Ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт өгсөн л бол цалингаас СУУТГАХГҮЙ

2020 оны 11 сарын 25

Монголбанк болон Монголын банкны холбооноос хэвлэлийн хурал хийж байна. /2020.11.25/

КОВИД-19 цар тахлын үед Монголбанкнаас гаргаж буй шийдвэрүүд эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээллийн эхэнд хэллээ.

Энэ сарын 23-нд Мөнгөний бодлогын хороо 4 шийдвэр гаргасан. Тухайлбал, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэсэн нь Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөж, бодит секторт мөнгө гаргахад бэлэн байна гэдгээ харуулж байгаа хэрэг.

Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоосноор  400 тэрбум төгрөг Заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр очих санхүүжилтийн эх үүсвэр болно гэдгийг мөн дахин тодотголоо.

Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор банк ч өөрөө хүнд нөхцөлд байна. Банк бол бизнесийн байгууллага. Өнгөрсөн хугацаанд банкны салбар технологийн хөгжилдөө багагүй мөнгө зарцуулж байсны хүчинд өнөөдөр ийм нөхцөл байдал үүссэн үел нийт үйлчлүүлэгчдийн 90 хувь нь цахимаар үйлчилгээ авч байна. Гэхдээ зарим хүндрэлүүд гарч байгаа. Халамж авч байгаа иргэдийн 10 хувь нь салбар дээр очиж үйлчлүүлдэг байсан байна. Тэдгээр хүмүүст хүрч үйлчлэх үүднээс банкууд зарим салбаруудаа ажиллуулж эхэлсэн.  

Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар банкууд нэгдсэн байр суурьтай байгаа. Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулах хүсэлт өгсөн л бол цалингаас суутгал авахгүй байхаар шийдвэрлэсэн. Хэдийгээр гэрээнд өөрчлөлт оруулах гэхчлэн бусад үйл явцууд хийгдээгүй байсан ч хүсэлт гаргасан л бол цалингаас суутгал авахгүй гэв.

Хэрэглээний зээл, бизнесийн зээлийн тухайд зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг банкууд хүлээн авч байгаа. Гэхдээ Монгол Улсын хууль эрх зүйн орчны бэлэн бус байдал энэ үед харагдаж байна. Хуулиар банк болон харилцагчийн хоорон дахь цахим гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ асуудлаар хэлэхдээ “Зээлдэгч заавал банкан дээр  очихгүйгээр цахимаар болон бусад холбогдох хэрэгслүүдийг ашиглан тохиролцсоны үндсэн дээр  гэрээнд өөрчлөлт оруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах саналыг  өргөн барьсан” гэв.

 

 

Top