АЛДАРТНУУД | Еврей гоо үзэсгэлэн Скарлетт Йоханссон

3 цагийн өмнө

 

Скарлетт Ингрид Йоханссон 1984 оны 11-р сарын 22-нд Нью-Йорк хотын Манхэттэн хотод төрсөн. Түүний ээж Мелани Слоан Бронкс дахь еврей гэр бүлээс гаралтай бол түүний аав Карстен Йоханссон Дани гаралтай нэгэн. Түүний өвөө урлаг судлаач, сценарист, кино найруулагч Эжнер Йоханссон бөгөөд өвөөгийнх нь авьяас билэг түүнд ийнхүү өвлөгдөн иржээ.

Скарлет өөрийгөө еврей хүн хэмээн тодорхойлсон байдаг. Бага наснаасаа эхлэн ээжийнхээ хамтаар киноны сонгон шалгаруулалтад оролцдог байсан тэрээр "Seet me in St. Louis" киноны Жүди шиг болохыг хүсэн, толинд харан жүжиглэх сургуулилт хийдэг байсан гэдэг.

8 настайгаасаа сурталчилгаанд тоглож эхэлэсэн Скарлеттэд энэ нь хангалтгүй санагдаж Манхэттэн дэх хүүхдүүдэд зориулсан жүжиглэх урлагийн сургуульд суралцан, театрын тайнзаа гарч эхэлжээ.

Түүний хичээл зүтгэл найруулагчдын анхаарлыг татаж тэрээр 1994 онд 9 настайдаа “North” хэмээх уран зөгнөлт, инээдмийн кинонд анхны дүрээ бүтээжээ. Кино зураг авалтын үеэр юу хийхээ зөн совингоор мэдэрдэг байсан хэмээсэн тэрээр дараа жил нь нууцлаг, триллер төрлийн “Just Cause” кинонд Шон Коннери / Sean Connery / , Кейт Кэпшоу /Kate Capshaw/ нарын охины дүрд тоглосон байна.

 

 

1996 онд тэрээр "If Lucy Fell” кинонд анхны гол дүрээ бүтээсэн. Асрамжийн газраасаа зугтаж буй жирэмсэн өсвөр насны охины дүү Амандагийн дүрийг бүтээсэн түүний гүйцэтгэл үзэгчидээс эерэг үнэлгээ авч Independent Spirit Award-ийн "Шилдэг гол дүрийн эмэгтэй" төрөлд нэр дэвшиж байжээ.

1997 онд Скарлетт "Fall" болон "Home Alone 3" зэрэг кинонд туслах дүр бүтээсэн бол дараа жил нь Роберт Редфордын / Robert Redford / найруулсан "The Horse Whisperer " кинонд тоглож, дахин олны анхаарлыг татав. Энэхүү киноны дүр түүний 7 дахь дүр байсан ба уг дүрээрээ Чикагогийн кино шүүмжлэгчдийн холбооноос зохион байгуулдаг наадмын "Өсөх ирээдүйтэй эмэгтэй жүжигчин" төрөлд нэр дэвшиж байжээ.

Ийнхүү өсвөр насандаа чамгүй амжилтад хүрсэн Скарлетт 1999 онд "My Brother the Pig" кинонд тоглосон бол 2001 онд "The Man Who Wasn't There" кинонд дүр бүтээжээ. Мөн тухайн ондоо Скарлетт Дэниел Клоусын ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Ghost World” хэмээх кинонд тоглосон нь амжилт дагуулав. Йоханссон Нью-Йоркоос кинонд шалгуулсан бөгөөд Терри Цвигофф түүнийг хэлэхдээ "Өвөрмөц, хачирхалтай хүүхэд бөгөөд энэ хэсэгт тохирох хүн" гэж итгэж байсан гэж хэлжээ. Энэхүү кино нь 2001 оны Сиэтлийн олон улсын кино наадамд нээлтээ хийсэн бөгөөд хэдийгээр  Бокс оффист амжилтгүй болсон ч тэр цагаас хойш  маш олон шүтэн бишрэгчтэй болсон юм. Йоханссоныг Остин Крониклийн шүүмжлэгч "Түүний насыг үгүйсгэх мэдрэмж, авъяастай" хэмээн үнэлж байжээ. Тухайн жилдээ Торонтогийн кино шүүмжлэгчдийн холбооны шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртжээ.

2002 онд Йоханссон Дэвид Аркеттай хамт хорт хог хаягдлаар хордсон аалзны тухай аймшгийн, инээдэм төрлийн "Eight Legged Freaks" кинонд тогложээ. Хэвийн хэмжээнээс хэт том хэмжээтэй болсон аалзнууд эмх замбараагүй байдал үүсгэн амьд бүхийн амь насанд заналхийлж буй тухай уг кинонд өгүүлдэг байна. Тухайн жилдээ урлагийн сургуульд суралцах хүсэлт гаргасан Скарлетт татгалзсан хариу авсан нь түүнийг жүжигчний карьертаа түлхүү анхаарлаа хандуулах боломжийг бий болгож өгчээ.

2003 онд тэрээр Софиа Копполагын "Lost in Translation" романтик инээдмийн кино, Питер Уэбберийн "Girl with a Pearl Earring" гэсэн хоёр киногоороо өсвөр насны дүрээс насанд хүрэгчдийн дүрд шилжсэн юм. Түүний тоглосон "Lost in Translation" кино нь 4 сая ам.долларын төсөвт өртгөөр бүтэж 119 сая ам.долларын орлого олж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Энэхүү киногоороо тэрээр "БАФТА"-ын Шилдэг эмэгтэй гол дүр болон "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг эмэгтэй дүрийн шагналд нэр дэвшсэн.

 

 

2004 онд жүжигчин бүсгүй “The Perfect Score”, “Entourage”, “A Good Woman “,”The SpongeBob SquarePants Movie” , “In Good Company” , “A Love Song for Bobby Long: Deleted Scenes” гэх мэт чамгүй олон кинонд тоглосон. 

Ийнхүү өөрийгөө тал бүрийн дүрд сорих болосн Скарлетт шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байв. Түүний сэргэлэн хийгээд дур булаам байдал нь олны анхаарлыг ихээр татаж байсан гэдэг.

2005 онд “Match Point” кинонд тоглосон. Түүний дараа 2006 онд Хью Жекманы эсрэг "Scoop" кинонд тэрээр сэтгүүлзүйн ангийн оюутан бүсгүйн дүрийг бүтээжээ.

2008 онд Йоханссон Натали Портман, Эрик Бана нартай хамт " The Other Boleyn Girl " кинонд тоглосон бөгөөд энэ нь бас олон янзын шүүмжлэл авчээ. Киног сурталчлахдаа Йоханссон, Портман нар W сэтгүүлийн нүүрийг чимж, киноны тухай сэтгэгдлээ хуваалцжээ.

Үүний дараа “The Spirit” , "He's Just Not That Into You" зэрэг кинонуудад тоглосон нь ур чадвараа гайхуулах бас нэгэн боломж болсон юм.

2010 онд тэрээр Бродвей театрт тоглох хүслээ гүйцээн “A View from the Bridge” хэмээх жүжигчт Кэтриний дүрийг бүтээжээ. Энэхүү дүрээрээ Скарлетт Tony Award-ийн “Онцлох шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болжээ.

Үүнээс хойш түүний Marvel-ийн кинонд тоглох замнал эхэлсэн гэхэд хилсдэхгүй. 2010 онд тэрээр “Iron Man 2” кинонд Наташа Романовийн дүрийг бүтээхээр болсон. Энэхүү дүрд тохирох нэгэн гэдгээ батлан харуулахын тулд тэрээр үсээ улаанаар будаж, удаан хугацааны турш биеийн хүчний дасгал хийжээ. Түүнд энэхүү дүр ихэд таалагдсан гэдэг. Супер баатруудын шүтэн бишрэгч тэрээр 2021 онд хүртэл Marvel кино компанийн “iron man 2”, “The Avengers”, “Captain America: The Winter Soldier”, “Avengers: Age of Ultron”, “Captain America: Civil War”, “Avengers: Infinity War”, “Captain Marvel”, “Avengers: Endgame”, “Black Widow” зэрэг нийт 10 орчим кинонд тогложээ.

 

 

Эдгээр кинонууд бокс оффисийн амжилтуудыг эвдэж байсан ба энэ хугацааг Скарлетт Йохансоний карьерын хамгийн оргил үеүүдийн нэг хэмээн үздэг. Тухайн кинонуудад Robert Downey, Samuel Jackson, Chris Evans, Chris Hemsworth ,Tom Holland, Benedict Cumberbatch , Paul Rudd , Chadwick Boseman, Mark Ruffalo, Gwyneth Paltrow, Mickey Rourke, Don Cheadle гэх мэт Холливудийн алдартай жүжигчидтэй хамтран тоглосон юм.

2021 онд Наташа Романовийн тухай өгүүлэх “Black Widow” кино дэлгэцнээ гарсан. Уг кинонд Наташа хэрхэн өшөө авагчдын нэг болсон тухай өгүүлэхийн сацуу Оросын тагнуул байсан үеийнх нь тухай болон 2019 онд дэлгэцнээ гарсан “Avengers: Endgame” киноны холбоосын тайлал гардаг.

Уг кино ковидын үед нээлтээ хийсэн ч дэлхий даяар нийт 379 сая ам.долларын ашиг орлого олжээ.

2012 оны сүүлээр Йоханссон 1960 онд Альфред Хичкокийн "Psycho " киног бүтээж байх үеийн киноны арын үйл явдлыг харуулсан Сача Гервасигийн " Hitchcock " кинонд жүжигчин Жанет Лигийн дүрийг бүтээжээ. Үүний араас “Don Jon” , “Under the Skin”,” Her”,” Street of Dreams” зэрэг кинонуудад тоглов.            

2014 онд тоглосон шинжлэх ухааны уран зөгнөлт тулаант триллер төрлийн “Lucy” кино нь түүнийг бүр ч их алдар нэртэй болгосон.

2014 онд тэрээр мөн найруулагч Жон Фаврогийн "Chef" кинонд туслах дүрийг Роберт Дауни, София Вергара нартай хамт бүтээжээ. Уг кино бокс оффист 45 сая гаруй долларын ашиг олсон бөгөөд шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан байдаг.

Йоханссон 2017 онд Руперт Сандерсын бүтээсэн "Ghost in the Shell " кинонд Мотоко Кусанагигийн дүрд тоглосон. Тухайн үед энэ кино дүрслэх арга барил, жүжиглэлт, зураглаачын ажлаараа олон нийтийн талархлыг хүлээсэн.

2017 оны 3-р сард Йоханссон тав дахь удаагаа “Saturday Night Live” нэвтрүүлгийг хөтөлж, 17 дахь хөтлөгч, тэр дундаа дөрөв дэх эмэгтэй хөтлөгч болжээ.

Чадварлаг жүжигчин маань кинонд тоглохоос гадна 2015 онд Assassin Banana , 2016 онд The Jungle Book , 2016 онд Sing , 2018 онд Isle of Dogs , 2021 онд Sing 2 ,  2021 онд Come Home, 2022 онд Penglai гэх мэт хүүхэлдэй кинонд дуу оруулахын сацуу “Alice's Adventures in Wonderland” романы аудио хувилбарыг уншжээ.

Эдгээр дундаас 2016 онд дэлгэцнээ гарсан “Sing”хүүхэлдэйн киноны Эшийн дүрээр хэр чадварлаг дуучин болохоо дахин харуулсан. Уг кино 75 сая ам.долларын төсвөөр бүтэж, дэлхий даяар нийт 634 сая ам.долларын ашиг орлого олжээ. 

 

 

2023 онд Йоханссон Уэс Андерсоны “Asteroid City” инээдмийн киногоор дэлгэцнээ эргэн ирсэн. Тус кино нь “Match Point” киноны дараа Каннын кино наадамд нээлтээ хийсэн түүний хоёр дахь уран бүтээл байв. Тэр кинонд ажилласан хоёр сарын хугацаанд долоо хоног тутам 4.1 мянган ам.долларын цалин авч байсан нь тогтсон үнэлгээнээс нь хэт бага байсан гэдэг. Энэ нь түүний киноныхоо төлөө хийсэн шийдэмгий алхмуудын нэг байсан юм.

Үүний дараа тэрээр драма төрлийн “North Star” гэх кинонд тоглосон. Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн уг кинонд эгч дүү 3 ээжийнхээ хуриманд оролцохын тулд эргэн нэгдэж байгаа тухай өгүүлдэг байна.

Карьерийнхаа турш тэрээр нийт 75 кино бүтээлд оролцон тогложээ.

Удахгүй түүний тоглосон “Fly Me to the Moon” хэмээх романтик төрлийн кино болон “Transformers One”, “Jurassic World 4”, “Featherwood” зэрэг кинонуудаар дэлгэцнээ эргэн ирнэ.

Тэрээр “Black Widow”, “The Whale” хэмээх хоёр кинонд продюсероор нь ажилласан бол хоёр кино нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа ажээ.

Жүжигчин бүсгүйн найруулагчаар нь ажилласан хоёр кино байдаг бол нэг кино мөн нээлтээ хийхээр хүлээгдэж байна.

Карьерийнхаа турш Скарлетт Йоханссон гадна болон дотоодын кино наадмуудад нийт 234 удаа нэр дэвшсэн бол 71-д нь ялалт байгуулж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top