АНУ-ын шилдэг их сургуулиудын гурван эрдэмтэн 2021 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг, мэргэжил нэгт нөхдөө шинжлэх ухааны бус гэмээр туршилтаас шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хэрхэн хийхийг сургаж, улмаар хүн төрөлхтөнд нийгмийн нарийн үйл явцыг ойлгох, бүх нийтийн харилцан зохицол, элбэг хангалуун байдлыг эрэлхийлэхэд нь тусалсны төлөө хүртээжээ.
Нобелийн хороо Калифорнийн их сургуулийн профессор Дэвид Кардын хөдөлмөрийн эдийн засагт оруулсан эмпирик /туршлага дээр үндэслэсэн/ хувь нэмэр, Массачусетсийн технологийн дээд сургуулийн профессор Жошуа Ангрист, Стэнфордын их сургуулийн профессор Гдиво Имбенс нарын учир шалтгааны холбоосыг задлан шинжлэхэд оруулсан арга зүйн хувь нэмрийг үнэлэн, энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
Тэдний ачаар дэлхий дахин хээрийн болон лабораторийн туршилтын хүрээнд судлах боломжгүй асуултуудад хариулт авсан байна. Тухайлбал, төрсөн он, сар, өдөр хүүхдийн сургалтын үйл явцад хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултын хариултыг өгчээ. Арванхоёрдугаар сарын 31-нд болон нэгдүгээр сарын 1-нд төрсөн хүүхдүүд насны хувьд хэдхэн цагийн зөрүүтэй. Гэсэн ч зарим улс оронд тэд нэг жилийн зөрүүтэй сургуульд ордог.
Нийгмийг бүхэлд нь хяналтын туршилтад оруулах боломжгүй. Харин энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд үүнийг эсрэгээр нь баталж, амьдралын өөрийнх нь явуулдаг жирийн туршилтын үр дүнг үнэлэх арга зүйг боловсруулжээ. Жишээ нь, ижил төстэй бүс нутаг, хот эсвэл бүр улс орны аль нэгт нэг бүрэлдэхүүн хэсэг нь өөрчлөгдөж байхад бусад нь өөрчлөлтгүй үлддэг. Өөрөөр хэлбэл, амьдрал өөрөө туршилт хийдэг ба эдийн засагчид үүний үр дүнг судлахаар яардаг. АНУ-ын аль нэг муж эсвэл Европын Холбооны аль нэг улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэнэт нэмэгдүүлж, сургуулийн сургалтын хөтөлбөрийг нэг жилээр сунган эсвэл гаднын ажиллах хүчийг хязгаарлаж байхад хөрш зэргэлдээх муж эсвэл улсад ийм арга хэмжээ аваагүй тохиолдолд эрдэмтэд эдгээр үйл явдлын үр дагаврыг тооцоолж, хүмүүсийн аж амьдрал, нийгэмд бүхэлд нь хэрхэн нөлөөлж буйг тодорхойлдог.
Энэ оны Нобелийн шагналын эзэд ийм төрлийн ердийн туршилтын үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх арга зүйг бүтээснээрээ гавьяатай.
Тэд жирийн туршилтууд хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөрийн хөлсний хэмжээ эсвэл цагаачлалын цар хүрээ хэрхэн нөлөөлдөг вэ гэх зэрэг нийгмийн амьдралын анхаарлын төвд орсон асуултуудад хариулт өгөх чадвартай байдгийг баталсан гэж Нобелийн хороо тайлбарлажээ.
Тэдний ачаар туршлага дээр үндэслэсэн судалгааны эдийн засгийн шинжлэх ухаанд гүйцэтгэх үүрэг үндсээрээ өөрчлөгдсөн гэж Нобелийн хороо тодруулжээ.
Эдийн засгийн Нобелийн шагнал нь эдийн засгийн шинжлэх ухааныг амьдралтай ойртуулах уламжлалыг үргэлжлүүлэн, эдийн засагч, математикчид зөвхөн өсөлтийн онол зэрэг энгийн хүний амьдралаас хол асуудлыг сонирхохоос гадна төрийн бодлого боловсруулахад бодит хувь нэмэр оруулж, ямар өөрчлөлт, шинэчлэл үр дүнгээ өгдгийг практик дээр турших арга замыг бодож олохоос гадна эдгээр туршилтын үр дүнгийн шинжлэх ухааны үндэслэлийг бий болгодог болохыг олон нийтэд тайлбарладаг.
Яг үүний төлөө 2020 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Харвардын их сургуулийн профессор Майкл Кремер, Массачусетсийн технологийн дээд сургуулийн профессор Эстер Дюфло, Абхижит Банержи нар хүртэж байсан билээ. Тэд эдийн засаг, нийгмийн бодлогын ямар арга хэмжээ ядуурал болон түүний үр дагаврыг бууруулдаг болохыг зөвхөн туршилтын замаар тогтоох боломжтойг баталсан юм.
Эдийн засгийн салбарын Нобелийн шагнал нь Алфред Нобелийн гэрээслэлд тусгаагүй цорын ганц салбарын шагнал. Албан ёсоор үүнийг Шведийн төрийн банкны Алфред Нобелийн нэрэмжит шагнал гэж нэрлэдэг. 1968 онд Шведийн төрийн банк 300 жилийнхээ ойгоор Нобелийн санд ихээхэн хэмжээний хандив өргөж, эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг бий болгосон билээ. Шагналыг 10 сая швед кроны мөнгөн урамшуулал дагалддаг.
Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг эзнийг Шведийн шинжлэх ухааны академи тодруулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )