Шведийн Төв банкны нэрэмжит эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг энэ жил АНУ-ын эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нар хүртжээ. Нэр хүндтэй шагналыг дуудлага худалдааны онолыг хөгжүүлж, дуудлага худалдааны шинэ хэлбэрийг бий болгосны төлөө олгожээ. Эдийн засгийн салбарын шагналын эздийг тодруулснаар Нобелийн долоо хоног өндөрлөж байгаа юм.
Пол Милгром, Роберт Уилсон нар дуудлага худалдааны үйл ажиллагаа судалсны үндсэн дээр дуудлага худалдааны уламжлалт хэлбэрийн дагуу борлуулахад хүндрэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний дуудлага худалдааны шинэ хэлбэрийг гаргаж иржээ. Тэдний нээлт дэлхий даяар худалдагч, худалдан авагч, татвар төлөгчдөд ашиг авчирсан гэж Нобелийн хороо онцолжээ.
Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг 1968 онд Шведийн Төв банк бий болгожээ. Энэхүү шагнал нь Алфред Нобелийн 1895 онд гэрээслэлдээ бичиж үлдээсэн үндсэн таван салбарын шагналд багтдаггүй. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Шведийн Хааны шинжлэх ухааны академи гардуулдаг байна.
Коронавирусний цар тахлын улмаас энэ жилийн Нобелийн шагнал гардуулах ёслол цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд буюу Алфред Нобелийн нас нөгчсөн өдөр болдог билээ. Энэ жил Нобелийн шагналыг нэг сая ам.долларын мөнгөн урамшуулал дагалдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )