ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТҮҮХҮҮД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тухайн үеийн парламентад суудалтай Ардчисан намаас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөн Х.Баттулга ялалт байгуулж Төрийн тэргүүнээр сонгогдсон юм. “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэж дуулдагчлан Монгол Улсын гавьяат тамирчин, жудоч, бизнесмэн, улстөрч Х.Баттулгад ялалт амархан ирээгүй. Тэр жил анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болж, дахин санал хураалт явуулав. Сүүлийн даваанд М.Энхболдтой тунан хүчийг үзэж, тэртэй тэргүй өвдгөө шороодсон түүнийг саналын илүүгээр давж төр тэргүүлэх эрхийг авлаа. “Монгол ялна” гэсэн уриа, оффшор данснаас улстөрчид, бизнесийнхний “нуусан” хууль бус мөнгийг татаж авчран улсынхаа сан хөмрөгт нийлүүлэх саналыг иргэд олзуурхаж, Асашёорюү Д.Дагвадоржийн лайв ч лут үүрэг гүйцэтгэсэн.
Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч нараас хэд хэдэн зүйлээр ялгарна. Түрүүчийн дөрвөн Ерөнхийлөгч бүгд тухайн цагийн ЗХУ-д их, дээд сургууль төгсөгчид бол тав дахь Ерөнхийлөгч Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн зураач.
Бас мэргэжлийн тамирчин. Бизнесийн хүн. Нийслэл хотоос төрсөн хоёр дахь Ерөнхийлөгч, Яармагийн дэнжийн унаган хүү. Уг гарал нь Баянхонгор аймаг. Нөгөө талаар өмнөх эксүүдээсээ насны хувьд арай “ахимаг” сонгогдсон. Тухайлбал, П.Очирбат 48, Н.Багабанди, Н.Энхбаяр нар тус бүр 47, Ц.Элбэгдорж 46 насандаа Ерөнхийлөгч болсон бол Х.Баттулга 54 настайдаа төр тэргүүлэв. Тэрээр орыг нь залгасан Ц.Элбэгдоржтой нас чацуу, нарийн хэлбэл тавхан хоногоор ах. Чухам л тоолбол нас, төөлбөл бие чацуу хоёр. Нэгэн цагт амин найз явсан Ц.Элбэгдорждоо “Гүлдийчихээд” хэмээн чимээгүй загнуулж суусан тэрээр хэдхэн жилийн дараа андынхаа суудалд залрав.
Үндсэн хуульд оруулсан шинэчлэлтээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн, нэг л удаа зургаан жилээр Ерөнхийлөгчөөр ажиллана. Яагаад гэвэл идэрхнээрээ Ерөнхийлөгч болж, ир нь хариагүй дээрээ зодог тайлахаараа улс төр энэ тэр рүү давхиж орох гээд байдаг учир 50 хүргэж сонгоод, тэтгэврийн насанд нь шахуулж бүрэн эрхийг нь өндөрлүүлэх зорилгоор насны босгыг нэмсэн учиртай. Гэхдээ Х.Баттулгын хувьд дахин өрсөлдөх боломж нь нээлттэй. Учир нь тэрээр Үндсэн хуульд нэмэлт ороогүй байхад Ерөнхийлөгч болсон.
Х.Баттулга 2017 оны долоодугаар сарын 10-нд тангараг өргөх ёслолоо хийв. Хуулиар энэ өдрийг тогтоосон учраас дараа дараагийн Ерөнхийлөгч нар үүнээс хойш энэ л өдөр тангараг өргөж байх болно. Шинэхэн Төрийн тэргүүнтэй наадам соньхон байсан. Түрүүчийн эрхмүүд шиг ганган чамин торгон өмсгөлгүй, энгийн хөх даавуун дээл дээр бүрх малгай тавьсан түүнийг наадамчид сэтгэл өндөр хүлээж авсан. Наадмын маргааш тэрээр шууд л түймэртэй тэмцэх ажилд орсон юм. Төв, Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний гал гараад байлаа. Иргэд ч эрвийх дэрвийхээрээ гал унтраах ажилд оролцов. Шинэхэн Ерөнхийлөгчийн эхний уулзалтууд дээр гаргаж тавьсан санаанууд нь төмөр зам, оёмол бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд татваргүй гаргах, говьд мод тарих болон дагуул хотуудын тухай сэдэв байсан. Дагуул хотод мэдээжээр Майдар сити багтана.
Түүний очсон анхны гадаад арга хэмжээ нь ОХУ-ын Владивосток хотноо мөн оны есдүгээр сард болсон “Дорнын эдийн засгийн чуулган”. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж, нүүр тулсан яриа хийсэн юм.
Тэрээр 2004 -2008, 2008 -2012, 2012- 2016 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон, мөн 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2012 - 2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан чамгүй улстөрч. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэр хоёр 2004 онд УИХ-ын гишүүн болж, улс төрийн зүг бөхчүүд хошуурах жимийг манлайлан татсан билээ. Хоёр намаас хоёр бөх парламентад орж ирсэн нь тухайн цагтаа цоо шинэ үзэгдэл байлаа. “Юм дуугарах болов уу” хэмээн сонжиж байсан олны нүдэн дээр тэд том улстөрчид болон гарч ирэв.
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо оффшор бүсэд байгаа монгол эзэнтэй хууль бус хөрөнгийг эх орондоо татаж авах 49 хоногийн хугацааг хуулийнханд өгөв. Шат дараалсан олон ажил энэ хугацаанд өрнөж өнгөрсөн хаврын байдлаар 87.2 сая ам.доллар оруулж ирсэн тухай мэдээлээд байна. Төрийн тэргүүн болсныхоо дараахан тэрээр насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял хэрэглэх талаар санал гаргасан боловч төдийлөн дэмжлэг авч чадсангүй.
Х.Баттулга 2019 оны зун АНУ-д айлчлан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх тунхаглал гаргав. Хоёр орны харилцаа илүү өндөр түвшинд гарлаа. Түүгээр ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, Монгол Улс, АНУ-ын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд, 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл, Монгол Улс, АНУ-ын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолсон билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ руу Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг татваргүй гаргах асуудлыг эрчимтэй хөөцөлдөж, Конгрессоор хэлэлцүүлж, дэмжлэг авахад тун ойртоод байгаа юм. Тэрээр хөрш хоёр оронтой түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Түүний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2019 оны есдүгээр сард Халх голын байлдааны 80 жилийн ойгоор Монгол Улсад айлчилж, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Х.Баттулга, В.Путин нар гарын үсэг зурсан юм.
Мөн 2019 оны зун Х.Баттулга Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийж “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцон БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Харин 2018 онд Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын хуралдаанд оролцохын өмнө тус байгууллага дахь ажиглагчийн статусаа ахиулж болох талаар үг дуугарсан нь төдийгөөс өдийг хүртэл Монголыг ШХАБ-д элсүүлэхийн төлөө явж ирсэн хоёр хөршид горьдлого төрүүлсэн явдал болов. Гэвч эцсийн үгийг УИХ дуугарах учиртай, манай тал ШХАБ-д ажиглагчаар ажиллах нь хангалттай гэдэг байр сууриасаа ухраагүй хэвээр байгаа. Өмнөд хөршид коронавирусний халдвар ид дэгдсэн үед буюу 2020 оны хоёрдугаар сард Х.Баттулга Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж, “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдгээр 30 мянган хонь бэлэглэж зовох цагт нөхрийн чанарыг таниулав. Түүнээс өөр ямар ч улсын Төрийн тэргүүн халдварын бүс рүү тэгж зориглон ороогүй. Ирснийхээ дараа тэрээр дагалдан явсан эрхмүүдийн хамт тусгаарлалтад орж, эрүүл мэндийн дэглэм сахисан билээ.
Түүнд хаяглагдах нэг ажил бол төмөр замын бүтээн байгуулалт. Сайд байх үеэсээ сайн муугаараа дуудуулсан энэ ажил эрчтэй үргэлжилж байна. Уг ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулж, хугацаат цэргийн алба хаагчдыг цалинжуулж, жилийн дотор 600 км төмөр замыг тавьжээ.
Шүүхийн багц хуулийн төсөл дээр ажиллаж шинэчлэлтүүд хийсэн ч “ҮАБЗ-ийн гурван эрхмийн саналаар шүүгчдийг тавьдаг боллоо” гэсэн шүүмжлэлд өртөөд буй. Тэрээр өмнө нь Баянхонгор аймагт хийж байсан "Шинэ сум" төслөө үргэлжлүүлж, тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэж, Салхитын ордоос орох ашгаас төлүүлэв. Түүнийг төр тэргүүлж байхад болсон нэг онцлог үйл явдал нь дэлхийг нийтээр нь сөхрүүлсэн цар тахлаас улбаалан цагаан сараа өнжиж, үндэсний их баяр наадмаа цахимаар хийсэн явдал.
Коронавирусний халдвараас улбаалан Алдарт эхийн одонг аймгуудад биечлэн хүргэж, дүүргийн эхчүүдийг Төрийн ордонд урин гардуулсанд нь ээжүүд талархалтай хандсан ч “Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил боллоо. Одонгоор дашрамдуулан аймгуудыг тойрч, иргэдтэй уулзаад авлаа” хэмээн тандагчид гарч ирэв.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганд цахимаар оролцов. Тэрээр цахимаар хэлсэн үгэндээ Дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед олон талт хамтын ажиллагааны үүрэг улам өсөж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилт тулгарч байгааг онцолсон юм.
Түүнийг идэвх сул, чимээгүй, тааруу ажиллаж байна гэсэн шүүмжлэл үе үе гардагт коронавирусний дэлхий дахины болоод дотоод дахь байдал нөлөөлсөн тал бас бий. “Монгол ялна” уриатай, одоогийн байдлаар отгон Ерөнхийлөгч Х.Баттулга ямар боловч 2021 оны сонгуулийн бэлтгэл ажлаа зугуухан хийж байгаа. Хойтон жилийн наадам хол санагдаж байж мэднэ. Гэхдээ ирэх зуны наадмыг Төрийн тэргүүний хувьд нээх эсэх, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх үгүйг харахад бидэнд ердөө наймхан сар үлдлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Ахмадаа ялгаж гадуурхасан анхны eрөнхийлөгч Одоо зээлгүй хөгшиддөө адил 6 саяыг олгоо
Hamgiin sain zuvluhuud avaarai, dahin yalaarai, mungunii neg togootoi, mungunii tuluu yaahaas ch butsdaggui zavaan humuust oron zai buu oroorei, buduun toimiin, hasna zail gedeg buduuleg zantai tsergiin angiin zahiragchiin arga bariltai humuus buu garaasai.
Mash hund tsag ued huch turen garch irsen hamgiin tesvertei, uujuu, mongol uhaantai judagtai erunhiilugch.\nSport huniig tuushtei, shiidmeg, zorig tevcheertei, zorilgodoo hureh temuuleltei enerengui, oortoo hyanalt tavuh chadamjtai bolgodog, zohion baiguulalttai gemt hergiin orchin bureldej tsetseglesen iim hund ued tuushtai Zuv zig barimjaatai yavaa, jinhene MONGOL. Ene hun uildver huvichilj avchee, chiglelee ogt oorchluugui, odoo hurtel undsen chigleleeree sain ajillaj bga, ajilsag MUNDAG. Zuraach hund ur uhaan ali ali ni baidag bolohoor uhaantai medremjtei, Shuluuhan ER HUN.\n
ene hun odoo ajilaa hiij baigaa yum baihdaa 4 jild baahan odon nertee tumur taraalaa odoo garna gej bodsiin baihdaa mongol yalsangui jenko gedeg shunliin tip yalsan
Ёрөнхийлөгч болох үедээ амлаж байсан амлалт болох оффшорчдын мөнгийг оруулж ирсэн үү, хууль бусаар олсон цагаан захтнуудын хөрөнгийг улсын орлого болгосон уу гэдэг амлалтын биелэлтийг ард иргэд маш их харж байгаа бусад амлалтууд бол биелээгүй, биелэсэн нь нэг их анхаарал татахгүй дээ.ИЙмд үлдсэн хугацаандаа энэ 2 амлалтынхаа төлөө шаргуу ажиллах хэрэгтэй .
zugeer l hulgaich
Түүний орооцолдсон гэмт хэрэг бараг л цол гуншин болж дээ. Сүүл ийн үеийн шинэхэн хэргүүдээс нь дурьдвал монголын төмөр замын тендрийн 400 тэрбум, Гашуунсухайтын магистралын далангийн 260 сая доллар, Сайншандын аж үйлдвэрийн паркийн 250 тэрбум, шинэ нисэх онгоцны буудлын 600 сая долларын багагүй хэсэг түүний гараар орсон. Эдгээр ажил, мега төслүүд бүгд зогсолтонд орж, гацсан буюу дампуурсан. Бүгд түүний гараар орж хүүхэд нохойн тоглоом болсон. Тэрбээр энэ бүх ажлыг дан ганц өөрийн зоригоор хийгээгүй. Путины даалгавраар Монголоос Хятад руу гарах төмөр замын коридоруудад мжилттай хаалт тавьсан.
Битгий мэдэмхийр өмхий вирус хужаа минь зочин нэрний ард гэтсэн өмхий хужаа бөөс вэ?
Шоронгийн наарнаас ерөнхийлөгчийн сэнтийд суусан анхны монгол-төвд хүн. Түүний орооцолдсон гэмт хэргийн мөнгөн дүн одоо ойролцоогоор 1.6 трилион болж байна. Монгол улсын жилийн төсвийн орлогын 1/7. Арай л өндөр дүн мөн үү? Ийм заяагүй гуйлгачин, хурлийз, эрүүгийн элементийг бид төрийнхөө тэргүүнээр залж өөрсдийгөө гутаасан. Тэр ганзагын наймаанаас эхэлж, ардчиллын байранд порно үзүүлж, монгол хүүхнүүдийг Малайз Сингапурт биеийг нь үнэлүүлэн, хужаа спиртээр монголчуудыг хорлож, төмөр замын тендрүүдийг давуу эрхээ ашиглан өөрийн компаниар гүйцэтгүүлэн төслийг нь унагаж улсыг үлэмж ихээр хохироов
МАНАНГ ХАЗААРАЛСАН
Халамжийг хавтгайруулж, хөгшчүүдээ ялгаварласан ЕРӨНХИЙЛӨГЧ .....
Халамжийг хавтгайруулж, улсаа мөхөөж, хөгшчүүдээ ялгаварласан ЕРӨНХИЙЛӨГЧ.....