“Forbes” сэтгүүлийн жагсаалтад дархлагдсан тэрбумтнууд

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 18

“Forbes” сэтгүүлээс гаргадаг АНУ-ын толгой баян эрхмүүдийн жагсаалтад орж, хасагдахгүй байна гэдэг тун амаргүй хэрэг. Анх гарч эхэлснээс хойш тус жагсаалтад нийт 1739 эрхэм бичигдэж байснаас зөвхөн 11 нь жил бүр торойж үлддэг. Тэрбумаар үнэлэгдэх тогтвортой байдлаараа ямар эрхмүүд гайхуулдаг талаар Forbes онцолжээ.

Тус сэтгүүлээс АНУ-ын хамгийн чинээлэг 400 эрхмийн жагсаалтыг гаргаж эхэлснээс хойших 43 жилд нийт 1739 хүчирхэг бизнесмен, өв залгамжлагч, алдартны нэрс бичигдсэн байна. Эдийн засгийн уналт, өсөлт, өрсөлдөөн, мэдээж хэрэг цаг хугацааны улмаас тус жагсаалтад орсон 400 нэрс хоёр жил дараалан давтагдана гэж байдаггүй. Агшин зуурын амжилтын түүхийн баатрууд тус жагсаалтад нэг удаа л бичигдэх нь бий. Заримынх нь нэрс 10-20 жилийн турш бичигдэж байснаа хасагдаж, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Харин 11 азтай эрхэм анх л хамгийн хөрөнгөлөг эрхмүүдийн рейтинг гарсан 1982 оноос хойш байнга ноёрхсоор байна.

Тэдний нийт актив нь 342.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол 1982 онд “Forbes”-ын жагсаалтад орж ирэх үед дөнгөж 3.8 тэрбум буюу өнөө үеийн ханшаар 12.2 тэрбум ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл тэдний хөрөнгө ойролцоогоор 8900 хувиар өссөн гэсэн үг. Тэдний дундаж нас 88.

“Forbes USA” сэтгүүл анх АНУ-ын 400 тэргүүн баян эрхмийн рейтинг гаргахад 52 настай Уоррен Баффет 1.5 тэрбум ам.долларын актив бүхий “Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийн дарга байв. “Маш даруухан амьдардаг” хэмээн түүний тухай “Forbes USA” бичиж байлаа. Түүний хөрөнгө тухай үед 250 сая ам.доллароор үнэлэгдэж байсан бол 40 гаруй жилийн дараа “Berkshire Hathaway” компанийн актив нэг их наяд ам.долларыг давж, харин Баффет Америкийн хамгийн чинээлэг таван эрхмийн нэг, “Forbes USA” жагсаалтаас хэзээ ч хасагдаж байгаагүй толгой тэрбумтнуудын нэг болжээ. Өнөөдөр түүний хөрөнгө 150 тэрбум ам.доллароор тоологдож байгаа нь 1982 оныхтой нь харьцуулахад 187 дахин өсжээ. Америкийн хамгийн өглөгч буяны үйлстэн гэсэн статусыг эзэмшээгүй бол Баффет өшөө их баян байх байсан биз.

Эдгээр 11 эрхмээс дөрвөн л өөрийн хүч, хөдөлмөрөөр хөрөнгө чинээтэй болжээ. Баффеттай зэрэгцэн дэлхийд алдартай брэндийг үүсгэн байгуулсан Фил Найт /Nikе/ болон Victoria's Secret, Bath & Body Works брэндүүдийг үсгэсэн “L Brands” холдингийн Лекс Векснер тус жагсаалтад орох замаа өөрийн хүчээр засжээ. Харин дөрөвдөх “self-made” оролцогч бол Доналд Брен. Нэгдсэн Улсын толгой баян “барилгачин”. Түүний “Irvine Company” компани 12 сая кв м талбай бүхий үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.

Үлдсэн долоо нь рейтинг өөд өгсөх замаа гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр эхлүүлж байв. Гэхдээ тэдний нэгээс бусад нь олон саяын хөрөнгийг олон тэрбум болгож чаджээ. Тэд бол 17-д бичигдэж буй Чарльз Кох, Эсте Лаудерын хөвгүүд болох Леонард, Рон Лаудер, Condé Nast, Warner Bros. Discovery болон Reddit мэдээний нийгмийн сүлжээний хувийг эзэмшдэг мэдээллийн магнат Доналд Ньюхаус нар юм.

1982 оны анхны жагсаалтад орж байсан дөрвөн эрхэм өнгөрсөн хугацаанд дор хаяж нэг удаа хасагдаж байсан ба 2024 онд эргэн ирцгээжээ. Тухайлбал, 1983 онд гэр бүл салалтын улмаас жагсаалтаас алга болж байсан “Оддын дайн”-ы Жорж Лукас 1996 онд эргэн ирж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 1990-ээд он, 2021, 2023 онуудад хөрөнгөтнүүдийн эгнээнээс хасагдаж байсан бол “Truth Social” платформын ачаар дахин бичигджээ. Газрын тосны бизнесийн өв залгамжлагч Сид Басс 2021 онд жагсаалтад багтаж чадаагүй бол “FedEx”-ийн үүсгэн байгуулагч Фред Смит жагсаалтаас ангид зургаан жилийг өнгөрүүлсэн байна.

1982 оны анхны рейтингд бичигдэж байсан ихэнх баячууд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэдний дунд жагсаалтад нэг л жил багтсан Боб Хоул 2003 өөд болсон бол 2011 онд нас барсан Стив Жобс, 1992 онд хорвоог орхисон 1982 онд хоёр тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтыг тэргүүлсэн Дэниэл Людвиг нар бидний дунд үгүй болжээ. Тухайн үед 100 сая ам.долларын /өнөөдрийн ханшаар 320 сая ам.доллар / босгыг давж, жагсаалтад орж байсан Йоко Оно, банкны хаант улсын өв залгамжлагч Тимоти Меллон зэрэг зарим эрхэм хөрөнгөө бусдад шилжүүлсэн эсвэл ширүүн өрсөлдөөнийг давалгүй унажээ.

“Forbes” сэтгүүлийн жагсаалтад 43 жилийн турш дархлагдсан 11 эрхэм хэн бэ?

Уоррен Баффет

Орлогын эх үүсвэр: “Berkshire Hathaway”, 94 настай. Хөрөнгө: 1982 онд 250 сая ам.доллар – 2024 онд 150 тэрбум ам.доллар

Уоррен Баффет хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” холдингийг удирддаг. Тэрбээр “Geico”, “Duracell”, “Dairy Queen” сүлжээ ресторан зэрэг 60 гаруй компанид хувьцаа эзэмшдэг. АНУ-ын Конгрессын гишүүний хүү 11 насандаа анхныхаа хувьцааг худалдан авч, 13 насандаа татварын анхны тайлангаа гаргаж байжээ. Өгөөмөр буяны үйлстэн тэрбээр хөрөнгөнийхөө 99 гаруй хувийг хандивлахаа амласан юм.

Чарльз Кох

Орлогын эх үүсвэр: Koch, Inc., 88 настай. Хөрөнгө: 1982 онд 265 сая ам.доллар  - 2024 онд 67.5 тэрбум ам.доллар

Кохын эцэг Фред Кох 1927 онд хүнд газрын тосноос бензин гаргаж авах аргыг боловсронгуй болгож, 1940 онд гэр бүлийн бизнесээ эхлүүлж байжээ. Чарльз Кох нь 1967 оноос хойш ашиг орлогоороо АНУ-д хоёрт бичигдэж байгаа “Koch, Inc.” компанийн ТУЗ-ийг тэргүүлдэг. Тус компанийн ашиг нь 125 тэрбум ам.доллар.

Фил Найт

Орлогын эх үүсвэр: Nike, 86 настай. Хөрөнгө: 1982 онд 275 сая ам.доллар – 2024 онд 36.8 тэрбум ам.доллар.

Фил Найт “Nike” компанийн ТУЗ-ийн даргаар 52 жил ажилласны эцэст албан тушаалаа 2016 онд өгч байжээ. Тэрбээр Орегон мужийн их сургуульд хөнгөн атлетикаар хичээллэж байхдаа дасгалжуулагч асан Билл Бауэртай хамтран алдарт “Nike” пүүзийг бүтээсэн байна. Найт гэр бүлийнхээ хамтаар жилийн 51 тэрбум ам.долларын орлоготой “Nike” компанийн 20 хувийг эзэмшдэг.

Дональд Брен

Орлогын эх үүсвэр: үл хөдлөх хөрөнгө, 92 настай. Хөрөнгө: 1982 онд 350 сая ам.доллар – 2024 онд 18.9 тэрбум ам.доллар

Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулагчийн хүү Доналд Брен эцгийнхээ барьсан барилгад мужааны туслахаар ажилладаг байжээ. Өдгөө тэрбээр Америкийн хамгийн чинээлэг үл хөдлөх хөрөнгө эзэмшигч. Түүний “Irvine Co” компани нийт 12 сая кв м талбай бүхий 59 гаруй оффисын барилга, 125 орон сууцны барилгыг эзэмшдэг байна.

Филипп Аншутц

Орлогын эх үүсвэр: Эрчим хүч, спорт, энтертайнмент, 84 настай. Хөрөнгө: 1982 онд нэг тэрбум ам.доллар – 2024 онд 16.9 тэрбум ам.доллар

Филипп Аншутц зургаахан насандаа зэргэлдээх коллежийн кампуст Kool-Aid найруулдаг ундаа борлуулдаг байжээ. Харин 50 насандаа тэрбээр газрын тос, төмөр зам, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө болон энтертайнмент салбарт хэдийн хөрөнгөтэй болж чаджээ. Түүний “Anschutz Entertainment Group” компани дэлхий даяар 70 гаруй цэнгэлдэх хүрээлэн, концерт холлыг эзэмшдэг. Өдгөө тус компани дэлхийд томоохонд орох 130 мянган га талбай бүхий салхин цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байна.

Доналд Ньюхаус

Орлогын эх үүсвэр: Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, 95 настай. Хөрөнгө: 1982 онд 600 сая ам.доллар – 2024 онд 12.2 тэрбум ам.доллар

Доналд Ньюхаус талийгаач ахын хамтаар мэдээлэл, хэвлэлийн “Advance Publications” эзэнт гүрнийг өвлөн авчээ. “Advance Publications” нь Warner Bros. Discovery, мэдээллийн Reddit сайтын хувь эзэмшдэг.

Леонард Лаудер

Орлогын эх үүсвэр: Estée Lauder, 91 настай. Хөрөнгө: 1982 онд 125 сая ам.доллар – 2024 онд 11.5 тэрбум ам.доллар.

Эсте Лаудерын том хүү Леонард гоо сайхны салбарын “их багш” юм. Гэр бүлийнхээ компанид 1958 оноос хойш зүтгэсэн тэрбээр судалгааны лаборатори үүсгэн байгуулж, MAC, Bobbi Brown болон Aveda брэндүүдийг худалдан авсан. 30 жилийн турш гоо сайхны хаант уулсыг тэргүүлсэн Леонард Лаудер 1999 онд ерөнхий захирлын албан тушаалаа өгч, өдгөө хүндэт дарга, компанидаа“ их багш” хэмээн хүндлэгдсэн нэгэн.

Леонард Стерн

Орлогын эх үүсвэр: Үл хөдлөх хөрөнгө, 86 настай. Хөрөнгө: 1982 онд 500 сая ам.доллар – 2024 онд есөн тэрбум ам.доллар. 

Леонард Стерн гэрийн тэжээмэл амьтны эд хэрэгслийн наймаа эрхэлдэг эцгийнхээ бизнест хамтарч, ажлын гараагаа эхэлсэн ба долоо жилийн дараа үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч үзэх болжээ. Түүний “Hartz Mountain” компани 260 гаруй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.

Лесли “Лес” Векснер

Орлогын эх үүсвэр: Жижиглэнгийн худалдаа, 87 настай. Хөрөнгө: 1982 онд 100 сая ам.доллар – 2024 онд 7.9 тэрбум ам.доллар.

Лесли Векснер жижиглэнгийн худалдааны “L Brands” эзэнт гүрнийг байгуулжээ. Алдарт Victoria’s Secret болон Bath & Body Works брэндүүд түүнийх. Векснер 1963 онд авга эгчээсээ 5000 ам.доллар зээлж, The Limited нэртэй дэлгүүр нээж, өөрийн бизнесээ эхлүүлж байв. 1982 онд тэрбээр нэг сая ам.доллароор “Victoria’s Secret” брэндийг худалдан авчээ.

Рэй Ли Хант

Орлогын эх үүсвэр: Газрын тос, үл хөдлөх хөрөнгө, 81 настай. Хөрөнгө: 1982  онд 200 сая ам.доллар – 2024 онд 6.9 тэрбум ам.доллар

Рэй Ли Хант нь газрын тосны магнат Х.Л.Хантын 15 хүүхдийн хамгийн чинээлэг нь. Тэрбээр газрын тос, байгалийн хий, хөрөнгө оруулалт, барилгын корпорацыг тэргүүлдэг. Нэгэн цагт АНУ-ын хамгийн том хувийн газрын тосны компани байсан “Hunt Oil” нь Перу дахь байгалийн хийн ордууд, хий шингэрүүлэх үйлдвэртэй.

Роналд Лаудер

Орлогын эх үүсвэр: Estée Lauder, 80 настай. Хөрөнгө: 1982 онд 125 сая ам.доллар – 2024 онд 4.7 тэрбум ам.доллар.

Роналд Лаудер Эсте Лаудерын бага хүү. Тэрбээр 1994 оноос хойш “Clinique Laboratories” компанийг тэргүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top