Өнөөдөр Шведийн урлагийн алдарт Скарсгардын гэр бүлээс гаралтай Билл Скарсгард 36 нас хүрч байна. Өвөрмөц дүр төрх, жүжигчний ур маягаараа дэлхийн кино урлагт нэрд гарсан түүнийг Пеннивайсаас эхлээд Орлок гүнгийн дүрээр дэлхийн үзэгчид андахгүй. Түүний эшлэл үгүүд болон амьдралдаа мөрдлөг болгосон дүрмүүдтэй танилцацгаая.
“Өөрийнхөөрөө байж, өөрийн мөн чанараа олох нь л надад чухал”
“Миний хувьд кино зурагтай өдөр бол амьдралын энгийн л нэг өдөр шиг байдаг”
“Готик хүүрнэлзүйн үүднээс авч үзвэл арванхоёрдугаар сар бол маш нууцлаг, тийм нэг сүнстэй сар гэж би боддог. Эдгар Аллан Погийн ихэнх зохиол энэ л сард өрнөдөг шүү дээ. Энэ сар бол жилийн сүүлийнх бас тэгээд далд шидтэй, утас хөвөрдөж байгаа мэт тийм л сар. Шведийн хувьд арванхоёрдугаар сар жилийн харанхуй сар байдаг юм”
“Швед бол жижиг улс. Гэхдээ манай гэр бүлийг дэлхий мэднэ. Гэвч би хэзээ ч “Дөрөв дэх Скарсгард” гэж хэлүүлэхийг хүсээгүй”

“Би хэзээд гүн гүнзгий агуулгатай, дотоод мөн чанартай бүтээлд тэмүүлдэг. Жүжигчин хүн муухай харагдахаас айгаад, биеэ оторлоод, ямар нэгэн зүйлд баригдаад эхэлбэл уран бүтээлчийн хувьд амиа хорлосонтой адил. Би лав хэзээ ч ийм зүйлд автахгүй”
“Дэлгэцэнд бүтээж буй дүр ердөө л “сайн тал”, “муу тал” байх юм бол хэзээ ч сонирхолтой байж чадахгүй. Цаана нь заавал дотоод зөрчил байх ёстой. Чухам үүнийг олж нээх нь л хамгаас чухал”
“Ер нь хүн 20 нэлээн гартал сэтгэл зүйн хувьд насанд хүрч, төлөвшөөгүй л байдаг. Хэн гэдгээ ухамсарлах, ажилдаа хэрхэн хандах, чухам юу хүсэж байгаагаа олж нээснийг нь харвал 20 болон 25 насны зөрүү магадгүй 25 болон 40 насны зөрүүнээс ч илүү том байж мэднэ”
“Дүр авна гэдэг нь нэг бодлын аз туршсан зүйл. Би өөрийнхөө гадаад төрх, ур чадварын тухай бодохгүйг хичээдэг юм. Өөрийгөө цэгнэх нь аюултай”
.jpg)
“Хэн нэгнээс алиалагчийн тухай асуугаад үзээрэй. Баяр, баясал гэхээс илүүтэй ямар нэг аймаар, эсвэл галзуу, бүр эсвэл төсөөллийн дээд хэмжээнд холбож ойлгосон байх вий”
“Би аливаа киноны зохиолыг уншихдаа “Энэ дүрээс миний сурч, мэдэх, дараа нь чадах зүйл юу байна” гэж өөрөөсөө асуудаг. Хэрэв өмнө нь хийж байсан зүйл шиг санагдвал тэр дүрийг бүтээх ямар шаардлага байгаа юм бэ”
“Би одоо бол учраа олоод давж гарч чадна. Гэхдээ 13 нас гэдэг олонд танигдаж, алдартай болоход амаргүй нас шүү дээ. Ер нь ч тэгээд 13 нас бол яалт ч үгүй хэцүү нас”
“Жүжиглэх урлаг миний амьдралд дандаа л дэргэд байсан нь үнэн л дээ. Гэхдээ өсвөр насандаа би энэ замаар явах уу, үгүй юу гэдэгтээ эргэлздэг байлаа. Дуртай, дургүй дээ биш. Бусад хүмүүс намайг “өөрийнхөө авьяас, хөдөлмөрөөр яваагүй дээ” гэж бодох вий гэж эмээсэн болохоор л тэр”
.jpg)
“Миний өндөр заримдаа төвөг удна аа. Чамгүй өндөр болохоор зарим найруулагч, гэрэл зурагчид дурамжхан л байдаг юм. Ер нь ч тэгээд хэн л дээшээ өлийгөөд тоглоод байхыг хүсэх вэ дээ”
“Би бол жүжигчин. Миний мэргэжил. Жүжиглэнэ гэдэг цаанаа заавал мөн чанартай байх ёстой. Би зүгээр л нэг “сайхан залуу”-гийн дүр бүтээхийг хүсдэггүй. Миний сонирхлыг ч угаас татдаггүй юм”
“Жинхэнэ уран бүтээлч хүн заримдаа эрсдэл гаргах зоригтой, нурж унах тэнхээтэй байх ёстой гэж би боддог. Хэрэв чи өөртөө үнэнч байж, зоригтойгоор “тийм” гэж хэлж чадахгүй юм бол хэзээ ч сайн жүжигчин болж чадахгүй”
“Би дотогшоо хүн болохоор олонд танигдахгүй байсан ч асуудалгүй”
.jpg)
“Би зөвхөн ганцхан дүрээр овоглогдсон жүжигчин баймааргүй байна. Учир нь би огт өөр, өөр дүрийг гаргаж чаддаг олон талт жүжигчин байхыг хүсдэг”
“Америкт би цаг ямагт гаднын хүн”
“Бага байхдаа би аавынхаа зураг авалтын талбайд л өнждөг байлаа. Жаахан байхад томчууд янз бүрийн хувцас өмсөөд, өөрөөсөө өөр хүн болж жүжиглэхийг харах сонин байдаг байсан. Хамгийн гол нь үүнийхээ төлөө тэд цалин авдаг гээд бод доо”
Сэтгэгдэл ( 0 )