АЛДАРТНУУД I Marvel-ийн бүтээлүүдийг "жигшигч" найруулагч Коппола

2024 оны 04 сарын 10

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Найруулагчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг мягмар гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Найруулагчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид найруулагч Фрэнсис Форд Копполаг онцоллоо.


Нэрт найруулагч, кино зохиолч, продюсер Фрэнсис Форд Коппола 1939 оны 4-р сарын 7-нд АНУ-ын Детройт хотноо хөгжимчин Кармайн Коппола болон Италиа Коппола нарын гэр бүлд мэндэлжээ.

Итали гаралтай энэхүү гэр бүлийнхнээс урлагийн олон алдартнууд мэндэлсэн байдаг. Тухайлбал түүний ээжийн өвөө Италийн алдартай хөгжмийн зохиолч Франческо Пеннино хэмээх нэгэн байв. Түүний төрсөн ах Август Флойд Коппола нь зохиолч, кино урлагийн нэрт зүтгэлтэн байсан бөгөөд алдарт жүжигчин Николас Кейж, хөтлөгч DJ Марк Коппола, найруулагч Кристофер Коппола нарын төрсөн эцэг юм. Мөн найруулагч Фрэнсис Форд Копполагийн төрсөн дүү нь жүжигчин Талиа Рөүс Шир бол төрсөн охин болох София Коппола нь жүжигчин ажээ. Копполагийн гэр бүл нийтдээ Оскарт 19 удаа нэр дэвшиж, 12-т нь ялалт байгуулсан түүхтэй бөгөөд 5 нь Фрэнсис Форд Копполагийнх аж.

 

 

Фрэнсис Форд Коппола хүүхэд байхдаа халдварт саа өвчнөөр өвчилж олон жилийг хэвтэрт өнгөрөөжээ. Энэ хугацаандаа гар хийцийн хүүхэлдэй болон сонирхогчийн камераар тоглодог байсан нь кино урлагт дурлах үндэс суурийг тавьсан гэдэг. Тэрээр 15 настайдаа “A Streetcar Named Desire” хэмээх зохиолыг уншсаны дараа театрт сонирхолтой болж “The Rich Millionaire”, “The Lost Wallet” зэрэг 8мм-ийн хальсан дээрх кинонуудаа бүтээсэн байна.

Сурлага тааруу хэдий ч инженер, технологийн чиглэлд сонирхолтой байсан нь түүнийг "Шинжлэх ухаанч" хэмээх хочтой болгожээ.

Гэсэн ч тэрээр хөгжимчин болохоор шийдэн труба хөгжим тоглож эхэлжээ. Улмаар Нью-Йоркийн Цэргийн академид тэтгэлэг авах суралцахаар болсон тэрээр 1955 онд Хофстра коллежид театр урлагийн мэргэжлээр суралцаж эхэлжээ. Энэ түүний найруулагч болох сонирхлыг улам бүр нэмэгдүүлж байсан ч аав нь эрс эсэргүүцэн инженерийн чиглэлээр суралцуулахаар шийдсэн гэдэг.

 

 

Гэсэн хэдий ч түүний найруулагч болох сонирхлыг хэн ч унтрааж чадаагүй юм. Тэрээр найруулагч Сергей Эйзенштейний бүтээл “October: Ten Days That Shook the World” хэмээх киног үзсэнийхээ дараа найруулгын чанарт нь алмайрч театраа орхин кино урлагт хүч үзэхээр шийдсэн гэдэг. Харин түүнийг зохиолч болоход нь ах Август нь ихээхэн нөлөө үзүүлсэн ажээ.

Их сургуульд суралцаж байх үедээ тэрээр драмын “The Green Wig” дугуйлан болон “Kaleidoscopians” хэмээх комеди клубын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр энэхүү хоёр клубээ нэгтгэн “The Spectrum Players” хэмээх нэр бүхий клуб байгуулсан бөгөөд уг хамтлагийн гишүүд долоо хоног тутам шинэ уран бүтээл тайзнаа толилуулдаг байв. Мөн түүний санаачлан эхлүүлсэн кино урлагийн тухай сэтгүүл театрын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж байсан гэдэг. Оюутан байх хугацаандаа тэрээр шилдэг найруулгаараа Д.Х.Лоуренсийн нэрэмжит шагналыг гурван удаа хүртсэн бол сургуулийн театрын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Беккерманы шагналыг мөн гардуулж байжээ.

Үүний дараа буюу 1960 онд Коппола UCLA хэмээх кино урлагийн их сургуульд элсэн оржээ. Суралцаж байх үедээ тэрээр “The Two Christophers” хэмээх богино хэмжээний аймшгийн киногоо найруулан тавьж байв. 

 

 

Тухайн үед Коппола долоо хоногт 10 доллар олдог байсан гэдэг. Нэмэлт орлого олох арга сүвэгчилж байхдаа тэрээр хамт суралцагсад нь нүцгэн зураг авалтаас мөнгө олдог болохыг олж мэджээ. Үүнээс сэдэвлэн тэрээр "The Peeper” хэмээх богино хэмжээний инээдмийн киногоо бүтээсэн бөгөөд уг кинонд орон сууцныхаа хажуугийн студи дэх нүцгэн зураг авалтын нууцаар тандаж буй эрийн тухай өгүүлдэг байна. Энэхүү кинондоо тэрээр 3000 долларын санхүүжилт авч чаджээ.

Дараа жил нь тэрээр удаан хугацаанд татгалзсан "The Wide Open Spaces” хэмээх насанд хүрэгчдийн киног найруулахаар болсон. "Premier Pictures" компани энэхүү хоёр киног нэгтгэн 1962 онд “Tonight for Sure” хэмээх киногоо дэлгэцнээ гаргажээ.

Үүний дараа Копполад “Sin Began with Eve” хэмээх киноноос сэдэвлэн бүтээх киног найруулах санал иржээ. Энэхүү кинонд Коппола алдартай хүмүүсийг оролцуулан “The Bellboy and the Playgirls” нэртэйгээр олон нийтэд цацсан байна.

Удалгүй Копполаг найруулагч Корман туслахаар ажилд авчээ. Тухайн жилдээ Коппола хэд хэдэн кинонд дууны найруулагч, туслах продюсер, туслах найруулагчаар ажилласан байна.

1963 онд Корман Копполад багахөн төсөвтэй аймшгийн кино хийх даалгавар өгчээ. Үүний дагуу Коппола нэг шөнийн дотор “Psycho” гэх киноноос санаа авсан “Dementia 13” хэмээх ноорог бүтээлээ бичсэн бөгөөд энэ нь Корманд ихэд таалагдсан гэдэг. Уг кино 40.000 ам.долларын санхүүжилтээр бүтэж, аймшгийн кино сонирхогчдын дунд чамгүй алдартай бүтээл болж чаджээ. Энэхүү киноны зураг авалтын үеэр Коппола ирээдүйн эхнэр Элеонора Жесси Нилтэй танилцаж байсан гэдэг.

 

 

1965 онд Коппола Самуэль Голдвиний шагналыг хүртэж “Seven Arts” продакшнд ажилд орж, "This Property Is Condemned”, “Is Paris Burning?” зэрэг кинонуудын зохиолыг хамтран бичжээ.

1966 онд Коппола их сургуулийнхаа дипломын ажил болгон “You're a Big Boy Now” хэмээх киногоо бүтээсэн. Энэхүү кино “Warner Bros” кино компаниар дамжин олны хүртээл болсон бөгөөд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлээ авч, гол дүрийн жүжигчин Жералдин Пэйж Оскар болон Алтан бөмбөрцөг наадамд тус тус нэр дэвшжээ.

Үүний дараа буюу 1968 онд тэрээр анхны мюзикл кино болох “Finian's Rainbow”-оо найруулжээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Петула Кларк мөн л Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшсэн байна.

Түүний студид харьяалагдсан түүх нэг иймэрхүү. Учир нь тэрээр кино компанид ажиллах нь өөрийнх нь алсын хараа хийгээд ур чадварыг нь хязгаарлаж байна хэмээн үзэж өөрийн гэсэн “Zoetrope Studio”-оо Сан Франциско дахь нэгэн жижиг агуулахад нээж байжээ. Энэхүү студи кино урлагийн тогтсон хэв маягийг эвдэж, дижитал кино бүтээх, тэр дундаа HDTV-ийн хамгийн эртний хэрэглээг анхлан нэвтрүүлсэн түүхтэй.

1970-аад оны эхээр Коппола шинэ үеийн Холливудыг бий болгосон гэгддэг найруулагч нарын тэргүүн эгнээнд бичигдэж байжээ. Уламжлалт кино урлагийн үзэл санаануудыг эсэргүүцдэг байсан эдгээр найруулагч нарын дотор домогт Жорж Лукас, Мартин Скорсезе, Брайан Де Пальма, Стивен Спилберг, Терренс Малик, Роберт Алтман, Вуди Аллен, Уильям Фридкин, Филип Кауфман нар мөн багтсан байдаг. 

1970 онд Коппола “Patton” хэмээх кино зохиолоо Эдмунд Х.Норттой хамтран бичиж, дэлгэцнээ гаргасан. Тус кино Оскарын наадмаас "Шилдэг эх зохиол" шагнал хүртсэн бөгөөд энэ нь Копполагийн анхны Оскар юм.

 

 

Энэхүү киноны эхлэл хэсэг өнөөг хүртэл алдартай хэвээр байгаа бөгөөд олон олон кино, улс төрийн хошигнол, телевизийн шоу зэрэгт ашиглагдсаар байна.

1972 онд тэрээр домогт “The Godfather” киногоо бүтээсэн. Кино урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү киног зохиолч Марио Пузогийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд энэхүү бүтээл Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг сэдэвлэсэн уран бүтээл”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол” зэрэг төрлүүдэд шилдгээр шалгарч байжээ.  

Коппола энэхүү киног найруулах ажлаас анх татгалзаж байсан гэдэг. Зохиолч Пузогийн зохиолыг уншиж үзмэгцээ ядмаг, хэт сенсаацилсан, хямд хэмээн тодорхойлсон Кополла тухайн үед “THX 1138” хэмээх киноны төсвийг хэтрүүлсний улмаас Warner Bros кино компанид 400,000 гаруй долларын өрөнд ороод байжээ. Санхүүгийн хүнд байдалд орсон тэрээр найз нөхөд, гэр бүлийнхнийхээ ятгалгаар уг киног найруулахыг зөвшөөрч байжээ.

Тэрээр энэхүү ажлыг анх авахдаа 125,000 ам.доллар болон нийт орлогын 6 хувийг авахаар тохиролцжээ. Үүний дараа тэрээр энэхүү кинонд зөвхөн зохион байгуулалттай гэмт хэргийн тухай өгүүлэх бус гэр бүлийн түүх, Америк дахь капитализмын тухай өгүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, тодохой хэмжээний өөрчлөлт хийжээ.

Прамаунт пикчерч болон найруулагч Коппола нарын дунд жүжигчид сонгох тал дээр багагүй маргаан гарсан гэдэг. Вито Корлеонегийн дүрд найруулагч Кополла жүжигчин Марлон Брандог тоглуулах хүсэлтэй байсан бол Прамаунт пикчерч Эрнест Боргнейн болон Дэнни Томас нарын нэгийг тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Томоохон тэмцлийн эцэст Коппола ялалт байгуулж өөрийн хүссэн жүжигчнийг энэхүү дүрд тоглуулахаар болсон. Хожмоо жүжигчин Марлон Брандо Вито Корлеонегийн дүрээр Оскарын шагнал хүртсэн ч хүлээн авахаас татгалзсан байдаг.

 

 

Найруулагч Коппола “Загалмайлсан эцэг” киног найруулахад туйлын хүнд байсан тухайгаа “Энэхүү киног хүмүүс тэр бүр үнэлдэггүй байлаа. Тэд үнэхээр сэтгэл дундуур байсан. Жүжигчдэд нь дургүй, миний хэлэх гэсэн санаа, арга барилд дургүй байсан тул би үргэлж л халагдахаас наагуур зүйл болдог байлаа. Энэ үнэхээр хар дарсан зүүд шиг л байсан. Тухайн үед би хоёр жаахан хүүхэдтэй, гурав дахь нь хэзээ мөдгүй төрөх гэж байсан юм л даа. Бид жижигхээн байранд амьдардаг тул тэдэнд хэцүү байх вий гэж ихэд санаа зовдог байсан. Шийдэх олон асуудал байхад би амжилтанд хүрч, эсвэл өөр ажил олж хийнэ гэдэгтээ тийм ч итгэлгүй байсан” хэмээжээ.

Энэхүү кино нээлтээ хийснийхээ дараа олны талархлыг хүлээсэн. Бүх цаг үеийн шилдэг киноны санал асуулгад тэргүүлэх байр эзэлдэг энэхүү кино нь АНУ-ын түүх, соёл, хийц чанараараа гайхагдсан шилдэг бүтээлүүдийг хадгалдаг Үндэсний Кино Бүртгэлд хадгалагддаг байна. Мөн энэхүү бүтээл 1997 онд Америкийн Кино Хүрээлэнгээс гаргасан Америкийн шилдэг 100 кино жагсаалтын гуравдугаарт алдарт “Citizen Kane”, “Casablanca” кинонуудын араас бичигджээ.

Алдарт найруулагч Стэнли Кубрик “Загалмайлсан эцэг” киноны тухай “Бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчидтэй, шилдэг кино” хэмээн тодорхойлсон байдаг.

Үүний дараа буюу 1974 онд Кополла “The Conversation” киногоороо Холливудын шилдэг уран бүтээлч болохоо дахин бататгасан. Тус киногоороо Кополла Каннын кино наадмаас анхны “Palme d'Or” шагналаа хүртсэн юм. Энэхүү киноны зураг авалтын үеэр Коппола  “The Great Gatsby” киноныхоо зохиолыг бичихийн зэрэгцээ “Загалмайлсан эцэг” киноны хоёрдугаар ангийн зураг авалтыг мөн хийжээ. Ийнхүү томоохон хэмжээний хоёр киноны зураг авалтыг зэрэг хийх нь эрсдэлтэй хэмээн түүний ойр дотнынхон нь зөвлөж байсан ч Коппола  зорилгоосоо ухарсангүй. “Загалмайлсан эцэг” киноны хоёрдугаар ангийг “Загалмайлсан эцэг 2” хэмээн нэрлэх нь үзэгчдийн сонирхлыг татахгүй, тэднийг залхаах болно хэмээн Парамаунт пикчерсийн удирдлагууд үзэж байсан аж.

 

 

Гэсэн ч энэхүү кино амжилттай болж үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Олон хүмүүс хоёрдугаар ангийг нэгдүгээр ангиас илүү болсон хэмээн үнэлсэн байдаг бөгөөд тус кино Оскарын 11 төрөлд нэр дэвшиж, 6-д нь ялалт байгуулснаас 3 нь Копполагийнх болжээ.

Тус кино "TV Guide" сэтгүүлийн "Бүх цаг үеийн шилдэг 50 кино" жагсаалтын 1-т бичигдсэн бол Entertainment Weekly сэтгүүлийн "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 кино" жагсаалтын 7-рт бичигдэж байжээ.

Мөн кино шүүмжлэгч Леонард Малтины "20-р зууны заавал үзэх 100 кино" болон Рожер Эбертийн "Агуу кино"-ны гаргасан жагсаалтад тус киног оруулсан байдаг бөгөөд 2002 онд гарсан "Sight & Sound"-ын бүх цаг үеийн шилдэг арван киноны жагсаалтад 4-р байранд тус тус орсон байна.

Коппола ийнхүү нэг жилийн дотор Шилдэг кино төрөлд хоёр удаа нэр дэвшсэн гурав дахь найруулагч болсон бөгөөд үүнээс хойш ердөө хоёр найруулагч энэхүү жагсаалтад багтсан байдаг.

Үүний дараа Коппола  “Apocalypse Now “ хэмээх киноны зураг авалтаа эхлүүлжээ. Гэсэн ч олон асуудалтай тулгарч, зураг авалт удааширсаар байсан тул уг киног “Apocalypse When?” хэмээн хочлох болсон гэдэг. Тус кино 1979 онд нээлтээ хийсэн бөгөөд 1991 онд дэлгэцнээ гарсан баримтат кинондоо Коппола “Бид ширэнгэн ойд гацсан мэт л байсан. Маш их зардал гарч, хэт их тоног төхөөрөмж хэрэг болсон. Бид бага багаар галзуурч байсан” хэмээсэн байдаг.

Энэхүү кино гарсан даруйдаа амжилт олж Каннын кино наадмаас “Palme d'Or” шагнал хүртсэн бөгөөд бүх цаг үеийн шилдэг кино жагсаалтад мөн багтсан байдаг.

2001 онд Коппола “Apocalypse Now” киног “Apocalypse Now Redux” хэмээх нэрээр шинэчлэн гаргахдаа анхны хувилбараас хасагдсан хэсгүүдийг нэмж, 200 минут болгон өргөжүүлсэн бөгөөд 2019 онд мөн шинэчлэн гаргажээ.

“Apocalypse Now” кино гарах үеийг Копполагийн алтан үе хэмээн нэрийддэг. Үүнээс хойш уналтад орсон Коппола 1982 онд “One from the Heart” хэмээх киногоо гаргасан бөгөөд 26 сая ам.долларын төсвөөр бүтсэн уг кино нь ердөө 636,796 ам.долларын ашиг орлого олжээ. Үүнээс үүдэн 23 акр талбай бүхий Zoetrope студио зарахаас өөр аргагүйд хүрсэн Коппола бүтэн арван жилийг өрөө төлөхдөө зарцуулсан гэдэг.

 

 

Zoetrope Studios эцэст нь 1990 онд дампуурлаа зарлаж нэрээ Амerican Zoetrope болгон өөрчилсөн байдаг.

1983 онд тэрээр “The Outsiders” киног найруулсан. Тус кинонд өнөөгийн алдартай жүжигчид тоглож алдартан болох гараагаа эхэлж байсан гэдэг. Энэхүү кино 10 сая долларын төсөвтэй бүтэж 25 сая долларын орлого олжээ.

Тухайн жилдээ Коппола “Rumble Fish” киног найруулсан бөгөөд 10 сая долларын төсөвтэй бүтсэн уг кино ердөө 2,5 сая долларын ашиг олж Копполагийн санхүүгийн байдлыг улам бүр хүндрүүлсэн гэдэг. Мөн продюсер Роберт Эванстай хамтран “The Cotton Club” киног найруулан гаргасан нь зардлаа ч нөхөж чадсангүй. Хэдийгээр энэхүү кино бокс оффист амжилт үзүүлээгүй ч Оскарийн 4 төрөлд нэр дэвшжээ.

Шил дараалсан дампуурлын дараа буюу 1986 онд Коппола “Peggy Sue Got Married” киногоо найруулжээ. Тус кинонд Кэтлин Тернер, Николас Кейж, Жим Кэрри нар тоглосон бөгөөд чамгүй амжилт үзүүлж жүжигчин Кэтлин Тернер Оскарт эхний бөгөөд сүүлийн удаа нэр дэвшсэн байдаг.

Дараа жил нь найруулан гаргасан кино мөн л уналт дагуулав. Кино зураг авалтын үеэр түүний том хүү таалал төгссөн нь киноны чанарт нөлөөлсөн байж мэднэ гэлцдэг.

Үүний дараа Коппола “Tucker: The Man and His Dream” хэмээх намтар уран бүтээлийг найруулан гаргажээ. Тус кино 62 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд гурван номинацид нэр дэвшсэн хэдий ч "Box Office"-т төдийлөн амжилт олсонгүй. Энэхүү кино 24 сая ам.долларын төсвөөр бүтсэн ч 19,65 сая ам.долларын орлого олжээ.

 

 

1989 онд тэрээр алдарт найруулагч Мартин Скорсезе, Вуди Аллен нартай хамтран New York Stories хэмээх анатологи кино бүтээжээ.

Энэхүү кинонд түүний дүү Талиа Шир тоглсон бол охин Софиятайгаа хамтран кино зохиолоо бичжээ. Энэхүү хэсгийг “Life Without Zoë” хэмээн нэрлэсэн бөгөөд кино шүүмжлэгчид киног бүхэлд нь доош татсан хэсэг хэмээх хатуухан шүүмж хэлсэн байдаг.

1990 онд тэрээр “Загалмайлсан эцэг” киноныхоо сүүлчийн анги буюу гуравдугаар ангийг үзэгчдийн хүртээл болгосон. 1982 оноос хойш үргэлжилсэн санхүүгийн бэрхшээлээсээ үүдэн Парамаунт пикчерсийн саналыг хүлээн авсан тухайгаа Кополла хожим нь дурдсан байдаг .

Тус кино эхний хоёр ангиа бодвол тийм ч их амжилт үзүүлээгүй. Киноны нийт төсөв 54 сая ам,доллар байсан бол ашиг нь 136 сая ам.доллар байсан гэдэг. Энэхүү кино Оскарын 7 төрөлд нэр дэвшсэн ч харамсалтай нь нэг ч төрөлд ялалт байгуулж чадаагүй байна. Энэхүү киноны гол дүрд түүний охин София Кополла тоглосон нь үзэгчдээс шүүмжлэл хүртжээ.

2020 оны 9-р сард тус киноны 30 жилийн ойд зориулан “The Godfather, Coda: The Death of Michael Corleone” кино дэлгэцнээ цацагдах тухай мэдээлэл цацагдсан. Энэ нь найруулагч Коппола болон гол дүрийн жүжигчин Пузо нарын төсөөлж байсан анхны хувилбар ажээ.

 

 

1992 онд түүний найруулсан “Bram Stoker's Dracula” кино дэлгэцнээ гарч ашиг орлогоороо тэргүүлсэн. Уг кино дотооддоо 82,522,790 ам.долларын орлого олсон бол дэлхий даяар нийт 215,862,692 ам.долларын орлого олж тухайн ондоо дэлхийн хэмжээнд хамгийн өндөр орлого олсон кинонуудын 9-рт эрэмбэлэгдэж байв. Энэхүү кино Оскарын шагнал гардуулах ёслолоос гурван шагнал хүртжээ.

1996 онд гарсан “Jack” хэмээх ердийн хэмжээнээс 4 дахин хурдан өсдөг хүүгийн тухай өгүүлэх кино Копполад мөн л шүүмжлэл авчрав. Эмгэнэлт хийгээд инээдмийн жанрыг хослуулахдаа хэт огцом байсан нь үзэгчдийн эгдүүцлийг хүргэсэн бөгөөд 1988 онд дэлгэцнээ гарсан “BIG” хэмээх кинотой харьцуулж байв. Тус киноны гол дүрийн жүжигчин Робин Уильямст уг кинонд тоглох санал тавихад тэрээр найруулагч Коппола ажилласан тохиолдолд л энэхүү кинонд тоглоно гэх шаардлага тавьснаар Коппола уг киног найруулжээ.

1997 онд Коппола “The Rainmaker” хэмээх киногоо үзэгчдийн хүртээл болгосон. 1995 онд гарсан ижил нэрт романаас сэдэвлэн хийгдсэн уг кино ерөнхийдөө үнэлгээ өндөртэй байсан ч ашиг орлого төдийлөн сайн олж чадаагүй гэдэг. Энэхүү киноноос хойш Коппола найруулагчийн ажлаас хэсэг чөлөө авсан. Үүнээс хойш хуучин кинонуудаа сэргээн шинэчлэх, дижитал хувилбаруудыг худалдаанд гаргах, олон улсын кино наадмуудад шүүгчээр ажиллах, шүүхийн маргаантай байсан уран бүтээлүүдээ цэгцлэх зэрэг ажлыг түлхүү хийжээ.

 

 

Арван жил завсарлага авсны эцэст тэрээр 2007 онд дэлгэцнээ эргэн ирсэн. “Youth Without Youth” хэмээх энэхүү кино нь шүүмжлэлд өртөж ердөө 2,624,759 ам.долларын борлуулалттай байжээ.

2009 онд тэрээр “Tetro” хэмээх киногоо гаргасан. Кино ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан ч харамсалтай нь бокс оффист төдийгүй амжилт үзүүлсэнгүй. Тус кино ердөө 2,636,774 ам.долларын ашиг олжээ.

2012 онд Коппола “Twixт” хэмээх киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Алдарт Том Вэйтсийн тухай өгүүлэх энэхүү кино нь Франц улсад өндөр үнэлгээтэй байсан ч бусад улсад хараахан амжилт олоогүй юм.

2015 онд Коппола кино урлагаас зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Энэ тухайгаа тэрээр “Та бүхний хэлж заншсанаар Үйлдвэрийн кино гэгдэх зүйлийг би дахиж хийхийг хүсэхгүй байна. Би зүгээр л тодорхой маягтийг туршиж, өөрийнхөө юу чадахыг харж, өөрийн гараар бүтээхийг илүүд үздэг. Арилжааны киноны салбар бага багаар супер баатруудын чигт шилжиж, том хэмжээний бүтээл илүүд үзэх болсон. Том төсөвтэй, хэд хэдэн ангитай цуврал киног үзэгчид хүсэх болж. Өнөө цагт киноны төлөө хүчин чармайлт гаргах хүсэлгүй болсноо би мэдэрсэн. Тийм ч учраас би кино урлагаас зодог тайлж байна” хэмээжээ.

 

 

Тэрээр Марвелийн кинонуудыг үзэн ядагчдын нэг. Лион хотод зохиогдсон Люмьер ах дүүсийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын үеэр супер баатруудтай киноны эсрэг байр суурьтай байдаг тухайгаа "Мартин Marvel-ын бүтээлүүдийг "кино биш" гэж үнэн хэлсэн. Яагаад гэвэл бид киноноос ямар нэг зүйлийг сурч, соён гэгээрэл, мэдлэг, урам зоригийг олж авдаг. Би нэг киног ахин дахин үзсэнээр яг юу олж авахыг үнэндээ мэдэхгүй байна. Мартин тэр кинонуудыг 'кино биш' гэж хэлсэн нь үнэндээ зөөлдсөн. Тэр энэ кинонуудыг жигшмээр гэж хэлээгүй. Харин би бол тэгэж хэлнэ" гэжээ.

Үүнээс өмнө нь тэрээр "Би эдгээр кинонуудыг үзэх гэж хичээсэн. Гэхдээ энэ кино биш. Яаж ч сайн бүтээгдсэн байсан, тухайн нөхцөл байдалд жүжигчид яаж ч сайн жүжиглэх гэж хичээсэн Marvel-ын бүтээлүүд сэдэвчилсэн парктай л дөхөж очно. Сэтгэл хөдлөл болон сэтгэл зүйн мэдрэмжээ бусдад илэрхийлдэг кино бол биш" хэмээн хэлж байжээ.

“Загалмайлсан эцэг 4” киног гаргах бодол Копполад байсан хэдий ч харамсалтай нь гол дүрийн жүжигчин Марио Пузо нас барсан тухай Коппола дурдсан байдаг.

94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр "Загалмайлсан эцэг" киноны 50 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд найруулагч Коппола, жүжигчин Роберт Де Ниро, Аль Пачино нарын хамт хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд танхим дүүрэн үзэгчид хүндэтгэл үзүүлэн алга ташин угтан авчээ.

Тэрээр 2019 оны 4-р сард олон жилийн турш төлөвлөсөн “Megalopolis” киногоо гаргахаар шийдсэн тухайгаа зарласан. Тус кино нь Нью-Йорк хотноо болсон 9 сарын 11-ний аймшигт ослын дараа хэрхэн сэргээн босголт өрнөж байгаа тухай өгүүлэх бөгөөд үйл явдал хэтэрхий эмгэнэлтэй тул өөр үйл явдал өрнөж мэдэх гэнэ.

Тус киноны зураг авалт 2022 оны 9-р сарын 6-наас 2023 оны 2-р сарын 2-ний хооронд явагдана гэж мэдээлсэн бөгөөд кино хэдийд үзэгчдийн хүртээл болох нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top