Хууль бусаар гянтболд олборлосон Б.Үнэнбат нарыг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Б.Үнэнбат, Р.Баатархүү нарын 30 хүнд холбогдох 89 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Уг эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2020.10.21/ зарласан боловч зарим нэр бүхий өмгөөлөгч нар “Жаст-ын Ш.Батхүү нарын болон Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа Лью Ти Хуа нарын шүүх хуралдаанд оролцож “шүүх хуралдаан давхацсан” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүлээн авч, ирэх арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 08.30 цаг хүртэл хойшлууллаа.

Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлож, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдоод байгаа юм. 

Тэдэнд нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг / хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /хахууль авах/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, 20.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг /зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top