Ядуурлыг бууруулахын төлөөх тэмцэлд Нобелийн эдийн засгийн шагналыг хүртээлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Энэ жилийн Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг дэлхий дахины ядууралтай тэмцэх туршилтын хандлагыг тодорхойлсон эдийн засагч Абижит Банержи, Эстер Дюфло, Майкл Кремер нар хүртлээ.

Шагналтнуудын судалгааны үр дүн практик дээр ядууралтай тэмцэх боломжуудыг ихээхэн нэмэгдүүлсэн. Тэдний нэгэн судалгааны үр дүнд Энэтхэгийн таван сая гаруй хүүхэд нэмэлт боловсролын хөтөлбөрт хамрагдсан гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ.

Массачусетсийн технологийн дээд сургуулийн профессор Дюфло, Банержи /гэр бүлийн хоёр/, Харвардын их сургуулийн профессор Майкл Кремерийн хамтаар 20 жилийн туршид эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн хөгжил зэрэг хүчин зүйлсийн ядууралтай тэмцэхэд гүйцэтгэж буй үүргийг үнэлэх аргачлалыг боловсруулжээ.

The New York Times сонин Нобелийн шагналыг гол төлөв онолын бүтээлд олгодог бол энэ жил бодит үр дүн өгсөн туршилтын бүтээлд олголоо гэж дурджээ. Тэдний судалгааны дүнд Энэтхэгийн таван сая гаруй сурагчдын сургалтыг сайжруулахаас гадна хэд хэдэн улс оронд эрүүл мэндийн салбар дахь урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулсан төсвийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг 1968 онд Шведийн төрийн банк бий болгожээ. Энэ шагнал 1895 онд Нобелийн гэрээслэлдээ дурдсан таван шагналд хамаардаггүй. Эдийн засгийн шагналыг Хааны шинжлэх ухааны академи олгодог бөгөөд энэ жил бусад салбарын шагналуудын адил есөн сая швед крон дагалдах юм.

Шагналыг энэ оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу Алфред Нобелийн нас барсан өдөр Стокхолм хотноо гардуулна.

Эстер Дюфло /46 настай/ Нобелийн эдийн засгийн шагналыг хүртэж буй хамгийн залуу эрдэмтэн, хоёр дахь эмэгтэй эрдэмтэн болж байна. Анхных нь 2009 оны шагналтан АНУ-ын эрдэмтэн Элинор Остром. Тэрбээр нийтийн өмч, тэр дундаа нөөц баялгийг хэсэг бүлэг хүмүүс үр дүнтэй удирдаж чадна гэдгийг нотолж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top