АЛДАРТНУУД I Чингис хааны шүтэн бишрэгч найруулагч Стивен Спилберг

2024 оны 03 сарын 21

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Найруулагчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг мягмар гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Найруулагчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид найруулагч Стивен Спилбергийг онцоллоо.


Нэрт найруулагч Стивен Аллан Спилберг 1946 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Охайо мужид төгөлдөр хуурч Лиа, цахилгааны инженер Арнольд Спилберг нарын гэр бүлд ууган хүү болон мэндэлжээ. Түүний ээж аав болон эмээ өвөө нь Еврей гаралтай хүмүүс байжээ.

1957 оны эхээр гэр бүлээрээ Аризона руу нүүж тэндээ суурьшсан бөгөөд бага байхдаа Еврей гэр бүлээс гаралтай гэдгээсээ болж ялгаварлан гадуурхалтад ихээр өртдөг байсан гэдэг.

Бага наснаасаа эхлэн кино сонирхож эхэлсэн тэрээр 12 настай байхдаа анхны киногоо бүтээсэн бөгөөд “The Last Gunfight” хэмээх 9 минутын энэхүү кинондоо тоглоомон галт тэрэг болох Лионелийнхоо сүйрлийн тухай өгүүлсэн байдаг.

Аавынхаа авч өгсөн сонирхогчдын камерыг ашиглан бичлэг хийдэг байсан Спилберг скаутын аялал бүртээ энэхүү камераа авч явдаг байжээ. 13 настайдаа тэрээр ангийнхантайгаа хамтран 40 минут үргэлжлэх “Escape to Nowhere” хэмээх дайны тухай өгүүлэх кино бүтээсэн бөгөөд тус кино улсын хэмжээнд зохиогдсон уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртжээ. Өсвөр насандаа Спилберг нийт 20 орчим 8мм-ийн адал явдалт кино бүтээсэн байжээ.

 

 

8 мм-ийн хальсан дээрх энэхүү богино хэмжээний кинонуудаа тэрээр ресторанд 25 центээр үзүүлж, эгч нь энэ үед попкорн зарж бяцхан бизнес хийдэг байв.

Ням гараг бүр театрт очиж кино үздэг байсан тэрээр 1956 онд дэлгэцнээ гарсан “Godzilla, King of the Monsters”, 1937 онд цацагдсан “Captains Courageous”, 1940 онд гарсан “Пиноккио”, 1962 оны бүтээл “David Lean's Lawrence of Arabia” зэрэг кинонуудыг “Сэтгэлийг минь хамгийн их хөдөлгөсөн кино” хэмээн хэлсэн байдаг.

Тэрээр 1963 онд анхны бүрэн хэмжээний киногоо бичиж, найруулжээ. 140 минут үргэлжлэх уран зөгнөлт “Firelight” хэмээх энэхүү киног аавынхаа санхүүжилтээр хийсэн Спилберг орон нутгийнхаа театрт ердөө нэг л өдөр гаргаж чаджээ.

 

 

1964 оны зун тэрээр “Universal Studios”-ийн редакцид туслахаар ажиллаж эхэлсэн бөгөөд цалингүй ажиллаж эхэлсэн байна.

1968 онд Universal компани Спилбергт 26 минутын 35 мм-ийн “Amblin” хэмээх богино хэмжээний киног найруулах боломж олгожээ. Тус студийн дэд ерөнхийлөгч Сидней Шейнберг тус киног үзээд Спилбергт долоон жилийн хугацаатай ажлын санал тавьсан байна. Тэрээр удалгүй сургуулиа орхиж Холливудын алдарт кино компанитай урт хугацааны гэрээ хийсэн хамгийн залуу найруулагч болж чаджээ.

Түүний мэргэжлийн хэмжээнд бүтээсэн анхны бүтээлийг 1969 онд дэлгэцнээ гарсан “Night Gallery” хэмээх олон ангит кино хэмээн үздэг. “Universal Studios”-той хамтран ажиллаж байх үедээ тэрээр нэг жилийн дотор гурван кино найруулсан нь  тухайн үедээ чамлахааргүй амжилт байсан бөгөөд тухайн үеийн кино шүүмжлэгч Дилли Павел энэ тухай олзуурхан бичсэн байдаг. Харин түүний кино театрт зориулан бүтээсэн анхны кино нь 1974 онд гарсан “The Sugarland Express” бөгөөд тус кино Каннын кино наадмаас “Шилдэг дэлгэцийн бүтээл” шагнал хүртэж байжээ.

 

 

1975 онд Спилберг алуурчин махчин загасны тухай өгүүлэх “Jaws” киногоороо 470 сая ам.долларын ашиг орлого олж бокс оффисыг тэргүүлжээ. Тус кино Оскарын шагнал гардуулах ёслолоос нийт гурван шагнал хүртэж, Стивен Спилбергийн алдар нэр дэлхий даяар түгжээ.

Үүний дараа тэрээр “Jaws 2”, “Кинг Конг”, “Супермэн” зэрэг кинонуудыг найруулах саналаас татгалзан жүжигчин Ричард Дрэйфузтай хамтран харь гаригийн биетийн тухай уран зөгнөлт “Close Encounters of the Third Kind” киногоо 1977 онд үзэгчдийн хүртээл болгожээ. Уг кино Оскарын зургаан номинацад нэр дэвшсөн бөгөөд Стивен Спилберг найруулагчийн хувиар анх удаа Оскарт нэр дэвшсэн нь энэ байлаа. Тус кино Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг зураг авалт”, “Шилдэг хөгжмийн найруулга” төрөлд шилдгээр шалгарчээ.

 

 

1977 онд Спилберг Холливудын алтан үеийн бүтээлд тооцогддог шилдэг бүтээл болох “Оддын дайн” киногоо гаргасан бол 1981 онд “Indiana Jones” киногоо гаргажээ.

1982 гаргасан “E.T. the Extra-Terrestrial” кино Оскарын найман номинацид нэр дэвшсэн бол 1985 онд гаргасан “The Color Purple” кино Оскарын арван нэгэн номинацид нэр дэвшжээ.

1989 онд “Indiana Jones and the Last Crusade” кино үзэгчдийн хүртээл болж бокс оффисийг “Бэтмэн” кинотой зэрэгцэн тэргүүлж байсан түүхтэй. Тухайн жилдаа Спилберг “Allways” хэмээх анхны романтик бүтээлээ мөн үзэгчдийн хүртээл болгожээ.

1991 онд Спилберг Петер Пэний адал явдлаас сэдэвлэн бүтээсэн “Hook” киногоо үзэгчдийн хүртээл болгосон бол 1993 онд үлэг гүрвэлийн цэцэрлэгт өрнөх адал явдалт түүх болох “Jurrasic Park” киногоо цацаж дэлхий даяар ашиг орлогоороо тэргүүлэв. Ийнхүү дэлхийн хамгийн шилдэг найруулагчийн жагсаалтын шилдэг гуравт бичигдэх болсон Спилберг домогт “Schindler's List” киногоо мөн тухайн ондоо бүтээж Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг найруулагч” төрөлд шилдгээр шалгарч анхны Оскараа авч байжээ. Тус кино British Academy Film Awards-аас долоо, Алтан бөмбөрцөг наадмаас гурван шагнал хүртжээ.

 

 

Тус кино Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн түүхэн дэх хамгийн алдартай 100 бүтээл жагсаалтын 9-д жагсаж байсан бол 2007 оноос эхлэн 8-р байранд бичигдэж эхэлсэн байна. 1994 онд Спилберг гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийн тулд найруулагчийн ажлаасаа түр завсарлага авчээ.

Удалгүй Жеффри Катзенберг, Дэвид Геффен нартай хамтран “Dream Works” хэмээх шинэ кино студио байгуулав. “Dream Works”-ийн хөрөнгө оруулагчид нь Майкрософтыг үүсгэн байгуулагч Пол Аллен, Билл Гейтс нар байсан гэдэг.

Түүнийг кино урлагаас завсарлага авахаар шийдсэн эсэхэд эргэлзэж байсан хүмүүст тэрээр “Энэ бүхэн миний амьдралын нэг хэсэг. Би өдөрт зургаан цагийг гэртээ өнгөрүүлж, амралтын өдрүүдэд гэртээ бүтэн амарч байгаа” гэх хариулт өгч байжээ.

 

 

1997 онд тэрээр “The lost World: Jurrasic Park” киногоороо кино урлагтаа эргэн ирж, тус кино мөн л ашиг орлогоороо тэргүүлжээ. Энэхүү киноны тухай “The Village Voice”-ийн шүүмжлэгч “The Lost World кино нь нэгдүгээр ангиасаа илүү сайн болсон ч тийм ч хөгжилтэй байсангүй” хэмээсэн бол The Guardian сэтгүүлд

Найруулагч нь яг л автоматаар нисэж байгаа мэт л харагдаж байна. Тэдний тусгай эффектүүдтэй маргах зүйлгүй” хэмээн бичиж байжээ.

Гэсэн ч түүний байгуулсан “Dream Works” кино компанийн бүтээл "Амистад" кино бодсон шиг сайн байсангүй. 1839 онд "Ла Амистад" боолын хөлөг онгоцонд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь алдагдал авчирч зарлагаа нөхөж чадаагүй юм. Спилберг энэхүү киноныхоо тухай “Амистад кино түүхээр хэт их зодсон, түүхийн хичээл шиг кино болсон” хэмээн алдаагаа хүлээн зөвшөөрчээ.

 

 

1998 он түүнд дахин сэргэлт авчрав. Дэлхийн хоёрдугаар дайны үед Ахмад Миллер тэргүүтэй хэсэг бүлэг цэргүүд шүхэрчин Раяныг гэрт нь эсэн мэнд хүргэхийн төлөө амиа золин тэмцэж буй тухай өгүүлэх “Saving Private Ryan” кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Спилберг энэхүү киногоо хийхийн тулд ахмад дайчидтай уулзан зөвлөгөө авч, жүжигчдэдээ дайнд амиа алдсан эмээ, өвөө, аав, ээждээ талархахыг сануулан хурцалж байсан гэдэг.

Энэхүү кино дэлхий даяар 481 сая ам.долларын ашиг олсон бөгөөд Спилбергт хоёр дахь удаагийн Оскарын шагналыг нь авчиржээ.

1999 оны 8-р сард Спилберг, жүжигчин Том Хэнкс нарт тухайн үеийн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Уильям С.Коэн Төрийн гавъяаны одон медаль гардуулж байжээ. 

 

 

Түүний шилдэг бүтээлүүдийн нэг болох “Band of Brothers” цуврал 2001 онд гарсан. Тус кино Алтан бөмбөрцөг наадмын “Шилдэг олон ангит кино” цувралд шилдгээр шалгарсан байна.

Тухайн жилдээ Спилберг “A.I. Artificial Intelligence” киногоо мөн гаргасан. Тус киног найруулах саналыг домогт найруулагч Стэнли Кубрик 1979 онд Спилбергт тавьж байжээ. Тус кино Saturn Awards-аас нийт таван шагнал хүртэж, дэлхий даяар нийт 236 сая ам.долларын ашиг олжээ.

Энэхүү киноны тухай нэрт кино шүүмжлэгч Жонатан Розенбаум:

Ихэвчлэн шилдэг кинонууд дүрмийг өөрчилдөг. Стэнли Кубрикийн хуучин төслийг Стивен Спилберг чин сэтгэлээсээ, нухацтайгаар хэрэгжүүлсэн. Тэдний өрсөлдөөнийг гарчгаас харах боломжтой. Үр дүнд нь энэхүү хоёр найруулагч хоёулаа үнэлэгдсэн. Кубрик санал тавьж, үүнийг нь Спилберг хүндэтгэн үзэж чадах бүхнээ хийсэн хэмээн бичиж байжээ.

 

 

2002 онд бүтээсэн түүний хоёр кино болох “Minority Report”, “Catch Me If You Can” кинонууд мөн л хоёул хит болж, ашиг орлогоороо тэргүүлсэн.

“Catch Me If You Can” киноныхоо тухай Спилберг "Би үргэлж л шуугиан тарьсан луйварчдын тухай кинонуудад дуртай байсан. Тэд хууль зөрчдөг ч гэлээ тэднийг дүрийнх нь хувьд зүгээр л хайрлах хэрэгтэй” хэмээж байжээ.

2004 онд бүтсэн “The Terminal” кино мөн л алдартай кинонуудын нэг. 2005 онд дэлгэцнээ гарсан “War of the Worlds” кино нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн хэмжээнд 600 сая ам.долларын ашиг орлого олж түүний амжилтыг дахин дахин бататгав. 

 

 

Спилбергийн хийсэн кинонуудаас өнөөг хүртэл хамгийн маргаантайд тооцогддог кино бол 2005 онд цацагдсан “Munich” хэмээх кино юм. Тус кино 1972 оны Мюнхений аллагын үеэр Израилийн арван нэгэн олимпийн тамирчин хулгайлагдаж, нас барсны дараа Израилийн засгийн газар энэхүү хэрэг дээр нууцаар хариу арга хэмжээ авч буй тухай өгүүлдэг бөгөөд Спилберг Ойрхи Дорнодод асуудал үүсгэхгүйн тулд тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтоноос зөвлөгөө авч байсан гэдэг. Тус кино Оскарын таван төрөлд нэр дэвшиж байжээ.

2008 он хүртэл Спилберг продюсерээр идэвхтэй ажилласан. Энэ хугацаанд тэрээр алдарт “Memoirs of a Geisha”, “Flags of Our Fathers”, “Letters from Iwo Jima”, “Disturbia”, “Transformers” зэрэг кинонууд болон “Monster House” хүүхэлдэйн киноны гүйцэтгэх продюсерээр ажиллажээ.

Спилберг 2008 онд Индиана Жонс цувралын "Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull" киногоороо эргэн ирэлтээ хийсэн. Энэхүү кино дэлхийн даяар нийт 790 сая ам.долларын орлого олж бокс оффисыг тэргүүлжээ.

 

 

2009 онд гарсан “The Adventures of Tintin” хэмээх хүүхэлдэйн кино дэлхий даяар 373 сая гаруй ам.долларын ашиг олж 69 дэх удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмаас “Шилдэг хүүхэлдэйн кино” шагнал хүртжээ. Энэ нь тус ангиллыг танилцуулснаас хойшхи шагнал хүртсэн анхны Пиксар продакшны бус кино байв.

2011 онд Спилберг Уолт Диснейтэй хамтарсан анхны бүтээл болох “War Horse” киногоо танилцуулсан бөгөөд 2012, 2015 онуудад “Lincoln”, “Bridge of Spies” зэрэг бүтээлүүдээ танилцуулжээ.

Линкольны амьдралын сүүлийн дөрвөн сарыг дүрсэлсэн “Lincoln” хэмээх кино нь дэлхий даяар алдаршиж, 250 сая гаруй ам.долларын орлого олж, Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг нийт арван хоёр төрөлд нэр дэвшиж, хоёрт нь ялалт байгуулжээ.

 

 

Ижил нэрт мюзиклээс сэдэвлэн бүтээсэн “West Side Story” кино 2021 оны 12-р сард нээлтээ хийсэн.

Тус кино Оскарын долоон номинацад нэр дэвшихийн сацуу “Алтан бөмбөрцөг” болон “Directors Guild of America”, “Critics' Choice Movie Awards”-д мөн нэр дэвшжээ. Энэхүү кино Спилбергийн эхний бөгөөд сүүлчийн мюзикл бүтээл хэмээн тэрээр тодорхойлсон байдаг.

Түүний найруулсан хамгийн сүүлчийн бүтээл бол 2022 онд дэлгэцнээ гарсан “The Fabelmans” юм. Найруулагч Спилбергийн амьдралаас санаа авсан хагас намтарчилсан түүх бүхий энэхүү кино нь Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн бөгөөд Спилбергийн анх удаа фестивалийн үеэр нээлтээ хийсэн кино болсон байдаг.

Тус кино Оскарын нийт долоон төрөлд нэр дэвшиж Францын бокс оффисын томоохон амжилт үзүүлж,  кино шүүмжлэгчдээс 5 од авч 21-р зууны хамгийн өндөр үнэлгээтэй кино болж чаджээ.

 

 

Спилберг 2023 онд үзэгчдийн хүртээл болсон “Indiana Jones and the Dial of Destiny” киног найруулахаар төлөвлөж байсан. Гэсэн ч тэрээр найруулагчийн ажлаа өгч, Жеймс Манголд тус киног найруулахаар болжээ.

Стивен Спилбергийг дан ганц найруулагч, продюсерээр төсөөлбөл өрөөсгөл ойлголт болно. Тэрээр видео тоглоомын хорхойтон бөгөөд "Medal of Honor", "Call of Duty 4: Modern Warfare" зэрэг тоглоомуудыг тоглох дуртай гэжээ. Тэрээр мөн дөрвөн кинонд дүр бүтээсэн байдаг.

 

 

Спилберг Оскар-ын “Шилдэг найруулагч” шагналыг “Шиндлэрийн бүртгэл” (1993), “Цэрэг Райныг аварсан нь” (1998) бүтээлүүдээрээ авч байжээ. Кино сонирхогчдын сайн мэдэх “Юрийн галавын цэцэрлэг” кино нь өндөр ашиг орлого олсон кино жагсаалтад арванхоёдугаарт жагсдаг.

Спилбергийн бүтээлүүд дэлхий даяар нийт 8.5 тэрбум ам.долларын ашиг олсон байдаг. Форбес сэтгүүл түүнийг тэрбумтнуудын жагсаалтад оруулсан байдаг бол Тайм сэтгүүл “Зууны онцлох 100 хүн”-ий жагсаалтад оруулсан нь түүнийг дэлхийн хэмжээнд хэр их нөлөө бүхий эрхэм болохыг тодхон харуулна.

 

 

ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ КИНО ХИЙХ ТАЛААРАА ТЭРЭЭР 2013 ОНД ИЙНХҮҮ ЯРИЛЦЛАГА ӨГЧ БАЙЖЭЭ

-Хийхээр төлөвлөж буй бүтээлийнхээ санаанаас хуваалцахгүй юу?

-Нэг түүхэн бүтээлийн санаа байгаа юм. Энэ санааг би ч бодож олоогүй. Хятадын нэрт эрдэмтэн Шин Уэн Хай надад санал болгосон. XIII зууны үеийн түүх. Тэр дундаа Чингис хааны тухай кино.

-Яагаад заавал Чингис хааны тухай гэж. Өөр олон түүхэн хүмүүс бий шүү дээ?

-Шин Уэн Хай надад Чингис хааны тухай ярьсан нь миний сонирхлыг өөрийн эрхгүй татсан. Өмнө нь тэр аугаа хүний тухай бараг мэддэггүй байж. Тэгээд Чингис хааны удирдаж асан эзэнт гүрний тухай олж уншаад үнэхээр гайхсан. Ийм аугаа удирдагчийн тухай өнөөдрийг хүртэл мэдэхгүй явсандаа өөрийгөө зэмлэсэн.

-Оросын Сергей Бодровын “Монгол” кинонд бас Чингисийн тухай гардаг. Тэр киног үзсэн биз дээ?

-Үзэхээр барах уу. Гэхдээ шууд хэлэхэд надад таалагдаагүй.

-Яагаад тэр билээ?

-Зохиол нь ч тэр, найруулагчийн ажил нь ч тэр миний сэтгэлд хүрээгүй. Би хувь хүнийхээ хувьд Сергейг хүндэлдэг. Тэр хүн миний нэгэн адил уран бүтээлийг халтуурдая гэж боддоггүй. Гэхдээ “Монгол” кино яагаад тийм муу болсны учрыг ухаад ч ойлгож чадаагүй.

-Тэгвэл Таны Чингис хааны тухай кино хийх гэж байгааг Сергейтэй барьцаж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Би хэзээ ч хэн нэгэн уран бүтээлчтэй барьцаж кино хийж байгаагүй. Зарим хүмүүс “Атаархал намайг хурцалдаг” гэж ярьдаг юм билээ. Үүнийг би буруу гэж боддог. Хүний хийсэн уран бүтээлд атаархах бус миний хийсэн уран бүтээлийг үзээд хүмүүс баяр хүргэж байвал би хурцлагдаж явдаг. Энэ үүднээс харвал би Сергейтэй барьцаагүй. Харин түүний хийсэн алдааг залруулахыг хичээнэ.

-Эл бүтээл хэзээ үзэгчдийн хүртээл болох бол?

-Дөнгөж эхэлж байгаа болохоор их хугацаа орох байх. Яг төдийд гэж хэлж чадахгүй. Гэхдээ шуурхай хийхийг бодно. Ер нь миний сэтгэлд кино маань бүтчихсэн л яваа.

 

 

Тухайн онд Холливудад Стивен Спилбергийн бүтээл Индиана Жонс кинонд Чингис хааны шарилын эрэлд гарч буй тухай өгүүлэх шинэ кино төсөл эхэлж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Уг мэдээлэлд киноны зураг авалтыг Өвөр Монголд авч магадгүй тухай өгүүлсэн байх бөгөөд гол дүрд нь жүжигчин Харрисон Форд тоглохоор болсон гэжээ.

Харамсалтай нь Стивен Спилберг энэхүү санаагаа өнөөг хүртэл кино болгож амжаагүй л явна.

“Цэрэг Раяныг аварсан нь” киног хэт их хүчирхийллийг харуулсан байна хэмээн Энэтхэгийн кино прокатууд ард иргэддээ үзүүлэхийг хориглож байлаа. Үүнтэй холбоотой тэдний зүгээс Спилбергийг хамгийн их хүчирхийлэл гардаг хэсгийг хассан хувилбарыг нийлүүлэхийг шаардаж байв. Гэхдээ Спильберг бодит түүхийг харуулсан бүтээлээ хэзээ ч хэн нэгний хүсэлт, шаардлагаар дахин задалж эвдэхгүй гэсэн хатуу хариуг тэдэнд өгчээ. Гэтэл Энэтхэгийн ерөнхий сайд өөрийн биеэр бүтээлийг үзсэнийхээ дараа киног эх орондоо ямар нэгэн хувилбаргүйгээр бүрэн эхээр нь үзүүлэх шийдвэрийг гаргасан гэдэг.

 

 

ФАКТУУДААС

-Тэр ангийнхаа цорын ганц еврей хүүхэд байсан.

-Найман настай байхад нь төрсөн өдрөөр нь эцэг нь 8мм кино-камер бэлэглэсэн. Тэр өдрөөс эхлэн үеийнх нь хүүхдүүд түүнийг “камертай хүн” хэмээн хочлох болжээ.   

-10 настайгаасаа богино хэмжээний киногоо хийж эхэлсэн тэрээр нэг удаа жимсний шүүс ашиглан аймшгийн кино хийж байсан удаатай.

-12 нас хүрэх үедээ тэрээр коллежид сурахын зэрэгцээ анх удаагаа залуу кино сонирхогчдын тэмцээнд оролцов.

-Калифорнид шилжэн ирсний дараа Спилберг Өмнөд Калифорнийн Их сургуульд орж чадалгүй Техникийн коллежэд элсэн орж байжээ. Гэсэн ч эцэст нь тэрээр кино найруулагчаар суралцан, амжилттай төгсөж чадсан.

-Спилберг анхны эхнэр жүжигчин Ами Ирвингтэй 1985 онд гэрлэж байжээ. Харин 1989 онд тэд гэр бүлээ цуцлуулсан бөгөөд Ами Спилбергээс 100 сая ам.доллар нэхэмжтлсэн байдаг. Тэд дундаасаа нэг хүү төрүүлжээ.

-Үүний дараа Спилберг “Индиана Жонс ба Мөхлийн агуй” кинонд дүр бүтээсэн жүжигчин  тоглосноос Кэйт Кэпшоутай 1991 онд гэрлэжээ. Хосууд нийт зургаан хүүхэдтэй болсон бөгөөд өнөөг хүртэл аз жаргалтай амьдарч байна.

-1993 оны зун дэлхий дахинаа нээлтээ хийсэн “Юрийн галвын цэцэрлэг” кино тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг, өвөрмөц шийдэл бүхий кино болж чаджээ. Тус кино кино театруудаас нэг тэрбум орчим ам.долларын ашиг олсон бол, худалдаанаас 500 саяын ашиг олжээ. Харин тус киноны хоёрдугаар анги ердөө 230 сая ам,долларын ашиг олжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erka.J(124.158.119.18) 2024 оны 03 сарын 26

Стивен Спилбергын кино бүтээлүүд гайхамшигтай, ялангуяа юрийн галавын тухай, Индиан жонс, “Шиндлэрийн бүртгэл” гээд мартахын аргагүй ... Чингис хааны тухай киног хийх л байх ... өнөө цөг үе хүртэл дэлхийд үнэлэгдэхээр Их хааны тухай киног хийгээгүй л байна ... С.Бодровын ”Монгол” бол түүхийн нэгэн зурвас үеийг харуулсан гэж ойлгосон, тийм ч муу кино биш бусдаас ялгарсан, өөр өнцгөөс хэн үуайн ч сэтгээгүй зүйлийг зоригтой харуулсан шиг санагдсан. Их найруулагчид киноныхоо жүжигчдээ олох нь ховор авьяас мэт санагдсан шүү . 13 дугаар зуун жадын үзүүр, сэлэмний хурц, хатуу ширүүн тэмцэл, арга уха

0  |  0
бүгд(59.153.113.165) 2024 оны 03 сарын 25

ОРОСУУУДЫН ХИЙСЭН ТЭР КИНО БОЛ ХОГ. МОНГОЛЫГ Л ДООШ ХИЙСЭН ГУТАМШИГТ ҮЗҮҮЛБЭР. ЭНЭ АМЕРИК ТҮҮХИЙН БОДИТ НОЁН НУРУУТАЙ САЙХАН КИНО БҮТЭЭГЭЭРЭЙДЭЭ

0  |  0
Тт(103.212.116.185) 2024 оны 03 сарын 24

Гоё кино хийгээсэй

0  |  0
Монгол(46.135.65.167) 2024 оны 03 сарын 25

Оросууд Чингис хаанд дургүй гэдэг нь тодорхой юм

1  |  1
Top