт тогтоосон. Шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг кино” номинацад шилдгээр шалгарсан Кэмерон Титаник хөлөг онгоцны ослын үеэр амиа алдсан 1500 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн хэсэг чимээгүй байхыг хүсэн эмгэнэл илэрхийлж байсан билээ.
Кино шүүмжлэгч Рожер Эберт Кэмероны бүтээсэн энэхүү түүхийг "Түүний бүтээл маш өө сэвгүй урласан, ухаалаг бүтээгдсэн. Хүчирхэг жүжиглэлт үнэхээр сэтгэл татам байсан" хэмээн онцолжээ.
2017 онд энэхүү киног АНУ-ын Үндэсний Кино Бүртгэлд хадгалагдах кино жагсаалтад багтаасан бөгөөд уг жагсаалтад багтсан Кэмероны хоёр дахь кино болсон юм.
1998 онд Кэмерон ах Жон Кэмеронтой хамтран "Earthship Productions" компаниа байгуулж, далайн гүний тухай баримтат кино хийхээр болсон байна.
Үүний дараагаар тэрээр “Spider Man” киног найруулахаар төлөвлөөд байсан ч бусад хамтран ажиллагсадтайгаа санал зөрөлдсний улмаас энэхүү кино төслийг орхижээ. 2002 онд “Spider Man” киног найруулагч Девид Коепп найруулан дэлгэцнээ гаргасан байна.
2000 оны эхээр тэрээр телевизийн олон ангит кинонд хүч үзэж “Dark Angel” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт киног Чарльз Х.Эглитэй хамтран бүтээжээ. Энэхүү кинонд жүжигчин Жессика Альба супер цэрэг Макс Геварагийн дүрд тоглодог. Уг киноны нэгдүгээр бүлэг амжилттай болж, үзэгчдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан ч хоёрдугаар бүлэг үзэгчдийн сонирхлыг татаж чадаагүй тул уг кино төсөл цуцлагдахад хүрчээ.
2002 онд тэрээр найруулагч Стивен Содербергийн найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Solaris” кинонд продюсероор ажиллажээ. Тухайн жилдээ тэрээр Германы байлдааны хөлөг Бисмаркын тухай "Expedition: Bismark" киног найруулан үзэгчдийн хүртээл болгосон бол 2003 онд Walt Disney Pictures болон Walden Media-тай хамтран “Ghosts of the Abyss” хэмээх Титаникийн сүйрлийн тухай өгүүлэх баримтат киног найруулан 3D хэлбэрээр кино театрийн дэлгэцнээ гаргажээ.
2005 онд Кэмерон далайн гүн дэх нууцлаг амьдралын тухай өгүүлэх “Aliens of the Deep” хэмээх баримтат киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Мөн алдарт Титаник хөлөг онгоцны сүйрлийн тухай өгүүлэх өөр нэгэн баримтат кинонд Тони Робинсонтой хамтран ажиллажээ.
2006 онд тэрээр эртний Египетийн үеийн түүхийн тухай өгүүлсэн "The Exodus Decoded" хэмээх баримтат киногоо толилуулсан бол 2007 онд “The Lost Tomb of Jesus” киног найруулагч Симча Якобовичийн хамтаар найруулжээ.
2000-аад оны дунд үед Кэмерон бүрэн хэмжээний том кино төслийн ажилдаа эргэн оржээ. 2005 оны 6-р сард “Avatar” болон “Alita: Battle Angel” кинонуудаа 3D технологиор хийхээр төлөвлөгөөгөө эхлүүлжээ. Тэрээр эхлээд “Alita: Battle Angel” киногоо гаргахаар төлөвлөсөн ч төлөвлөгөө эсэргээрээ болж “Avatar” киногоо түрүүлж хийхээр болсон байна. Кэмерон 1995 онд “Avatar” киноныхоо нарийн ширийн зүйлсийг багтаасан 80 хуудас бичвэр бичээд байв. Гэсэн ч тухайн үеийн техник технологи хангалтгүй байсан тул хойшлуулаад байсан аж.
22-р зууны тухай өгүүлэх энэхүү киноны төсөв 300 сая доллар давжээ. Анх уг киногоо зөвхөн 3D хувилбараар гаргахаар зорьж байсан ч энэхүү бодлоо өөрчлөн ердийн үзвэрт тохируулан хийжээ.
“Avatar” киноны нээлт 2009 оны 5-р сард болно хэмээн төлөвлөж байсан ч бага зэрэг хойшлон тухайн оныхоо 12-р сард нээлтээ хийжээ. Нээлтээ хийсэн даруйдаа тус кино хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Ашиг орлогоороо “Титаник”-ын амжилтыг эвдэж бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлсэн кино жагсаалтын 1-т бичигджээ. Тус кино дэлхий даяар нийт 2.7 тэрбум ам.долларын ашиг олж Оскарын 9 номинацад нэр дэвшиж 3-т нь ялалт байгуулжээ.
2022 оны байдлаар "Аватар" болон "Титаник" хэмээх хоёр кино нь дэлхий даяар нийт 2 тэрбум гаруй долларын ашиг олсон зургаан киноны эхний хоёрт бичигдэж байв.
Түүний далайн гүнийг судлах сонирхол үргэлжлэн 2011 онд дэлгэцнээ гарсан “Sanctum” хэмээх кинонд продюсерээр ажиллажээ. Энэхүү триллер төрлийн кино нь 3D хувилбараар үзэгчдийн хүртээл болсон бөгөөд шүүмжлэгчдээс дундаж үнэлгээ авчээ.
2012 онд Жеймс Кэмерон “Titanic: The Final Word with James Cameron” хэмээх баримтат киног телевизийн баримтат кино болгон олон нийтэд цацжээ. Тэрээр найман шинжээчийн хамтаар Титаникийн живсэн шалтгааныг дахин судлан, тухайн оныхоо 4 дүгээр сард National Geographic сувгаар олон нийтэд цацсан байна. Тус кинонд 1995 онд хийж байсан Титаник хэрхэн живсэн талаарх дүрслэлийг CGI-ийн тусламжтай дахин хийсэн байна.
2010 онд тэрээр энэхүү эмгэнэлт явдлын зуун жилийн ойг тохиолдуулан "Титаник" киног 3D хэлбэрээр хөрвүүлэн дахин гаргах болно гэж мэдэгдсэн. Энэхүү амлалтаа 2012 онд биелүүлж Лондонгийн Royal Albert Hall-д тус киноны 3D хувилбарын нээлтийг хийжээ.
2019 онд тэрээр удаан хугацаанд төлөвлөсөн “Alita: Battle Angel” киногоо үзэгчдийн хүртээл болгожээ. Энэхүү киног Роберт Родригес найруулж Кэмерон өөрөө продюсерээр нь ажиллажээ. Уг киногоо 1990-ээд оны Японы “Battle Angel Alita” хэмээх манганаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд өнгөрсөн амьдралынхаа тухай юу ч санахгүй байгаа киборгийн түүхийг өгүүлдэг. Шинэлэг техник, технологийн дүнд бий болсон тус кино үзэгчдээс эерэг үнэлгээ авч 460 гаруй сая ам.долларын ашиг олжээ.
Тухайн ондоо Кэмерон “Terminator: Dark Fate” киноны продюсер, зохиолчоор ажилласан.
2013 онд тэрээр “Avatar” киноны гурван цувралыг 2016, 2017, 2018 онуудад тус тус гаргана хэмээн олон нийтэд зарлаж байсан. Үүний дагуу ажлаа эхлүүсэн ч төлөвлөгөө нь өөрчлөгдөж киноны гуравдугаар ангийг 2024 оны 12-р сарын 20-нд, дөрөвдүгээр ангийг 2026 оны 12-р сарын 18-нд, тавдугаар ангийг 2028 оны 12-р сарын 22-нд тус тус үзэгчдийн хүртээл болгоно гэжээ. Эдгээр кинонуудын нийт зардал ойролцоогоор 1 тэрбум ам.доллар байх болно гэдгийг энэ үеэр мөн олон нийтэд мэдээлсэн байна.
“Avatar: The Way of Water” болон “Avatar 3” киноны зураг авалтыг тэрээр 2017 оны 8 дугаар сард нэгэн зэрэг эхлүүлжээ. Энэ үеэр “Avatar 4” киноны зураг авалтын зарим хэсгийг ч мөн давхар авсан тухай тэрээр дурдсан байдаг.
Тэрээр 2017 онд өгсөн ярилцлагадаа "Хэрэв Аватар 2 болон 3 хангалттай ашиг орлого олохгүй бол 4 болон 5 дугаар ангийг хийх хэрэггүй гэдгийг хүлээн зөвшөөрье" хэмээж байжээ.
“Avatar: The Way of Water” дэлхийн нээлтээ 2022 оны 12-р сарын 6-нд хийсэн. Энэхүү кино нь 2022 онд нээлтээ хийсэн хамгийн өндөр орлого ашиг олсон кино болсон бөгөөд 2023 оны байдлаар тус кино “Аватар” болон “Avangers: End Game” зэрэг кинонуудын араас бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлсэн кино жагсаалтын 3-т бичигдэж эхэлжээ. Энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт “Титаник” кино бичигддэг байна.
Тэрээр “Avatar: The Way of Water” киногоороо бокс оффисийн хаан гэдгээ ийнхүү батлан харуулсан. Түүнд дараагийн томоохон кино төслүүдээ бодит ажил хэрэг болгох даалгавар бий. 2024 онд дэлгэцнээ гарах “Avatar 3” киноныхоо дараа атомын бөмбөгдөлтөд өртсөн Японы Хирошима болон Нагасаки хотуудын тухай өгүүлэх “The Last Train From Hiroshima” киногоо мөн толилуулна. Энэхүү түүхийг өгүүлэх ижил нэрт зохиол 2010 онд худалдаанд гарч байсан. Уг сэдвийг барьж авахыг эртнээс мөрөөдөж байсан Жеймс Кэмерон “Бид бодож байгаагаасаа ч илүү найдваргүй ертөнцөд амьдарч байна. Хирошимагийн тухай өгүүлэх кино өмнөх кинонууд шигээ цаг үеэ олсон байх болно гэж би бодож байна. Энэхүү хөнөөлт зэвсгийг хүний эсрэг ашиглах нь юунд хүргэдэг болохыг дэлхий нийтэд сануулах хэрэгтэй” гэжээ.
Хүн төрөлхтний ирээдүй хийгээд өнгөрсөн, шинжлэх ухаан хийгээд түүхийн тухай сонирхон судалдаг тэрээр эдгээрт салбарт өөрийн хувь нэмрийг оруулж буй эрхмүүдийн нэг. Тэрээр 2010 оны 6-р сард Байгаль орчныг хамгаалах агентлагийн хүмүүстэй уулзаж, Deepwater Horizon-т асгарсан нефтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцжээ. Энэхүү нефтийн алдагдлыг зогсоохын тулд өөрийн зүгээс юугаар тусалж болох тухайгаа ярьсан тэрээр сансар судлалд ч мөн өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй явдаг нэгэн. Тэрээр НАСА-гийн Зөвлөх зөвлөлийн гишүүн бөгөөд Ангараг гариг руу илгээсэн Curiosity хэмээх төхөөрөмжид 3D камер суулгах ажлыг сансрын агентлагтай хамтран хэрэгжүүлж байсан ч хугацаа давчуу байсан учраас Кэмероны технологигүйгээр уг төхөөрөмжийг Ангараг гараг руу илгээсэн байна.
Сансар судлалын амтанд орсон тэрээр Ангараг гарагийн тухай кино бүтээх хүсэлтэй явдаг, энэ тухай судалгаа хийж байгаа тухайгаа илэрхийлж байжээ. Тиймээс бид ирээдүйд Ангараг гарагийн тухай өгүүлэх Кэмероны бүтээлийг үзэж ч магадгүй.
Шинжлэх ухаан, уран зөгнөл, хүн төрөлхтний түүх, сансар судлал зэрэг жирийн хүний санаа бодлоос давсан ерөнцөд амьдрах дуртай тэрээр Академийн шагнал гардуулах ёслолоос нийт 22, BAFTA-аас 6, Алтан бөмбөрцөг наадмаас 7 шагнал тус тус хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )