Өөрийгөө урлаж чадсан залуус #2

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Фитнессээр тууштай хичээллэж, өөрийгөө бүтээж яваа олон залуус "Эрдэнэт үйлдвэр"-т ажилладаг. Өөрийгөө бүтээхээс илүү тамирчны хэмжээнд хичээллэж, улсын болон дэлхийн тавцанд амжилт гаргасан нь ч бий. Аль нь ч байсан тэд өөрийгөө ялж чадсан “аваргууд”. Уул уурхайн хүнд үйлдвэрийн ажлын ачааллыг эн тэнцүү үүрчхээд, амьдралын зөв хэв маягаараа үеийн залуусаа үлгэрлэж яваа тэдний заримтай уулзаж ижил дөрвөн асуултаар хариулт авсан юм.

 

  1. Фитнессээр хэдэн жил хичээллэсэн бэ?
  2. Анх яагаад энэ спортыг сонгон хичээллэх болов?
  3. Фитнесс танд юу өгсөн бэ? /төлөвшил, хэв маяг, өөрчлөлт/
  4. Амжилт..?

Б.ЕРКЕБУЛАН: Мөрөөдөл хамгийн хүчтэй
/Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн засварчин-гагнуурчин/

-Фитнессээр 10 дахь жилдээ хичээллэж байна.

-Арван жилийн сурагч байхдаа янз бүрийн зүйл сонирхож явсан. Тэр дундаас гэртээ нэг жил суниалт хийгээд гарсан үр дүн, тэндээс авсан урам зориг, сайхан мэдрэмж маань намайг фитнессийн заал руу хөтөлсөн юм. Фитнессийн зааланд гуравхан сар бэлтгэл хийх, гэртээ бүтэн жил суниах хоёрын үр дүн газар тэнгэр шиг ялгаатай байсан. Мөрөөдөл хамгийн хүчтэй юм билээ. Өөрийн хүссэн бие бялдраа бүтээх явцад тулгарсан булчин булрах, давсгүй хоол идэх, найзууд тохуурхах гээд олон асуудал намайг зогсоож чадаагүй. Харин ч бүр шуналтай хичээллэсээр байсан. Хүүхэд байхад ээж маань их дэмждэг байсанд баярладаг.

-Фитнесс надад өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хат өгсөн. Миний амьдралын хэв маяг нэгэнт тогтсон. Мэдлэг нэмэгдсэн. Зөвхөн фитнесс, зөв хооллолтын мэдлэг бус анагаахын, хувь хүний хөгжлийн, харилцаа хандлагын гээд бүхий л мэдлэг, ур чадвар сайжирсан. Хүнтэй хүндэтгэлтэй харьцаж сурсан. Шавь нараа зорьсонд нь хүргэхийн тулд хэрхэн ажиллах, яаж урамшуулах ёстой вэ гээд судалсан, суралцсан.

-Пауэрлифтингийн спортын дэд мастер, бодибилдингийн спортын мастер цолтой. Медаль гэвэл маш олон болох учраас гайхалтай мэдрэмж төрүүлсэн хоёр медалийн түүхийг хуваалцъя. Хамгийн анх миний хичээллэж байсан фитнесс клуб дээр аварга шалгаруулах тэмцээн болоход багш маань намайг ятгаж оруулсан. Би ялагдсан, өөрийгөө маш их голсон. Гурван сарын дараа тэр тэмцээн дахин болоход би хүрэл медаль хүртсэн. Өөрийгөө ялж чадсан, бүрэн дүүрэн дайчилж чадсан гурван сарын бэлтгэлийн үр дүн, үнэ цэнэ одоо ч мартагддаггүй. Тэр медаль намайг 10 жил хөтөлсөн юм болов уу. Пауэрлифтингээр олон жил хичээллээд нурууны суулттай болсноос тэр төрлөөр дахин тэмцээнд орж чадахгүй болон учраас бодибилдингийн спорт руу шилжсэн. 2018 онд Бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс сүүлийн үеийн залуучуудын сонирхлыг татах болсон спорт модель төрөлд орж аваргын алтан медаль хүртсэн. Амжилтаар бүтэн жил цангасан хүн мөрөөдлөө биелүүлэх тэр торгон агшин үнэхээр гайхалтай. Тэндээс авсан мэдрэмж, эрч хүчээр  одоо хүртэл цэнэглэгддэг.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top