Энэтхэгийн тэрбумтны хүү Анант Амбани хар тамхины хаан Пабло Эскобарын алдарт усны үхрүүдийг асрамждаа авч, тэжээх саналыг, Колумбын засгийн газарт хүргүүлсэн байна.
“80 усны үхэр хаан төрөхөө сонгоогүй бөгөөд өдгөө байгаа нөхцөл байдлаа өөрсдөө үүсгээгүй. Тэд бол амьд амьтад. Бидэнд тэднийг аюулгүй бөгөөд хүмүүнлэг аргаар аврах боломж байгаа л бол бид хичээх ёстой” гэж Амбани мэдэгджээ.
Тэрбээр Колумбын эрх баригчдад хандан эдгээр амьтныг унтуулах шийдвэрээ цуцлахыг хүсжээ. Тус улсын засгийн газар усны үхрүүд орон нутгийн гол усны эко системд ноцтой хохирол учруулж байна гэж үзэн унтуулах шийдвэр гаргаад байгаа юм. Энэтхэгийн бизнесмен Гужарат муж дахь өөрийн “Vantara” амьтдыг аврах төвдөө шилжүүлэн авах санал тавьсан байна. Энэхүү амьтны хүрээлэн нь зэрлэг амьтдыг аврах үйл ажиллагаа явуулдаг дэлхий дээрх хамгийн том төв юм. Тэнд олон зуун заан, 50 баавгай, 160 бар, 200 арслан, 250 цоохор ирвэс, 900 матар зэрэг амьтад байдаг.
“Vantara” төвд хэтэрхий олон тооны амьтан байгаад шинжээчид болгоомжилдог байна. Өнгөрсөн онд гэхэд өвчтэй зааныг тус төвд авчирсан нь ихээхэн эсэргүүцэлтэй тулжээ.
Харин Амбанийн ярьснаар, “Vantara” төвийн мэргэжилтнүүд усан үхрүүдийг барих, тээвэрлэх төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд тэдэнд зориулан тусгай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Гэсэн хэдий ч энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй гэж шинжээчид үзэж байна. Колумбын эрх баригчдын зөвшөөрлөөс гадна Энэтхэгийн болон улсын байгууллагуудын зөвшөөрөл хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, нэг усны үхрийг хилээр гаргахад 3.5 сая ам.доллар шаардагдах аж.


Сэтгэгдэл ( 0 )