"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Жүжигчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг лхагва гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Жүжигчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид жүжигчин Самуэль Жексоныг онцоллоо.
Үе үеийн алдарт жүжигчдын нэг Самуэль Лерой Жексон 1948 оны арванхоёрдугаар сарын 21-нд Вашингтон ДС-д Элизабет Харриетт болон Рой Хенри Жексон нарын гэр бүлийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний бага нас Теннесси мужийн Чаттанугад өнгөрсөн бөгөөд аав нь Канзас-Ситид гэр бүлээсээ тусдаа амьдардаг байсан аж. Хожмоо архинд донтсоны улмаас нас барсан тэрээр хүүтэйгээ ердөө хоёрхон удаа уулзаж байсан гэдэг. Харин Жексоны ээж үйлдвэрт ажиллаж байгаад сэтгэцийн эмнэлгийн хэрэгсэл хүлээн авагчаар ажиллах болж, Жексон ээжийнхээ ээж, аав дээр өсөж торнижээ.
Дунд сургуульд суралцаж байхдаа тэрээр сургуулийн найрал хөгжимд эвэр бүрээ, пикколо, бүрээ, лимбэ тоглодог байсан бөгөөд ээрч ярьдгаасаа үүдэн олон бэрхшээлтэй тулгарсан гэдэг.
Далай судлаач болох хүсэлтэй байсан Жексон Жоржиа мужийн Атланта дахь Морехаус коллежид суралцаж эхэлжээ. Нэмэлт оноо авахын тулд жүжгийн клубт элсэн орсон тэрээр жүжигчний мэргэжилд эргэлт буцалтгүй дурласан байна. 1972 онд сургуулиа төгсөхөөсөө өмнө тэрээр Just Us хэмээх театраа үүсгэн байгуулж байсан түүхтэй.
Түүний коллежийн амьдрал тун ч адармаатай өнгөрчээ. 1968 онд Мартин Лютер Кинг бусдын гарт амиа алдсаны дараа Жексон түүний оршуулах ёслолд оролцож байв. 1969 онд Жексон санаа нийлсэн оюутнуудтай нэгдэн Морхаус коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүдийг оюутны хотхонд барьцаалан, сургуулийн сургалтын хөтөлбөр, засаглалыг шинэчлэхийг шаардаж байжээ. Коллеж тэдний шаардлагыг хүлээн авсан ч Жексоныг бусдыг барьцаалсан, хоёрдугаар зэргийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутган хоёр жилийн хугацаанд суралцах эрхийг нь хассан байна.
Энэ хугацаанд тэрээр нэгэн бүлэглэлд элсэн оржээ. Тус бүлэглэл буу худалдан авч хүчээ нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед Холбооны мөрдөх товчооныхон түүнийг энэхүү бүлэглэлд удвал нэг жилийн дотор амиа алдах болно хэмээн анхааруулсан байна. Улмаар түүний ээж түүнийг Лос Анжелес руу буцаасан байдаг. Энэ тухайгаа Жексон 2018 онд Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэхүү бүлэглэлийн гишүүн байсан гэдгээ үгүйсгэсэн байдаг.
Түүний жүжигчний карьер 1972 онд эхэлсэн гэхэд болно. “Home” болон “A Soldier's Play” зэрэг жүжигт дүр бүтээж эхэлсэн тэрээр хэд хэдэн телевизийн олон ангит кинонд тогложээ.
1976 онд Атлантагаас Нью Йорк руу нүүж арваад жилийн турш Yale Repertory Theater-т ажиллаж “The Piano Lesson” болон “Two Trains Running” зэрэг жүжгүүдэд тогложээ. Нэмэлт орлого олохын тулд Жексон шөнөдөө Manhattan Plaza хэмээх орон сууцны хорооллын харуулааp ажиллаж байсан гэдэг.
Тэрээр архи болон кокайнд донтох болсон нь түүнийг Бродвэй дэх хоёр ч жүжигт дүр бүтээхэд саад болжээ.
1981-1988 оны хооронд тэрээр телевизийн кинонуудад жижиг дүр бүтээсээр байлаа. 1990 онд алдарт найруулагч Мартин Скорсезегийн "Goodfellas" кинонд дүр бүтээсэн Жексон хэд хэдэн удаа геройн хэтрүүлэн хэрэглэж, кокоайнд донтсон байв. Үүнд сэтгэл нь зовсон гэрийнхэн нь түүнийг Нью-Йоркийн нөхөн сэргээх эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэжээ. Эмнэлгээс гармагцаа “Jungle Fever” хэмээх кинонд коккайнд донтогчийн дүрд тоглосон тэрээр итгэмээргүй амжилт олов.
Энэ тухайгаа тэрээр “Энэ үнэхээр инээдтэй зүйл болсон л доо. Намайг нөхөн сэргээх эмчилгээнээс гараад долоо хоног орчим болж байх үед зураг авалт эхэлсэн. Би зураг авалтаа эхлүүлэхэд бэлэн байсан” хэмээсэн байдаг. Уг дүр үзэгч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч тухайн жилийнхээ Каннын кино наадмаас тусгай шагнал хүртэж байжээ.
Үүний дараа Жексон "Stricly Business", “Juice”, “Patriot Games” зэрэг кинонд туслах дүр бүтээсэн бол “National Lampoon's Loaded Weapon 1”, “Amos & Andrew” зэрэг кинонуудад анхны гол дүрээ бүтээжээ.
1993 онд Жексон "Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн" кинонд найруулагч Стивен Спилбергтэй хамтран ажилласан.
Тухайн жилдээ Жексон алдарт Квентин Тарантиногийн зохиол, Тони Скоттын найруулсан "True Romance" кинонд гэмт хэрэгтэн Том Донын дүрийг бүтээсний дараа Тарантино түүнийг "Pulp Fiction” кинондоо Жюль Виннфилдийн дүрд тоглох санал тавьжээ. Тарантино санал тавиад зогсохгүй энэхүү киноны дүрээ Жексонд зориулан бичсэн байсан нь түүний гайхшралыг ихэд төрүүлж байсан гэдэг. Энэ тухай Жексон “Надад Жюлийн дүрийг зориулан бичсэн тухай мэдээд би маш их баярлаж, талархаж, омогшсон. Танд энэхүү боломжийг олгохын тулд бүх зүйлийг төлөвлөсөн гээд бод доо” хэмээсэн байдаг. Энэхүү кино түүнийг олон улсад алдар нэртэй болгож Оскарын шагнал гардуулах ёслол болон Алтан бөмбөрцөг наадмын “Шилдэг туслах дүр” номинацад нэр дэвшиж, British Academy Film Awards-аас “Шилдэг туслах дүр” төрөлд шилдгээр шалгарчээ.
Entertainment Weekly сэтгүүлд түүний тухай "Жон Траволта, Брюс Уиллис, Харви Кейтел нар гайхалтай хэдий ч энэхүү киног аварсан жүжигчин бол Самуэль Л. Жексон. Тэр зүгээр л нүдээрээ гал асааж, дуу хоолой, яриагаараа бусдыг ховсддог” хэмээн бичиж байжээ.
Энэхүү кинонд тоглосныхоо дараа Жексон “Би Жюлийн дүрд тоглосныхоо дараа олон жилийн турш карьераа хадгална. Хүн бүр над руу дараагийн “Pulp Fiction" болгох хүсэлтэй байгаа киноныхоо зохиолыг илгээж байна” хэмээсэн байдаг.
Үүний дараа Жексон “Kiss of Death”, “The Great White Hype”, болон “Losing Isaiah” зэрэг кинонуудад дүр бүтээсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулав. Гэсэн ч тэрээр эргэн босох замаа “Die Hard with a Vengeance” болон “A Time to Kill” кинонуудад тоглосноор эргүүлэн авч чаджээ.
“A Time to Kill” кинонд тэрээр охиныг нь хүчирхийлсэн хоёр эрийг хөнөөсөн хэргээр шүүгдэж буй эцгийн дүрийг бүтээсэн. Уг дүрээрээ тэрээр Алтан бөмбөрцөг наадмын “Шилдэг туслах дүр” төрөлд нэр дэвшиж байжээ.
Ийнхүү бокс оффисийн шилдэг кинонуудад дүр бүтээх болсон Жексон 1997 онд “187”, “Eve's Bayou”, “Jackie Brown” зэрэг гурван кинонд гол дүр бүтээжээ. "Eve's Bayou" кинонд туслах продюсерийн үүрэг гүйцэтгэсэн тэрээр "Independent Spirit" шагнал хүртсэн бол “Jackie Brown” кинонд Квентин Тарантинотой дахин хамтран ажиллаж Берлиний кино наадмын “Шилдэг эрэгтэй дүр”-ийн Мөнгөн баавгайн шагналыг хүртэж, дөрөв дэх удаагаа Алтан бөмбөрцөгт нэр дэвшжээ.
1998 онд тэрээр "Sphere" кинонд Шарон Стоун, Дастин Хоффман нартай хамтран тоглосон бол "The Negotiator" кинонд хүн амины хэрэг үйлдсэн, хөрөнгө шамшигдуулсан хэргээр хилс хэрэгт буруутгагдсан эрийн дүрийг бүтээжээ.
1999 онд Жексон "Deep Blue Sea" аймшгийн кино болон “Star Wars: Episode I – The Phantom Menace” кинонд тус тус тогложээ. Тэрээр “Star Wars: Episode I – The Phantom Menace” кинонд тоглох хүртлээ Мэйс Виндугийн дүрд тоглож байгаагаа мэдээгүй тухайгаа хожмоо өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Учир нь тэрээр энэхүү түүхэн киноны нэгээхэн хэсэг болж буйдаа талархаж байсан учраас ямар дүрд тоглох тал дээрээ төдийлөн ач холбогдол өгөөгүй байна.
2000 оны 6-р сарын 13-нд тэрээр Холливудын алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болжээ. Тухайн жилдээ Жексон “Rules of Engagement” кинонд цэргийн хурандаагийн дүрийг бүтээхийн сацуу “Unbreakable”, “Shaft” кинонуудад дүр бүтээжээ.
2002 онд тэрээр Бен Аффлекийн хамт “Changing Lanes кинонд” тоглосон бөгөөд “Star Wars: Episode II – Attack of the Clones” кинонд дүр бүтээжээ. “Star Wars: Episode II – Attack of the Clones” кинонд хэдийгээр туслах дүр бүтээсэн ч түүний дүр гол дүрүүдийн нэгэн адил хүчтэй сэтгэгдэл төрүүлж байв. Мэйс Виндүгийн нил ягаан өнгийн сэлэм нь Жексоны хүсэлтийн дагуу бүтээгджээ. Учир нь олон хүн тулалдаж байгаа хэсэгт түүний сэлэм тодрон харагдаж байхыг тэрээр хүссэн байна.
2003 онд Жексон "Basic” кинонд Жон Траволтатай хамтран тогложээ. Тухайн жилдээ тэрээр "SWAT" хэмээх кинонд цагдаагийн түрүүчийн дүрийг бүтээжээ. Энэхүү киноны дуунуудын нэгийг түүний нэрээр буюу Sammy L. Jackson хэмээн нэрлэсэн байдаг.
2004 он түүний хувьд тун ч сонирхолтой жил болж өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрээр энэ онд карьерийнхээ хамгийн өндөр зэрэглэлийн кино хийгээд хамгийн муу кинонд тогложээ. Түүний тоглосон "Twisted" кино нь 2 хувийн үнэлгээ авсан байдаг бол “The Incredibles” анимейшнд Frozone-ий дүрд дуу оруулж, Annie Award-ийн “Шилдэг дуу хоолой” төрөлд нэр дэвшжээ. Тус хүүхэлдэйн кино 97 хувийн үнэлгээ авсан байдаг ажээ. Тухайн жилдээ тэрээр Квентин Тарантиногийн бүтээл “Kill Bill: Volume 2” кинонд мөн дүр бүтээжээ.
2005 онд мөн “Coach Carter”, “XXX: State of the Union”, “Star Wars: Episode III – Revenge of the Sith”, “The Man” зэрэг кинонуудад тоглож Хавайн олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
2006 оны нэгдүгээр сард Жексон Grauman's Chinese Theatre-т гар болон хөлийн хээгээ байршуулсан бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрөгдсөн Африк Америк гаралтай 7 дахь жүжигчин, дэлхийн хэмжээний 191 дэх жүжигчин болжээ.
2007 оныг тэрээр мөн л завгүй өнгөрүүлэв. Хэд хэдэн кинонд дүр бүтээсэн тэрээр “Star Wars: The Clone Wars” кинонд Мэйс Виндүгийн дүрийг дахин бүтээж олны талархлыг хүлээжээ.
2008 онд тэрээр “The Spirit” хэмээх кинонд хорон санаатны дүр бүтээсэн нь шүүмжлэл дагуулсан бол 2009 онд Квентин Тарантинотой дахин хамтран ажиллаж, Дэлхийн 2-р дайны үеийн тухай өгүүлэх “Inglourious Basterds” хэмээх кинонд оролцжээ.
2010 онд Жексон “Mother and Child”, “Unthinkable”, “The Other Guys”, “The Sunset Limited” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.
2002 онд Жексон Marvel Comics-т Ник Фьюригийн дүрийг өөрөөр нь төлөөлүүлэн хийхийг зөвшөөрсөн байдаг. 2008 оны "Төмөр хүн" кинонд тэрээр дүр бүтээсэн байдаг бөгөөд 2009 оны 2-р сард Марвел студитэй есөн уран бүтээлийн гэрээ байгуулж "Төмөр хүн 2", "Тор", "Captain America: The First Avenger", "The Avengers", “Captain America: The Winter Soldier“, “Avengers: Age of Ultron”, “Infinity War and Endgame”, “Captain Marvel” зэрэг кинонуудад тус тус дүр бүтээжээ.
Тэрээр үеийнхээ хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд түүний тоглосон кинонууд дэлхийн хэмжээнд 27 тэрбум гаруй долларын ашиг олсон нь түүнийг бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон жүжигчин болгожээ.
2022 онд түүний нийт хөрөнгийг 270 сая ам.доллар хэмээн тогтоосон байдаг. Киноноос гадна сурталчилгаа, брэндийн нүүр царай болох зэргээр орлогоо нэмэгдүүлсээр ирсэн тэрээр тансаг зэрэглэлд багтах олон тооны хөрөнгөтэй нэгэн. Тухайлбал 325,000 долларын үнэтэй Rolls Royce phantom, 57.000 ам.долларын үнэтэй Maybach 400,000 S, 80,000 орчим ам.доллараар үнэлэгддэг Range Rover Sports болон бусад тансаг зэрэглэлийн машинуудыг эзэмшдэг бөгөөд Нью-Йорк хотноо 3,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий тансаг харшид амьдардаг байна.
СЭМУЭЛ Л.ЖЕКСОНЫ ХЭЛСЭН АЛДАРТАЙ ЭШЛЭЛҮҮДЭЭС
-Хэрэв танд дуу хоолойгоо бусдад хүргэх боломж байгаа бол үүнийг ашиглах л хэрэгтэй-
-Надад өгсөн хамгийн сайн зөвлөгөө бол эн тэнцүү байхын тулд 10 дахин илүү ухаалаг, зоригтой, эелдэг байх. Би үүнийг л хийсэн-
-Чамд амьдрал бий. Чи хүссэнээрээ амьдрах эрхтэй-
Тэрээр 2012 оны 12-р сарын 25-нд нээлтээ хийсэн "Django Unchained" болон 2015 оны 12-р сарын 25-нд нээлтээ хийсэн "The Hateful Eight" кинонуудад тоглосон. Энэхүү кинонууд нь мөн л найруулагч Квентин Тарантиногийнх билээ.
2017 онд тэрээр “Kong: Skull Island” кинонд тоглосон бол 2019 онд 2000 онд хийсэн киноныхоо үргэлжлэл болох "Glass" болон “Shaft” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.
2019 онд “Unicorn Store”, Марвелийн бүтээл “Spider-Man: Far From Home” кинонуудад тус тус дүр бүтээсэн байна.
2020 онд тэрээр театртаа эргэн ирсэн. 11 жил тайзан дээр гараагүй тэрээр Бродвейд эргэн ирж “The Piano Lesson” жүжгээ дахин амилуулж, 2022 онд уг бүтээлээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртжээ.
Тэрээр удахгүй дэлгэцнээ гарах “Afro Samurai”, “The Last Dragon”, “Damaged”, “Last Meals” зэрэг кинонуудад дүр бүтээхээр болсон бөгөөд кино зураг авалтын ажлууд эхнээсээ эхэлсэн тухай эх сурвалжууд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )