Ардчилсан Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар МАХН-аас тухайн үеийн Төрийн тэргүүн Н.Энхбаяр, Ардчилсан намаас Ц.Элбэгдорж нар өрсөлдөн гол төлөв Улаанбаатар хот, Эрдэнэт, Дарханы сонгогчдын саналын илүүгээр Ц.Элбэгдорж ялалт байгуулав. Тухайн үед түүнийг “Ардчилсан Ерөнхийлөгч” хэмээн нэрлэсэн билээ. Учир нь тэрээр ардчилсан хүчнээс ялалт байгуулсан анхны Ерөнхийлөгч болсон юм. Тангараг өргөх ёслол 2009 оны зургаадугаар сарын 18-нд анх удаа нийтийн өмнө болсноороо онцлог. Төрийн ордны Их танхимд тангараг өргөдөг байсан өмнөх уламжлалаас татгалзаж, дотор ёс гүйцээмэгц Сүхбаатарын талбайд гаран үг хэлж, шинэ Ерөнхий командлагчаа хүндэтгэн зэвсэгт хүчний жагсаал болж, намуухан шиврээ бороотой өдөр олон хүн цугларан тангараг өргөх ёслолыг сонирхсон юм.
Хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсон 2013 онд ч Ц.Элбэгдорж мөн л олны өмнө, Сүхийн талбайд ёслол хийж байв. Улиран сонгогдохдоо тэрээр МАН-ын нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн аварга Д.Бат-Эрдэнэ, МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал нартай өрсөлдсөн билээ.
Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр анхлан сонгогдмогцоо Тамгын газарт ардчиллын салхи сэвэлзүүлсэн. Өмнөх Ерөнхийлөгч нарын сууж байсан албан өрөөг Иргэний танхим болгож, хуулийн төсөл, бусад асуудлаар хэлэлцүүлэг хийх үед жирийн иргэд Төрийн ордонд ирж үгээ хэлдэг боллоо. Иргэний танхимд хийсэн анхны хэлэлцүүлгийн сэдэв нь Хэвлэлийн эрх чөлөө. Сэтгүүлч хүн учраас тэрээр энэ эрх чөлөөг эрхэмлэж, сайдаж муудсан ч ганц ч сэтгүүлчтэй шүүхээр заргалдаагүй. Гагц Төрийн ордонд бус, яваандаа аймаг, сум, баг, нийслэлийн дүүрэг, хороод Иргэний танхимтай болсон нь өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсаар буй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр 2010 оны нэгдүгээр сард “Цаазаар авах ялаас татгалзах” талаар уриалга дэвшүүлж дотооддоо “гал маналзуулав”. Уг уриалга харин олон улсын хэмжээнд дэмжлэг авсан. Хэдийгээр үүнийг буруутгах хүн мундахгүй олон байдаг ч хэрэг хийгээд цаазаар авахуулахдаа гол нь биш, хууль, нийгмийн дэг журмыг хангалттай сахиулж, иргэн бүр ёс зүйтэй байвал амийг амиар солих шалтгаан гарах ёсгүйг бүгдээрээ мэдэж байгаа.
Ц.Элбэгдорж төр тэргүүлж байхдаа 2009 онд хоёр хүнийг Монгол Улсын баатар цолоор шагнасан нь сүүлийн жилүүдэд үзэгдээгүй тохиолдол байлаа. Нэг нь Халх голын байлдааны 70 жилийн ойгоор баатрын алтан од гардсан ахмад дайчин, сөнөөгч онгоцны нисгэгч, Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1947 оны баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцсон, Хөвсгөл аймгийн харьяат “Уулын бүргэд” хэмээх Д.Гунгаа. Тэрээр 90 нас хэвийсэн хойноо ийнхүү дайнд оролцсон гавьяагаа үнэлүүлсэн. Нөгөө нь ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Э.Бат-Үүлд олгосон баатар цол. Эхний баатрыг нийтээрээ дэмжин талархсан бол хоёр дахь баатрыг эргэлзсэн, гайхсан, дургүйцсэн, бүр эрс эсэргүүцсэн аяс дагалдсан нь өнөөдөр ч хэвээрээ.
Ардчилсан Ерөнхийлөгч төр тэргүүлж байх хугацаандаа С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзжээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараахан С.Баяр эрүүл мэндийн гэх шалтгаанаар албан үүргээсээ бууж Сү.Батболдод халаагаа өгсөн бол УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар”-ын Ерөнхий сайд болж, 2014 оны 11 дүгээр сард огцорч Ч.Сайханбилэг Засаг тэргүүлэв.
Оюутолгойн гэрээ байгуулсан, Дубайн гэрээгээр засах гэж оролдсон, Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас хувийн компаниар “хууль бус” –аар Монголд эргүүлж авчирсан гээд өнөөг хүртэл дуулиан тасраагүй үйл явдлууд тэр жилүүдэд болсон. Гэхдээ Эрдэнэтийн хувьд БНХАУ, Казахстаны тал ч тэрхүү 49 хувийг эзэмших сонирхолтой байсан бөгөөд гагцхүү төр ч бай, хувийн хэвшил ч бай, Монголдоо оруулж ирсэн тулдаа тогоон дотроо зөв буруугаа шүүлцэн хэрэлдэж суух эрхтэй болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хилийн цаана гарчихсан бол хэнтэйгээ ч маргах билээ. “Аваад ирэх сэхээ хэн нэгд нь байсангүй юү” гээд л хоцрох байсан биз.
Тэргүүн дипломатч
Аливаа улсын Төрийн тэргүүн нь тэргүүн дипломатч байдаг гэдэг. Энэ талаасаа Ц.Элбэгдорж бол тэр үүргээ нүүр бардам гүйцэтгэсэн Ерөнхийлөгч.
Түүний бүрэн эрхийн хугацаанд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал 2013 оны хавар Монголд болж 104 орны 1215 төлөөлөгч Улаанбаатарт хуран чуулав. Энэ өдрүүдэд нийслэл хотоо хамтаараа цэмцийтэл цэвэрлэж, Улаанбаатар хот шил толь шиг гялалзаж байлаа.
Түүхэнд анх удаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар гурван талт уулзалтыг Тажикстаны нийсэл Душанбе хотноо 2014 оны намар ШХАБ-ын хуралдааны үеэр хийсэн нь цаашаа уламжлал болсон. Түүний өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпин нар 14-хөн хоногийн зайтай Монголд айлчилсан нь мөн л анхны тохиолдол байв. Хоёр их хөрш өмнө нь хэзээ ч ингэж хөрш Монголдоо ойр ойрхон элгэмсэж байсангүй. Эдийн засгийн коридор, хийн хоолой, транзит тээвэр, татварын харилцан хөнгөлөлт бусад асуудлаар гурван тал нүүр нүүрээ харалцаж байгаад ярьдаг болсон нь энэ үеэс эхлэлтэй.
Мөнөөх алдарт АСЕМ-ийн уулзалт. Ази-Европын уулзалт хэмээх энэхүү механизмд 51 орон, хоёр олон улсын байгууллага гишүүнчлэлтэй. Дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт 2016 оны наадмын дараахан Улаанбаатарт болж 2000 гаруй төлөөлөгч оролцож, гадаад, дотоодын 700 гаруй сэтгүүлч сурвалжилсан билээ. Тус байгууллагын 20 жилийн ой ч энэ үед тохиосон юм. Арга хэмжээ олон улсын хэмжээнд сайнаар үнэлэгдсэн ч саар нь гэвэл бэлэг сэлт хэтэрч, мөнгө зувчигдсан хэрэг мандаж, АСЕМ вилла хэмээх эзэнтэй эзэнгүй хэдэн хаустай үлдсэн. Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх үед олон тооны харилцан айлчлал болж Монголын нэр хүнд гадаад ертөнцөд ихээхэн өссөн билээ.
Тэрээр 2011 оны есдүгээр сард Цөмийн хаягдлыг эсэргүүцэх талаар зарлиг гаргаж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг хориглох талаарх хууль, тогтоомжийн зүйл заалтыг тууштай мөрдөх, ҮАБЗ-ийн зохих шийдвэрээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа, хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр энэ байр сууриа дэлхийн олон орны төлөөлөгчдийн өмнө илэрхийлж, Монгол Улс нутаг дэвсгэр дээрээ цөмийн хаягдал булшлахгүй гэдгээ мэдэгдсэн.
П.Очирбат Ерөнхийлөгчийн 1992 онд эхлүүлсэн Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай санаачлагыг 1998 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед НҮБ-аар тогтоол болгон батлуулж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед 2012 онд цөмийн зэвсэгтэй таван орноор улс төрийн баталгаа гаргуулан дэмжүүлж төгөлдөржүүлсэн юм. Монгол Улс гадаад талдаа аюулгүй байдлаа ийнхүү баталгаажулж чадсан. Төвийг сахих бодлогын талаар нэг хэсэг ярьж, бага бус шүүмжлэл сонсож байв. Хэрэг дээрээ тухайн үед ноцтой хэмжээнд хүрээд байсан дүрвэгсдийн асуудлаас үүдэж ийм бодлогыг сөхөж тавихаас аргагүйд хүрсэн байдаг. Мөн Өмнөд Суданд энхийг сахиулж байсан цэрэг дайчдаа 2013 онд эргэж очсон юм. Тэдний дунд хүү Э.Эрдэнэ нь Эрхэмбаяр гэдэг овогтойгоор алба хааж байв. Ц.Элбэгдоржийн бага хүү ч өнөөдөр хилийн цэрэгт алба хааж байна. Түүн шиг хөвгүүдээ цэргийн албанд мордуулж, аюултай цэгт энхийг сахиулах үйлсэд илгээсэн том тушаалын дарга өнөөдөртөө хараахан алга.
Шилэн данс, оюутан цэрэг, шүүхийн шинэчлэл түүний санаачилга
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа шилэн дансыг санаачилж, УИХ-аар хэдэнтээ буцаалган байж батлуулсан. Өнөөдөр байгууллагуудын шилэн дансны мэдээллийн ачаар “Шилэн” Цогоог “авлига илрүүлэх ажилтай” болгосонтой хэн ч маргахгүй. Оюутан цэрэг хөтөлбөрийг анх санаачилж, оюутан залуус сурч байх хугацаандаа цэргийг албаа давхар хаах боломж бүрдэв. Энэ ажил өнөөдөр Засгийн газрын мэдэлд шилжээд байгаа.
Тэрээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцсэн, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажил зохиож байв. “Архигүй Монгол” уриа дэвшүүлж, төр, төсвийн мөнгөөр архитай хүлээн авалт хийхийг хориглож чадсан. Түүнийг төр тэргүүлж байхад Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, Өмнөговийн Даланзадгад хотын охинд Монгол Төрийн тэргүүн Монголжин нэр хайрласан билээ.
Орон нутгийн хөгжлийн санг дэмжиж аймгуудад хуваарилах мөнгийг нэмэгдүүлэхийг УИХ-д байнга сануулж, аймгийн төв, зарим сумд илт өнгө зассан юм. Монгол Улс 2012 онд авлигын индексээр 2009 оны үеэс 26 байраар урагшилж 120 дугаар байрнаас 94-т бичигдэх боллоо. Энэ бол дотоодын бус, олон улсын Transparency International байгуулагын судалгааны дүн.
Тэр жилүүдэд шүүх, хууль, батлан хамгаалах байгууллагуудад шинэтгэл хийгдсэн. Сайн, муу алинаар хэлэгдсэн ч шүүхийн үйл ажиллагаа нээлттэй болсон нь үнэн юм. Мөн Нийтийн сонсголын тухай зэрэг хуулиуд санаачлан батлуулсан нь өнөөдөр ч үр дүнгээ өгсөөр байна.
Тэрээр олон хуулийн төсөл санаачилсан ч УИХ-аар хэлэлцээгүй. Тухайлбал, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцүүлэхийг хичээсэн ч чадаагүй.
Чингис хааны мэндэлсэн огноог тогтоосон хийгээд бусад ажил
Ц.Элбэгдоржийн төр тэргүүлсэн жилүүдэд эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн Чингис хааны мэндэлсэн огноог өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн, Монгол бахархлын өдөр болгов. Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг нэртэй төртэй эрхмүүдэд зун гардуулдаг байсныг энэ үеэр болголоо. Жил бүрийн шинэ хичээлийн жилийн эхний өдөр Ерөнхийлөгч монгол ёс , зан заншлын сэдвээр хичээл заадаг уламжлал тогтоов. Дэлхийн шилдэг их сургуульд элсэн орсон оюутнуудаа дэмжих бодлого барьж, Харвардад суралцагчдын төлөөллийг хүлээн авч уулзахад тэдний дунд өнөөгийн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байсан юм. Үндэсний мод тарих өдрийг жилд хоёр удаа байхаар зарлиг гаргав. Т-Батаар тэргүүтэй эртний үлэг гүрвэлийн олдворуудаа Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо авч ирэв. “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулган хийж, төрийг цомхон, чадварлаг байлгах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол хэлний их тайлбар толийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор гаргаж, Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний зөвлөл байгуулсан юм. Уг зөвлөлөөс хожим Монгол хэлний журамласан толийг гаргаад байгаа билээ. Мөн Монголын түүхээ зөв болгох үүднээс Буянчуулган тэргүүтэй эрдэмтдийн хаагдаад байсан бүтээлүүдийг эмхэтгэн Монголын түүхийн зургаан боть, Монголын эртний түүхийн таван боть, “Шастирын чуулган”-ы шинэчилсэн орчуулга зэрэгт олон бүтээл хэвлүүлсэн юм.
Ашигт малтмалын лицензүүдийг цуцлуулав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Иргэний танхимд Ноён уулын тэмцэгчдийг цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг хийж байв.
Мөн ашигт малтмалын хайгуулын лиценз олголтыг 2010 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цагаас эхлэн зогсоох шийдвэр гаргав. 2009 оны байдлаар хайгуулын болон ашиглалтын нийт 5189 лиценз олгогдож, тусгай зөвшөөрөл Монгол Улсын газар нутгийн 44 хувийг хамраад байлаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглох тухай хуулийн төслийг гурван жил дамнуулан хөөцөлдөж байж 2012 онд батлуулсан билээ. 2012 оны 12 дугаар сарын байдлаар нутаг дэвсгэрийн 44 хувийг эзлээд байсан лиценз 13 хувь болтлоо буурчээ.
“Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэдэг үгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ишлэн хэлдэг байв. Тэр ч ёсоор түүний хийсэн ажлуудаас товчлон сануулахад ийм буюу.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 25 )
Ene muu hun mongolchuudad dahin gai bolohoor uls turd butsaj oroh ni ee. I
Элбэгдорж шиг сайн, санаачлагатай ажилласан ерөнхийлөгч үзээд өгий гэсэнч байхгүй. Түний хийсэн эхлүүлсэн ажлууд түүхэнд үлдэнэ. Мундаг Ерөнхийлөгч байлаа. Үйл хэрэг нь улам тодорхой болно оо.
bi lav sanalaa 2 udaa terend ygsun. Hun muulah tusam sain yvdag grdegdee
үнэн бол үнэн түүх мартахгүй Хүрэлсүхийн дэргэд хийсэн юмтай хэлэх үгтэйл хүн
ЭБИ ШИГ ГАДААД ТАЛДАА МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨСӨН ЕК ОДООХОНДОО ТӨРӨӨГҮЙ Л БАЙНА. АСЕМ-н Хурлыг ахиад МОНГОЛД ХИЙЧЭХ ГҮЗЭЭТЭЙ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ. Төрт ёсны ажил, царааг мэдэхгүй хүмүүс элдэв шалдав юм бичих хэрэггүй дээ. ТА НАРЫН ЭНЭ ИХ МЭДЛЭГҮЙН ГАЙ МОНГОЛ УЛСЫГ МИНЬ ӨӨР ЗҮГ РҮҮ ХӨТЛӨӨД БАЙНА. ЭБИ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЭЕ.
ӨӨРӨӨ БИЧСЭН ЮМ УУ , ЭСВЭЛ ХҮҮХДЭЭРЭЭ БИЧҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ УУ
Хөлсний бичээч тойрон хүрээлэгч хамт идсэн найз нөхөд нь бичээд бгаа юм уу
Яасан их реклам хошгируулаад гардаг болов оо
mundag hun shuu hamgiin mundag erunhiilugch bsn hun
ardchilsan mongol uls bid ardchillaa dandaa demjich estoi!!! Ardchilal uurd mandan badrag
Ацных нь ардчилсан ёрөнхийлөгч.
Энэ ч худлаа рeклам бна
za paldiisan khuuree zailaa....
7 sariin 1 ni jagsaaliig ehluuleed baiuu. ugui biluu.
za zailaa ene zolbing yakh gej Mongol ruu ourrulsan yum be...Saikhanbalaitagaa khariin orond zoliborch yvna biz. paldiital zuragtaar garakhaar uur khureed suvgaa uter turgen soliidog ....muukhai khun... jujigchin...
Тэргуун зэргийн хулгайч
Шүүх, прокуроруудын ажиллагааг захиалгаар явуулдаг болгож шудрага бусын хонгилыг санаачлан амьдралд хэрэгжүүлсэн этгээд бол Сахъяагийн Элбэгдорж мөн.
za shaa shaa
hezww zangiagaa zasaad gutlaa toslood shoron luugaa yvah ye
Ugluunii sonin henii sonin gedgee haruulchihlaa. kkk
Mongoliig dampuuruulsan gevel unen bolno.
ķkkk uuriiguu magtsan hun uudgui
одоо та нарт хууртах хүн үлдсэн үү
Харин ч энэ үнэн.
Бөгс долоогч зиндаа сайт зайл