Францын эрдэмтэд Этиопын Даллол хөндийг дэлхий дээрх огт амьдрал үгүй газар хэмээн нэрлэжээ. Энэхүү хөндийд нян бактер хүртэл байдаггүй гэнэ.
“Nature Ecology & Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа гараг эрхэст ус байгаа нь амьдрал буйг илтгэнэ гэх нийтлэг ойлголтод эргэлзэх үндэслэл болжээ.
Тухайн гараг дээр ус буй нь амьдрал байгааг илтгэх нэгэн шалгуур болж ирсэн. Гэсэн хэдий ч энэхүү судалгаа Дэлхий хэмээх гараг дээр ус байгаа хэдий ч ямар ч амьдрал үгүй газар байдгийг нотолж байгаа юм гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Тэдний хэлснээр, Даллол хөндий дэх усны температур Цельсийн 109 хэм байдаг гэнэ. Маш давсархаг, исгэлэн ус нь их хэмжээний магний агуулдаг аж. Энэ нь усанд ямар нэгэн хорт бодис, нян бактер байхгүй гэдгийг илтгэж байгаа юм. Учир нь ийм орчинд амьд эд эс үхдэг байна.
Энэ оны тавдугаар сард Испанийн хэсэг биологичид Даллол хөндийн геотермал буюу газрын дулааны эрчим хүч бүхий бүсэд зуу зуун бичил нян илрүүлсэн байна. Испанийн эрдэмтэд бусад гараг эрхэс дэх ийм нөхцөлд амьдрал бий болох боломжийг судлах зорилгоор энэхүү судалгааг хийж байжээ. Гэвч Францын эрдэмтэд тэдний дүгнэлтийг үгүйсгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )